Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дорнод, Сүхбаатар аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчин хурдан тархаж байгаатай холбогдуулан тус аймгуудын нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, иргэдийг гамшгаас хамгаалах  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2010 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн шилжүүлж, хорио цээр тогтоох тухай шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Аймгийн гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг шаардлагатай материал хэрэгслээр хангах, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх, өвчний ил шинж тэмдэгтэй малыг устгах, мал амьтны сэг зэмийг булшлах, ус  бэлчээр нэгтэй байсан мал сүргийг тусгаарлах арга хэмжээ шуурхай  авч хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт даалгав. Мөн түүнчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд орон нутгийн улсын чанартай авто замын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэгийг холбогдох заавар, журмын дагуу байгуулж, үйл ажиллагаанд нь байнгын хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Малчдад мал сүргийг байнгын хариулгатай байлгах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажиллахыг мөн даалгав. 

     Харин гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд 2010 оны есдүгээр сарын 20-ны дотор тодотгол хийж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах, уг өвчнөөр өвчлөмтгий малыг үзлэгт хамруулах, тандалт хийх, шаардагдах ариутгалын бодис, техник, тоног төхөөрөмжийн нөөц, хүн хүч, тээврийн хэрэгслийг бэлэн байлгах арга хэмжээг зохион байгуулахыг Дорнод, Сүхбаатар  аймагтай хөрш, зэргэлдээ Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгалаа. Өвчин гарах эрсдэл өндөр, малын шилжилт хөдөлгөөн ихтэй, зам дагуух газруудад харуул хамгаалалт, хяналтын цэгүүдийг холбогдох журмын дагуу байгуулах, анхааруулсан тэмдэг, дохио, санамж тавиулах, харуул хамгаалалт гарган ажиллуулахыг мөн үүрэг болгов. Дорнод, Сүхбаатар аймгаас мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг  бусад бүс нутагт оруулахыг зургаан сарын хугацаатайгаар хориглолоо.

    Зэрлэг амьтдыг шилжилт хөдөлгөөнд тандалт, судалгаа хийж, өвчилсөн зээрийг устгах, цаашид халдвар тархаахгүй байх талаар мэргэжлийн заавар, зөвлөмж өгч ажиллахыг БОАЖ-ын сайд Л.Гансүхэд даалгалаа. Хорио цээр тогтоосон бүс нутагт харуул хамгаалалт гаргах, өвчтэй мал, зээрийг устгах, үхсэн мал амьтны сэг, зэмийг зааврын дагуу булшлах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор зэвсэгт хүчин, хилийн цэргээс шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг гарган ажиллуулах талаар санал боловсруулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.9-д заасны дагуу Зэвсэгт хүчний ерөнхий командлагчдад тавьж шийдвэрлүүлэхийг БХ-ын сайд Л.Болд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт тус тус даалгав. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний гарал үүслийг тогтоох ажлын хэсгийг томилон ажиллуулж, дүнг аравдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах арга хэмжээ авахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгосон байна.

    Б.Мандах

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж