“Мөнхийн үсэг ” мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

“Мөнхийн үсэг ” мэдэгдэл гаргав

“Мөнхийн үсэг групп” ХХК-иас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

2010 оны есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд ТМ телевизийн “Таны мэдээ” мэдээллийн хөтөлбөрөөр “Мөнхийн үсэг” компанийг архины акцийг номын шар цаасан дээр хэвлэж байна гэсэн утгатай мэдээлэл  цацсаныг эрс эсэргүүцэж байна. Энэ нь мэдээ, мэдээлэл гэхээсээ илүү цувралаар манай компанийн нэр төрд халдсан, илтэд гүтгэсэн байх тул ТМ телевизийг албан ёсоор залруулж, уучлал гуйхыг шаардаж байна.

Үүнээс өмнө нь архи, тамхины акц хэвлэх болсноос хойшхи 10–аад  жилийн хугацаанд Монгол улсад Онцгой албан татварын тэмдэгт буюу акцийг ганцхан компани монополь байдлаар хэвлэж байсан нь “Үндэсний үнэт цаас” хэмээх төрийн мэдэлд байгаад хувьчлагдсан компани юм.

Харин “Мөнхийн үсэг групп” ХХК нь хэвлэлийн зах  зээлд тэргүүлэгч байр суурь эзэлдэг нийгмийн хариуцлагатай шилдэг компанийн хувьд 2010 оны архи, тамхины онцгой албан татварын тэмдэгт буюу акц хэвлэх тендерт амжилттай оролцож, архины акц хэвлэх гэрээ байгуулан, гэрээний үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ажиллаж байгаа болно.

Мөн өнөөдрийг хүртэл зах зээлд шинэ болон хуучин архи, тамхины акциуд хамт байсаар байгааг холбогдох хууль, хяналтын байгууллагууд анхааралдаа авахыг хүсч байна.

Энэхүү акц хэвлэх ажлыг монополь эрхтэйгээр эдэлж байх гэсэн далд хүсэл, увайгүй шуналынхаа илэрхийлэл болгож 4 дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийг хувийн зорилго, эрх ашигтаа нийцүүлэн ашиглаж байгаа нэр бүхий компанийг  зохих хууль хяналтын байгууллагаар шалгуулан нэр төрөө сэргээлгэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

“Мөнхийн үсэг групп”-ийн хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж