Боож үхэхэд бор шидмэс биш бодол ухаан дутдаг

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Боож үхэхэд бор шидмэс биш бодол ухаан дутдаг

Энэ удаад эвгүй гэмээр сэдвийг хөндлөө. Энэ бол өөрийгөө боомилон хорвоог орхиж буй хүмүүний тухай.

Яагаад гэвэл жил жилийн хавраар нутгийн минь иргэдээс дээрх байдлаар “холын од руу харвадаг” . Хэдийгээр уншихад зэвүүцмээр ч аливаа явдлын наана цаана ямар нэгэн асуудал заавал оршиж байдгийг ухаж төнхөх нь юун буруу гэж.

“Боож үхэх бор шидмэс ч олдохгүй юм” гэж уулга алдан хэлэх нэгэн нэлээдгүй бий. Үнэхээр “бор шидмэс” дутдаг гэж үү.

Өвөрхангай аймгийн хэмжээгээр өнгөрсөн 2009 онд санаатай боловч санамсаргүй гэмээр энэ үйлдлээр 12 хүн нас нөгчжээ. Үүний дөрөв нь Арвайхээр, бусад нь Төгрөг, Хужирт, Бат-Өлзий, Гучин-Ус, Тарагт, Баянгол сумдын иргэд.

Харин 2010 он гарсаар 9 сар өнгөрөх  хугацаанд  20 орчим  хүн өөрийгөө боомилон амь насаа егүүтгээд байна. Жил ирэх тусам өсөж буй энэ аймшигт асуудлын учир юунд байна вэ? гэдгийг холбогдох байгууллага болоод хүмүүсээс тодрууллаа.

Хуулийн байгууллага:

Энэ тухай аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харьцах байцаагч Р.Амаржаргал, сэтгэлзүйч Доржгаваа нараас тодрууллаа. Дээрх үйлдлээр нас нөгцөгсдийн дийлэнх нь эр хүн байсан ба шалтгаан нь гэр бүлийн маргаанаас үүдэлтэй гэнэ. Ах дүү, авгай хүүхэдтэйгээ таарамжгүй байснаас зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтоохын чинээ ховор тохиолтой хүний тавиланг  юман чинээ бодсонгүй. Энэ бол нийгмийн гажуудлаас үүссэн нийтийн бухимдалтай холбоотой гэж хуулийн байгуллага тайлбарлалаа.

Нэгэн гэрчийн мэдүүлгээс…
“Тэр хоёр хоорондоо байнга маргалдаж, хэрүүл шуугиан үүсгэдэг байсан. Авгай нь нэг удаа нөхрөө “араар нь тавьж” байгаад баригдсан юм гэнэ лээ. Түүнээс хойш нөхөр нь байнга дарамталж, зодож нүддэг байсан. Уг нь өөрөө ч ажил төрөлгүй, арчаагүй архичин байсан. Тэгээд тэр жил шал согтуу ирээд  авгайнхаа амийг хөнөөж өөрийгөө хорлосон”.

Өнгөц харахад салалт, хардалт, ядуурал, дарамт шахалтаас болсон мэт байвч энэ нь нийгмийн доройтол, төр засгийн бодлогын учир дутагдалтай шууд холбоотой. Эх орныхоо эзэн, айл гэрийн ноён  болж явах учиртай эр хүн мэргэжил боловсролгүй, ажил төрөлгүй, өнгө зүсгүй болсноор эмдээ гологдож, эхдээ гоочилогдон хорвоогийн бор хоногийг дуртай дургүй өнгөрүүлж байна гэвэл хэтрүүлсэн болохгүй. Иймэрхүү  тавилан нь эр хүний  “ноён нурууг хугалж, алсын харааг сохолдог” бололтой. Тиймдээ ч үгийн үнэн, үйлдлийн хатууг даахгүй амиа хорлож буй биз ээ.

Шашин:
Бүх төрлийн үхлээс боож үхэх нь хамгийн их хор уршигтай, бузартай байдаг гэж шашныхан үздэг. Ингэснээр лус, савдаг хилэгнэн уурлаж, тухайн нутаг оронд долоон удаа шуурга тавьдаг  байна. Мөн сайтар ажиглавал хүн боож үхсэн газарт улаан шороо байнга босон эргэлдэж байдаг хэмээн  Ганданпунцоглин хийдийн хамба лам н.Ганзаяа тайлбарлалаа.  Тэрээр золгүй байдлаар  нас барах, өвчин томуунд нэрвэгдэх, ажил төрөл азгүйтэх гээд бүх муу учрал нь үзмэрч, зурхайчдын хэлээд байгаа шиг  “хүнээс хуучин хувцас авсан, мод хугалж, газар хөндсөн, хулгай хийж, худлаа ярьсан, хараал хорлол хийлгүүлсэн” зэргээс шалтгаалж буй хэрэг биш гэлээ.   

Нэгэн гэрчийн мэдүүлгээс…
“ …. маань тэр өдөр зүв зүгээр л инээж, ханиагаад явж байсан.Ямар ч уурласан,  бухимдсан, санаа зовсон шинж байгаагүй дээ. Гэтэл шөнө нь өөрийгөө “боочихсон” байх юм. Ар гэрийнхэн нь ламд үзүүлтэл 33-ных нь хий нас орсон байсан. Засал номоо хийлгээгүй, бас нутгийнхаа зартай хэрүүлч авгайтай хэрэлдэж байснаас болж гэсэн гэнэ лээ”.

Аливаа муу зүйлийн уг шалтгааныг хөөгөөд үзэхэд ердөө хүний уур, мунхаглал, шунал гурваас үүдэлтэй байдаг гэнэ. Хэдийгээр “мод хугалснаас” болж үхсэн байж болох ч тэр хүн шуналаасаа болоод л мод хугалсан. Хэн нэгэнтэй хэрэлдсэнээс болсон бол  уурнаасаа  болж л ийм нөхцөл байдлыг үүсгэсэн байдаг аж. Муу явсны үр дүн зөвхөн өөрөөсөө шалтгаалсан болохоос биш гадны нөлөөлөл байдаггүй. Тэр битгий хэл буг чөтгөр нь гадаад хүчин зүйл бус өөрийн дотор орших оюун бодол юм хэмээн шашны номонд тайлбарлажээ. Хүний буруу сэтгэл буюу атаа жөтөө, уур хилэн, шунал тачаал, тэвчээргүй зан араншин ямар ч муу үйлдэлд хүргэж болзошүй учраас цаг ямагт бурханы сургаалийг дагаж, санаж явах нь хүн бүхэнд өлзийтэй байх ажгуу.

Сэтгэл зүйч:
XI зууны чимээгүй тахал бол сэтгэл гутралын өвчин гэж мэргэжилтэн судлаачид дүгнэж байна.  Грект саяхан болсон сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн дээд хэмжээний уулзалталд оролцсон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэргэжилтнүүд 2030 он гэхэд хүнд хэлбэрийн сэтгэл санааны гутрал бусад өвчний үзүүлэлтээс давж гарахыг мэдэгдлээ. Дархлал хомсдолын вирус, элдэв халдварт өвчлөлүүд үүний дэргэд юу ч биш гэнэ. Тэгвэл амиа хорлолт нь сэтгэл гутралаас үүдэлтэй юу?

Хvний амьдралд жаргалтай єдєр байхад зовлонтой vе ч олонтаа тохиодог. Тэр vедээ хvмvvс зєвхєн өөрөө л зовоод, шаналаад байгаа мэт бодож ємнєє тулгарсан бэрхшээлээ давж гарах гарц олж чаддаггvйгээс сэтгэл гутралд орох нь элбэг. Үүний үндэс нь ердөө айдас болохыг сэтгэл судлаачид дүгнэжээ. Айдас бол хvний амьдралын хамгийн том дайсан. Олонх тохиолдолд зєвхєн айдас л эзнээ євчин зовлон, азгvйтэл рүү тvлхдэг байна.
Ердөө айдсаас болоод амиа хорлож буй хэрэг үү?

Нэгэн гэрчийн мэдүүлгээс…
“Бидэнд өр төлбөрийн асуудал маш их байсан. Алдагдалтай бизнес эрхэлснээс болоод байр машинаа алдсан. Орох оромжгүй болж эцэстээ хоногийн хоолгүй амьдрал үргэжилсэн. Биднээс хүн бүр чөтгөр харсан юм шиг зугатаж, бид ч өртэй хүнээсээ цаг ямагт нүүр буруулдаг байсан. Энэ бүх бэрхшээлийг нөхөр маань дааж давж чадсангүй дээ”.

Үүнийг “Хайрын хэл” сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийн захирал, сэтгэлзүйч Э.Соёлмаа “хуурамч буюу зохиомол айдсын үр дүн” гэжээ. Өөрөөр хэлвэл оюун бодлоос үүдэлтэй хов хоосон ухагдахуун сэтгэлд бөглөгдөн хуримтлагдсаар  сэтгэл зүйд гажуудал үүсгэдэг аж. Айдсын vед биед адреналин даавар ялгардаг. Энэхvv даавар нь хvний биеийг тэмцэх эсвэл зугатах бэлэн байдалд оруулдаг байна. “Сэтгэл гэдэг жолоогүй” хэмээн эцэг өвгөд маань сургамжилсаар ирсэнийг бид мартах учиргүй. Ялангуяа айдас түгшүүр төрсөн үед сэтгэлээ дагаад уруудваас юунд ч хүрч болзошгүй. Тиймээс айдасыг ялан дийлэх аргаас хуваалцъя.

Айдсыг хоёр янзаар тодорхойлдог. Хуурамч айдас нь дээр өгүүлснээр бодол төсөөллөөсөө  болоод уруудан доройтох шалтаг болдог бол жинхэнэ айдас нь хүнд төрөлхийн заяасан өөрийгөө хамгаалах мэдрэмж юм. "Миний айдас надад бvхнийг авчирдаг" гэж нэгэн мэргэн хvн хэлсэн байдаг. Тиймээс айдастайгаа нүүр тулах хэрэгтэй гэнэ. Та өр нэхээд буй хүнтэйгээ уулз. Учир байдлаа хэл. Тэр таны амиа хорлосон талаар сонсохыг мэдээж хүсэхгүй шүү дээ. Эсвэл та хэн нэгэнд хаягдсандаа гутарч байна уу. Хаяад явсан хүнийхээ аль муу муухай чанарыг үргэлж бод. Түүнээс сайн хүн  энэ хорвоод байхгүй гэж үү.  Айдас үүсгэсэн асуудалтайгаа нvvр тулан, тvvнийг ялах сэтгэл зvйн бэлтгэл, дасгалыг єєртєє хэвшил болтол нь хийвэл, та оюун ухаанаа єєрєє эзэмдэн, айдсыг ялна. Зоригтой байгаарай.

 Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж