Фермерийн ашиг 100 дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Фермерийн ашиг 100 дахин өсчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Баянчандмань суманд ажилласан талаар бид мэдээлсэн. Ингээд энэ талаарх албан мэдээллийг үргэжлүүлэн хүргэж байна.

Сүүний үйлдвэр эрхлэгчдийг сонсов

Ерөнхийлөгч өчигдөр өдөр сүү, сүүн бүтээгдэхүүний аж ахуй эрхлэгчидтэй уулзсан. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу хуучнаар Партизаны сангийн аж ахуйн байранд ирэхэд” Монсүү”,  “Сүүн сувилал”,  “ Борнуур фуудс”,  “Дэлгэр Тэс”,  “Сүүн сондор”,  “Гум”,  “Сүү” гээд олон компани өөрийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг Ерөнхийлөгчид танилцуулав.

Дараа нь Ерөнхийлөгч сүүний фермерүүд, ногоочид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг сонсох  уулзалт хийлээ.
 Уулзалтад нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Цээл, Сүмбэр сумын сүү, сүүн бүтээгдэхүүний аж ахуй эрхлэгчид, иргэд оролцон, саналаа хэлэв. Төв аймаг сүү хөтөлбөр хэрэгжүүлж, сүүний үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг аж. Жилдээ 38-41 сая литр сүү үйлдвэрлэж, 19 сая литрийг нь Улаанбаатарын зах зээлд борлуулдаг юм байна.
 
Фермерүүд сүүний үнэ доогуур байгаа, арилжааны банкуудын зээлийн хүү өндөр, тэжээлийн ургамал тариалах газар байхгүй зэрэг бэрхшээлүүдийг тоочиж байлаа.
 
Иргэн Доржханд: Улаанбаатар хотын эргэн тойрон бол фермерийн аж ахуй хөгжүүлэх бүс нутаг. Гэтэл хонь, адуу гээд малын хөлд дарагдаж байна. Бэлчээр алга. Хадлан, тэжээл бэлтгэхэд маш хүндрэлтэй байна. Литр сүүний үнэ 350 төгрөг байдаг. Гэтэл ундаа 1000 төгрөг байна.
 
Иргэн Баттөмөр:
Фермерийн аж ахуй эрхлэхээр Жаргалант тосгонд нүүж ирсэн. Гэтэл нэг га газрыг 80000 төгрөгөөр өгнө гэх юм. Малын тэжээл тарихгүй хэрнээ хашаалчихсан газар зөндөө бий. Авъя гэхээр олон сая төгрөг нэхнэ. Тэгээд газар түрээсэлж ажиллаж байна. Ногоон тэжээл тарьсан ч хураах техник олддоггүй. Сүүний үйлдвэрт сүүгээ өгөхөөр 400 төгрөгөөс дээш үнэ хүрэхгүй байна.
 
Иргэн Минжинхүү: Сүүний өөрийн өртөг заримдаа 3000 төгрөг хүрдэг. Өнгөрсөн өвөл өндөр үнээр тэжээл авлаа. Орхон, Сэлэнгэ, Дарханы нутагт очиж хадлан авч байна. Газрыг суурин мал аж ахуй эрхэлдэггүй хүмүүст өгчихөөд байна. Зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Тариаланчдад өгдөг хөнгөлөлттэй зээлээ сүүний фермерийн аж ахуй эрхлэгчдэд олгооч гэж хүсмээр байна.
 
Иргэн Мөнхжаргал: Бид 2009 онд 5.7 тэрбум төгрөгөөр европын технологиор сүүний үйлдвэр байгуулсан. Ус, хуурай сүү хольсон сүү гар дээрээс зардгийг зохицуулж өгөөч. Үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд анхаарал тавина уу
 
Иргэн Дорж: Сүүний аж ахуй эрхлэхэд 3 дарамт бий. Тэжээлийн үнэ их, сүү хямд, зээлийн хүү өндөр байна. 30-40 сар хүлээж байж, тугал үнээ болж, ашгаа өгч эхэлдэг. Үүнийг тооцож байж зээлийн хүүгээ тогтоодог болмоор байна. Суурин болон бэлчээрийн мал аж ахуйгаа зааглах хэрэгтэй гэж санагддаг.
 
Иргэн Гиймаа: Сүү бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо хэрэгтэй байна. Зун 300 төгрөг, өвөл 900 төгрөг болдог сүүнд жил жилийн суурь үнэ тогтоож, үйлдвэрлэлийн жигд ажиллах боломж олгомоор санагдана. Сүүн бус бүрэлдэхүүнд суурилсан, өөрөөр хэлбэл сүү бага орсон бүтээгдэхүүн гадаадаас оруулж дотоодын цэвэр бүтээгдэхүүний үнийг унагаж байна.
 
Иргэн Хажидмаа:
Эрүүл малтай байж, эрүүл хүнстэй болно. Иймээс мал эмнэлгийг сайжруулмаар байна.
 
Энэ мэт  олон иргэн саналаа илэрхийлж, арга хэмжээ авч өгөхийг хүслээ.
“Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр улс орныхоо хэрэгцээг хангадаг болъё. Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, мах, дээр нь гурил гэсэн 4-5 төрөл шүү дээ. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч энэ талаар нэгдсэн байр суурьтай байгаа. Бас ч гэж үр дүн гарч байна. 160-аад тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн гадаадаас авч байна. Үүнээс 36 тэрбум төгрөгөөр зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүн авч байна. Бид зөв бодлого хэрэгжүүлээд, фермерүүдээ дэмжээд явбал гаднаас авахгүй байх бүрэн боломж бий.
 
 Хоршиж ажиллах чухал. Эрчимжсэн аж ахуй эрхлэх эрх зүйн нөхцлийг УИХ шийднэ гэж бодож байна. Хүмүүс ажлын санал гаргаж байна. Саналыг нь түвшин түвшиндээ шийдээд явбал энэ уулзалт үр дүнгээ өгнө. Гааль, татвар дээр хөнгөлөлт үзүүлж байгаа шүү дээ. Харин литр сүүнд урамшуулал өгдөг болъё гэж байна. Үүнийг Ерөнхийлөгч дэмжих болно. Үйлдвэрлэлээ дэмжээч гэж байна. Ер нь болж бүтэж буй бүх зүйлийг дэмжих ёстой. Та бүхний тавьсан санал, дэвшүүлсэн асуудал бүхнийг анхаарах болно гэж Ерөнхийлөгч ярилаа.
 
Иргэдийн тавьсан зарим тодорхой асуудлын хариуг УИХ-ын дэд дарга Н.Энхболд, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, НИТХ-ын дарга Билэгт, Нийслэлийн Засаг даргын 1-орлогч Баатарзориг болон нийслэл дүүргийн зарим удирдлага өглөө.

Мөн энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төв аймгийн Баянчандмань сумын Шарын ам гэдэг газар фермерийн аж ахуй эрхэлж байгаа “Мон Таримал” компанийн ажилтай танилцав. Захирал Р.Цогтбуян Ерөнхийлөгчид  шинээр барьж буй 200 үнээний болон 60 үнээний хуучин фермээ үзүүллээ. Тэрбээр зургаан жилийн өмнө жаран 60 үхэртэй байсан бол өнөөдөр 300 үхэртэй болж,  жилд 600000 тонн сүү сааж байна.

Тус компанийн захирал эрчимжсэн фермерийн аж ахуй эрхлэхэд бэлчээр, хадлан, тэжээлийн талбай нэг дор байх нь нэн чухал гэж ярилаа. Улирлын шинжтэй саадаг бэлчээрийн үнээний болон суурин фермийн үнээний сүүг өрсөлдүүлэх нь зохисгүй гэдэг саналаа хэллээ.
 
Ерөнхийлөгч  2004 онд энэ фермийн үйл ажиллагаатай танилцаж байсан тэр үетэйгээ харьцуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь  100 дахин их болсныг тэмдэглээд, ажил хийсэн хүн амжилт олдог юм хэмээн баяр хүргэж, сүүний 16 үнээний зогсоол, саалтуурын төхөөрөмж тус фермерийн аж ахуйд өгөх батламж гардуулав.

Санаачлага багаддаггүйг хуримтлалын бүлэг харуулав

Ерөнхийлөгчийн явсан газруудад олон сайхан мэдээ, олзуурхууштай үйл явдал угтаж байсны нэг нь Баянчандмань сумын хуримтлалын бүлгүүдийн үйл ажиллагаа юм.
Өнгөрсөн жилээс эхлэн тус суманд өрхүүд санаачилгаараа нэг бүлэг үүсгэж, хамтарч ажиллаж, амьдрах болжээ. Айл бүр өдөрт 100-300 төгрөг хуримтлуулж, сан бий болгон, энэ хуримтлалаараа амьдрах орчноо тохижуулж, аж ахуй эрхэлж, байшин хашаа хороогоо засдаг юм байна. “Нэг дор амьдарч байгаа айлууд хамтраад асуудлаа шийдээд, өөрсдөө санаачилга гаргаад түүнийгээ хэрэгжүүлээд ирэхээр амьдарч байгаа орчин тойрондоо тавтай тухтай болж, өнгө зүсээ өөд нь татаж, хүмүүс ажилтай, сэтгэл санаа өөдрөг, эвтэй сайхан амьдрах болсон” гэж сумын иргэдийн хурлын дарга Б.Уранцэцэг ярилаа.

Одоо Баянчандмань суманд 17 хуримтлалын бүлэг бий болжээ

“Өсөх” бүлгийн өрхүүд 500 мянган төгрөгийн хуримтлал бий болгон хүүхдийн тоглоомын талбай барьж, айлууд хашаа байшингаа засч янзалжээ. Нийлж хадлангаа авч, өөрсдөө шахмал түлш бэлтгэн, хүнд хүчир ажлаа хувааж хийдэг болсон байна. “Эв эе” бүлэг био жорлон туршиж, хэрэглэх болсон нь бусад аймаг суманд эрэлт хэрэгцээ ихтэй хэрэглээ болжээ. “Хөршийн нүнжиг” бүлэг хогондоо дарагдаж, элс хороонд хучигдаад байсан сумын төвийн гудамжаа цэвэрлэж, цэцэг тарьж 500 мод суулгасан байна. Бүх бүлгүүд гишүүн өрхүүддээ бага хүүтэй зээл олгож байна. Энэ мэт бүлэг бүр өөрсдийнхөө хийж бүтээж байгаа ажлаар өрсөлдөж, хүмүүс ажилтай орлоготой амьдрах болжээ. “Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв” төрийн бус байгууллага энэ санаачилгыг хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан ажээ.

 Хуримтлалын бүлгүүдийн ажилтай Ерөнхийлөгч танилцаад санаачилга ердөө багаддаггүй, энэ туршлагыг бүх аймаг, сумд дэлгэрүүлэх хэрэгтэй хэмээн ихэд олзуурхсан юм. “ Төр засгаас, дарга нараас юм гуйж суухын оронд өөрсдөө санаачилгаа гаргаад хамтраад хийгээд явбал, ард түмэн төрөөс ч илүү хүчтэй гэдгийг хуримтлалын бүлгийн үйл ажиллагаа харуулж байна” гэж Ерөнхийлөгч дүгнэлээ.

Улсын хэмжээнд нийт 13 сум суурин газарт хуримтлалын бүлгийн санаачилга хэрэгжиж байгаа юм байна. Энэ санаачилгыг орон даяар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно гэдгээ Ерөнхийлөгч хэлэв.
 Тэрбээр бүх хуримтлалын бүлэгт тус бүр нэг нэг хүлэмж олгох батламжийг гардууллаа.

Дараа нь Сүмбэр, Жаргалант, Баянчандмань, Батсүмбэр, Борнуур сумын хувиараа болон аж ахуйн зохион байгуулалтад орж, төмс, хүнсний ногоо тарьдаг иргэдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж, тэдний саналыг сонсов. Баянчандмань дахь Дэлхийн Зөнгийн дэмжлэгээр хэрэгждэг төслийн тариалангийн талбайн дэргэд энэ уулзалт болсон.
Ногоочдын санал үндсэндээ ажил хэргийн шинжтэй байлаа. Тухайлбал,  тариаланчдыг дэмжсэн шигээ ногоочдыг анхаарч, хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл олгож өгөхийг бараг хүн бүр хүссэн юм.

Ерөнхийлөгч ажил хэрэгч санал гаргаж байгаад иргэдэд талархаад зургаан жилийн өмнөх уулзалтаас хүмүүсийн ярьж байгаа зүйл, хийсэн бүтээсэн өөр болсныг дурдлаа. Тэдний хүч хөдөлмөрөө зориулдаг бүтээгдэхүүн хүнсний ногоог гадаадаас ихээр оруулдгийг гаалиар зохицуулах, жижиг оврын трактор угсарч сум бүр өрх дундын техникийн парктай болох, тодорхой бүтээгдэхүүн дээр үнийн монополийг хориглодог гадны туршлагыг судлан нэвтрүүлэх, хоршиж ажиллах, оюутан, цэргийн хүчийг ашиглах, төсвийн байгууллагууд зөвхөн өөрийн орны хөрсөнд ургасан төмс, ногоог хэрэглэдэг болгох зэрэг асуудлаар Ерөнхийлөгч саналаа хэллээ. Мөн УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Засгийн газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, Төв аймгийн удирдлага хамт явж, ногоочид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн саналыг сонсон, тэдний тавьсан асуудлыг шат шатандаа ярилцаж, шийдвэрлэхээр боллоо хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж