Бэлгийн замын халдвар газар авсаар

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Бэлгийн замын халдвар газар авсаар

“Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал эмс охидынх нь бэлэг эрхтний амсар дээр байдаг” гэж  МУГЖ Сосорбарам нэгэнтээ хэлсэн байдаг.  Танхайдуу гэмээр боловч юутай үнэн үг билээ. Ажилгүйдэл, ядуурал, хууран мэхлэлт, гэмт хэрэгтэй  зэрэгцээд завхайрал “газар авч”, Монголын ихэнх иргэд “салхин доогуур нь “ ч гарахын аргагүй болох нь.

Завхайрлын үр дүнд бэлгийн замын халдварт өвчин өдрөөс өдөрт нэмэгдэж, гэр бүлийн бат бэх байдал алдагдан сарнисаар. Арван хэдтэй охид жирэмсэлж, тавин хэдтэй хөгшид “өвчин” авсаар.

Манай аймагт ч иймэрхүү “хэрэг”  нэг номерын тулгамдсан  асуудал болоод байгаа гэвэл та итгэх үү? 

Ядуу ядуу гэчихээд яадгаа алдтал шоудах, завгүй завгүй гэчихээд завсар зайгүй баяр тэмдэглэх асуудал нийт Өвөрхангайчуудад түгээмэл болжээ. Үүний үр дүнд гэмт хэрэг эсвэл завхайрал.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2009 оны байдлаар нийт халдварт өвчний 1013 тохиолдол  илэрснээс 61 хувь нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин байна. Үүнийг бүтцээр нь авч үзвэл заг хүйтэн 40 хувь, трихомониаз 30 хувь, тэмбүү 25 хувь, мөөгөнцөр 5 хувь.  Эдгээр өвчнөөр бүртгэгдсэн тохиолдол бүх сумдад байгаа юм.

Тэмбүүгийн өвчлөлөөр улсын дундаж 18.5 хувьтай байхад манай аймаг 13.7 хувьтай. Төрөлхийн тэмбүү буюу тэмбүүтэй эхээс гарсан тэмбүүтэй хүүхэд улсын хэмжээнд 18 байгаагийн 7 нь Өвөрхангай аймагт байгаа болохыг Эрүүл мэндийн яамны дэд сайд Ж.Цолмон илтгэлдээ дурьдаж байсан.

Хүний дархлал хомсдолын вирусын халдвараар өвчилсөн 65 тохиолдол Монголд бий. Үүний нэг нь манай аймгаас бүртгэгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар     нэг хүний цаана 300-500 хүн байдаг хэмээн тооцдог гэнэ. Энэ тоо бодит бол манай аймагт ХДХВ-ын халдвар тээгч  500-аад хүн байх магадлалтай л юм.

Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн 70 хувь нь 15-45 насныхан ба нийгмийн хувьд бүх л давхаргыг хамарсан байна. Өөрөөр хэлвэл өвчлөгсдийн дотор дарга, цэрэг, ажилтай, ажилгүй хүмүүс багтаж буй бөгөөд 74 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Сүүлийн үед өсвөрийн насныхан бэлгийн замаар дамжих халдварыг ихээхэн авч байгаа аж.  

Эдгээр тоо баримт танд аймшигтай санагдаж  байна уу?  Тийм бол хүн бүр бие сэтгэл, амь амьдрал, гэр бүлээ хайрлаж, бэлгийн замбараагүй харилцаанаас татгалзаарай.  Дэлхийг хийморьлог үйлс,  их ухаанаараа эзэгнэж явсан эзэн Чингисийн  удам угсаа болох Монголчууд ор хөнжлийн явдлаасаа болж  сүйрчээ хэмээн  ертөнц даяар шуугивал яанам бэ?   

Аймгийн Эрүүл мэндийн газраас БЗДХ-тэй тэмцэх сэргийлэх талаар бодлогын төвшинд олон төрлийн үйл ажиллагааг явуулж, тухай бүр хариу арга хэмжээ авч ажиллаж  байгаа боловч иргэдийн эрүүл мэндийн боловсрол хангалттгүй, өөрсдийгөө хамгаалах талаар мэдлэггүй, хандлага төлөвшөөгүй, мөн дэд бүтэц аялал жуулчлал хөгжсөн, шилжилт хөдөлгөөн их,  гар аргаар болон  алт олборлолтын томоохон уурхайд манай улсын 21 аймгийн хориод мянган хүн  ажиллаж,  хүн амын нягтрал ихэсч байгаа зэрэг нь  уг халдварын  тархалтанд  нөлөөлсөөр байна. Энэ жилийг аймгийн эрүүл мэндийн салбараас “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулья” гэсэн уриатайгаар эхлүүлж, ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх сэргийлэх, төрөлхийн  тэмбүү өвчнийг бууруулах аймгийн төлөвлөгөө, үйл ажиллагаанд мөрдөх журам, ажил эрчимжүүлэх тухай ЭМГ-ын даргын тушаал гарсан ч эдүгээ дорвитой ажил хийгээгүй гэхэд болно. Мөн аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт иргэн бүрийг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулна гэсэн заалт орсонд хөгшин хөвөөгүй л баярлаж байв. Гэвч энэ заалт бүрэн бөгөөд үр дүнтэй хэрэгжээгүй л байна.

Харин ч жирэмсний болон төрөлхийн тэмбүү өвчин улам ихсэж байгаа тул  нөхөн үржихүйн насны бүх хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, нэн яаралтай эрүүлжүүлэх шаардлага гарч байна хэмээн эмнэлгийн мэргэжилтэн ярьж байсан юм.

Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж