“Тиссен групп”-ийн төлөөлөгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

“Тиссен групп”-ийн төлөөлөгчидтэй уулзлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан өнөөдөр ХБНГУ-ын “Тиссен груп Мин энэржи” компанийн Монголыг хариуцсан төслийн менежер А. Витнер болон тус компанийн Менежментийн салбарын захирал ноён К.Кнөш нартай уулзлаа.             “Тиссен групп” нь манай улсаас ашигт малтмалын түүхий эд, тэр дундаа зэс, коксжсон нүүрс болон байгалийн ховор эрдэс худалдан авах сонирхолтой ба энэ асуудлаар Төр болон бизнесийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, хөрөнгө оруулалт, худалдааны нөхцөл байдлыг судлахаар Монгол Улс руу төлөөлөгчдөө ирүүлсэн байна.

    Уулзалтын үеэр зөвлөх П.Цагаан Монголын иргэд болон бизнесийн байгууллагууд ХБНГУ-д найрсаг хандлагатай, мөн тэдний бараа бүтээгдэхүүний чанар Монголчуудын дунд танигдсан тул ХБНГУ өөрт байх энэхүү давуу талаа ашиглан цаг алдалгүй хөрөнгө оруулалт хийхийг зөвлөлөө.
     
    Үүний хариуд ноён Кнөш “Монгол Улсын хөрөнгө оруулалт болон гадаад худалдааны хууль зүйн орчин бидний хувьд шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал биш юм. Гол нь бараа бүтээгдэхүүнээ худалдан авсны дараа тэдгээрийг тээвэрлэх асуудал өртөг ихтэйсанагдаж байна” хэмээн тайлбарлав.
     
    “Тээвэрлэлт, ложистикийн асуудал бол шийдвэрлэж болохуйц, прагматик асуудал. Та бүхэн Ази тивдээ Герман хэлээр ярьдаг хүний тоо харьцангуй өндөр, маш ардчилсан, чөлөөт нийгмийн тогтолцоотой, бусад оронтой дипломат, сайн харилцаатай, эрчим хүчний салбарыг сүүлийн үед ихэд чухалчлан хөгжүүлж буй манай оронд хөрөнгө оруулалт хийхийн ойрын бөгөөд алсын ашиг тусыг сайтар тооцох нь зүйтэй” гэдгийг П.Цагаан онцлон тэмдэглэлээ хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж