Лифтээр явдаг залуусын цугларалт

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Лифтээр явдаг залуусын цугларалт

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    МАХН-ын дэргэдэх МАСЗХ-ын хурал өчигдөр болж, шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Энэ байгууллагын нэр сүүлийн 10 жилд хараал мэтээр сонсогдох болж үүнийг нь өөрсдөө ч мэдэрсэн. С.Баяр намынхаа дарга болоод удаагүй байхдаа нэг бол МАСЗХолбоог татан буулгах, нэг бол нэрийг нь өөрчлөх санал гаргаж байсан ч тэгсэнгүй, өдийг хүргэж байна. Сайнаасаа муу зүйлийг их хийсэн, нэг үхрийн эвэр доргиохоор олныг хамруулдаг логик аль аль нь үйлчилсэн.  Өнгөрсөн хугацаанд нэг байтугай үхрийн эвэр нь доргисон. Бусад гэмгүй үхрүүд дагаж доргидог бол эвэр нь салаад уначих цаг аль хэдийнээ болсон. Гэвч юу ч болоогүй юм шиг их л бахдалтайгаар их хурлаа хийгээд шинэ ерөнхийлөгчөө ёслол төгөлдөр тодруулаад явах юм.

    Гадаадад хар ажил хийж байсан 26 настай нэг залууг монголын томоохон нэгэн эрх мэдэлтэн эх оронд нь дуудан авчирч улмаар МУИС-д шууд элсүүлэн төгсгөсөн. Дипломоо авангуут нь нийслэлийн нэгэн дүүргийн засаг даргаар тавьсан. Өнөөдөр тэрбээр Улаанбаатар хотын засаг даргын орлогч хийж явна.

    Сүүлийн жилүүдэд улстөржилтөд хэт автсан Монголын оюутны холбоо гэгчид дарга хийж ууган намын даалгавар захиалгаар оюутнуудыг хөлсөлж жагсаал цуглаан хийж явсан нэг нөхөр сургуулиа төгсөнгүүтээ мөн л удирдах албан тушаал шууд дэвшжээ. Тэр нь манай томоохон сургуулиудын нэг ТИС-ийн проректорын албан тушаал.

    Өөрийгөө боловсруулж чадаагүй, дээрээс нь хийж бүтээсэн зүйлгүй, нийгэмд өөрийгөө таниулж ч эхлээгүй, хөлс хөдөлмөрийн мөн чанар амтыг нь үзэлгүй суга дэвшиж амьдарлаа дээшлүүлж болдогийн хоёрхон жишээ. Өмнөх жишээнүүдийг бид хангалттай сонссон. 30 хүрээгүй байхдаа яамны төрийн нарийн бичгийн дарга болж улсын 90 сая төгрөгийг зашвсан Д.Сүрэнхор, оюутны ширээнээсээ Хадгаламж банкны ерөнхий нябогоор суга дэвшин 14 тэрбумаар казинодсон Ц.Чимэдцэрэн, намынхаа нэг нөхрийг гэгээн цагаан өдрөөр хутгалан алсан Ц.Түмэнгэрэл нар МАСЗХ  гэгч мөсөн уулын усны дээд хэсэгт илэрсэн хэсэг. Нийгэмд хор хөнөөл учруулаад байгаагийн гол шалтгаан холбоондоо ч биш дээр дурьдсанчлан нь төлөвшиж чадаагүй хүүхдүүдэд эрх мэдэл өгөөд байгаатай шууд холбоотой. Ирээдүйн залуу халааг бэлтгэх нэрийн доор замыг нь засч өгөөд явдаг. Үүнд амташсан пацаанууд гэрэлт ирээдүй рүүгээ олноороо зүтгээд хуралдаад байгаа нь энэ. Ганц МАХН-нд ч биш, Ардчилсан намд иймэрхүү залуус, ийм сонирхол бий. Гэхдээ төр барьсан цаг хугацаа, гишүүдийнх нь ааш авир, лидерүүдийнх нь хашир туршлагаас болж Ардчилсан намын амбийцаас өөр юмгүй залуус одоохондоо нийгэмд их хэмжээний гай тарьчихаагүй явна.
    Иймэрхүү залуус шатаар биш лифтээр өндөрлөгт хүрээд байгаагийн гол арга нь бялдуучлал. Үе тэнгийнхнээсээ ухаан чадвар, тамир тэнхээ дутуу гэдгээ мэдэрсэн хүүхдүүд хар багаасаа долигнуур бялдууч чанарт суралцдаг. Өөрөөсөө хүчтэй авхаалжтай нэгэнд чихэр бохь өгсөнөөр зодуулчилгүй нөмөр нөлөөнд нь орно, онц сайн сурдаг нэгнээс нь арга сүвэгчилж байж хуулна. Ийм янзаар насанд хүрсэн нөхдүүд томоохон намыг дагаснаар хялбархан амьдрах замыг сонгодог. Намд элсэх бол хангалтгүй. Өөрөө мөнгө олж чадахгүй бол баян хүнийг дага гэдэг зарчмын дагуу тухайн намын томоохон лидерийн хар бор ажлыг нь хийнэ, далалсан газар нь ил гарч, далайсан үед нь далд орно. Зөвхөн өөрийнхөө төлөө хар амиа бодсон энэ чармайлт нь удаан хүлээлгүйгээр шагнагдана. Улс төрийн лидерүүд авьяас чадвар, мэдлэг боловсрол туршлагад нь биш харин үнэнч байх гэдэг ганцхан шалгуураар ямарваа нэгэн албан тушаалд бусдыг томилдог. Үнэнч гэдэг нь бялдуучлалын хэмжээгээр л тодорхойлогдчихдог хялбар зүйл. Яг ийм замаар өндөрлөгт гарсан залуус өнөөдөр хоёр намын хойч үеийг тодорхойлж явна. Ямарваа нэг салбарт насаараа зүтгэж хөдөлмөрлсөн хүнээс айж ичилгүйгээр мэдэмхийрнэ. Өмнөх үеийнхэн ухаан дутуу, сэтгэцийн эмгэгтэй байсан, өөрөө л гарч ирсэнээр хувьсгал хийх гэж байгаа юм шиг аашилна.

      Улаанбаатар хотын бөглөрөл ихтэй 2 урсгалтай замаар машинууд эгнээд аажим аажмаар урагшилж байна гэж төсөөльеө. Замын хөдөлгөөнд саад гарсан, ачаалал хэтэрсэн болоод л эгнээгээ бариад ар араасаа дугаарлаж байгаа нь тэр. Гэтэл хуучны солонгос машинаа спорт маягийн болгсон, уралдааны машин уначихлаа гэж түүндээ итгэчихсэн нэг сагсуу залуу сөрөг урсгалд орж хурдтайгаар оочер дайрна. Ингэж дүрэм зөрчиж буй нөхөр нөгөө талаас ирж буй машинтай нэг бол мөргөлдөнө. Нэг бол хүн мөргөж зогсоно. Эсвэл уулзварын эхэнд зогсож байгаа хэн нэг нь зай гаргаж өгсөнөөр ургсгалдаа эргэж орно.Тэд хэнийг ч хүндлэхгүй. Цаг хугацаагаа зориулаад ном журмаа дагаад явж байгаа, нөгөө талд эрхийнхээ дагуу хөдөлж байгаа, зам гарах гэж байгаа аль алиныг нь нулимаж байгаа хэрэг. Тэр хүн ямар ч аргаар хамаагүй өөрөө л урагшилж байвал осол аваар, дэг журам, бөглөрөл гэх мэт асуудал огт хамаагүй. Ийм залуусыг л лифтээр явдаг нөхдүүд гэж нэрлээд байгаа юм даа.      

    Сүхээ овогтой Наранбаатар        

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж