
Ю.Цэдэнбал судлалын Академийн Ерөнхийлөгчөөр түүний хүү Ц.Зориг ажиллаж байгаа бөгөөд тус байгууллага нь энэ түүхэн хувь хүний намтар судлалын асуудалд бодитойгоор хандах, түүний түүхэн үүргийг бодитоор үнэлэх, улс орны 44 жилийн түүхэн хөгжилд ямар үүрэгтэйгээр оролцож байсныг нь үнэн зөвөөр ард түмэндээ, дэлхий нийтэд хүргэх зорилготойгоор ажиллаж байна. Академийн гол зорилгуудын нэг нь Ю.Цэдэнбалын нийслэл хотноо амьдран сууж байсан байранд нь түүний “Гэр Музей”-г байгуулан, түүний намтар судлалыг Монголын ард түмэнд олон талаас нь дэлгэн толилуулах явдал юм. Монгол орныг олон жил удирдсан энэ түүхэн хүнийг нэгэн цагт намаас хөөж бас эргүүлэн гишүүнчлэлийг нь сэргээсэн түүхтэй.