Хорио цээрийн дэглэмийг 22-нд цуцална

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Хорио цээрийн дэглэмийг 22-нд цуцална

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Нионшель” компанийн шувууны аж ахуйд гоц халдварт шувууны “Ньюкасл” өвчин гарсны улмаас тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг энэ сарын 22-нд цуцлахаар болжээ. Учир нь өвчлөл анх бүртгэгдсэн “Нионшель” компанийн шувуудийг устгаж, халдварын голомтот байрлах аж ахуйн нэгжүүдээс авсан шинжилгээний хариугаар халдвар дахин илрээгүй тул хорио цээрийн дэглэмийг цуцлах болсон аж. Харин шувууны халдварт “Ньюкасль”-аар өвчилсөн 4847 тахиагаа устгуулсан “Нионшель” ХХК-нд  тухайн шувууны зах зээлдэх дундаж үнийн 90 хувийг улсаас нөхөн олговор болгон өгөх аж. Ингэхдээ хорио цээрийн дэглэм цуцалснаас 30 хоногийн дотор нөхөн олговорыг олгодог байна.

    Эргэн сануулахад , өнгөрсөн сарын дундуур Хан-Уул дүүргийн “Туул” тосгонд байрлах “Нионшель” тахианы аж ахуйн 4847 тахианаас найман тахиа “Ньюкасль”-аар өвчилсөн болох нь шинжилгээгээр нотлогдсон.  Тиймээс Хан-Уул дүүргийн Онцгой комисс хуралдаж, өнгөрсөн 28-ны өдөр ажлын хэсгийг байгуулж ажилласан. Уг ажлын хүрээнд өвчин гарсан аж ахуйн нэгжид тухайн өдрийн 22:00 цагаас эхлэн хорио цээрийн дэглэм тогтоон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэлийг хийж эхэлсэн аж.

    Улаанбаатар хот нийт 270 гаруй мянган шувуутайгаас 240 мянга орчим нь Хан-Уул дүүрэгт байдаг бөгөөд “ Нионшель” ХХК -аас 300 метрийн зайд УКА тахианы аж ахуй, 2,5 км зайд “Түмэн шувуут”, “ Бөхөг” ХХК оршдог.  Голомтын ойролцоо 3-5 км-ийн бүсэд 13 ААН, байгууллагын 280 орчим мянган шувуу байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагууд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, тархалтыг хязгаарлажээ. Түүнчлэн ариутгал халдваргүйтгэл хийх явцдаа найман аж ахуйн нэгжийн тахианаас дээж авч шинжлүүлэхэд “Ука”, “Ти Эс Ти”, “Их жигүүр”  зэрэг гурван аж ахуйн нэгжид тахиа  өвчилсөн байж болох сэжигтэй хариу гарсан.  Гэхдээ энэ сарын 9-ны шинжилгээгээр эмнэл зүй, клиник үзлэг хийж, вирус илрээгүй гэсэн дүгнэлт гарчээ. Иймд дахин хэд хоног халдварын голомтод судалгаа шинжилгээ, ариутгал халдваргүйтгэл хийж, энэ сарын 22-нд хорио цээрийн дэглэмийг цуцлахаар болжээ.  

    П.Наран
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж