Монголын үзэсгэлэнг хоёр сая хүн үзсэн гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Монголын үзэсгэлэнг хоёр сая хүн үзсэн гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    -БНХАУ-ын Шанхай хотноо болж “Шанхай экспо – 2010” дэлхийн үзэсгэлэнгийн үеэр “Монголын үндэсний өдөр” энэ сарын 13-нд зохион байгуулсан. Уг арга хэмжээнд манай сурвалжлагч оролцоод ирсэн юм. Энэ үеэр Монгол Улсын үзэсгэлэнгийн танхимын даргаар ажилласан,  Улаанбаатар тамөр замын Бээжин хот дахь төлөөлөгчийн газрын дарга, Ж.Ганболдтой ярилцлаа.

    -Манай үзэсгэлэнг гадныхан хэр сонирхож байна вэ?

    -Уг үзэсгэлэн өнгөрсөн тавдугаар  сарын 1-нд эхэлсэн.  Энэ хугацаанд манай үзэсгэлэнгийн танхимынхан 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр улс орноо сурталчлан ажиллаж байна. Энэ үеэр бид олон арга хэмжээ зохион байгууллаа. Тавдугаар сарын 1-нд  “Шанхай экспо- 2010”  нээлтийн арга хэмжээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчилсан. Тус айлчлалыг  манай үзэсгэлэнгийн танхим Элчин сайдын яамтай хамтран амжилттай зохион байгуулсан юм.  Мөн долдугаар сарын 16,17 –нд Монгол Улсын шилдэг засвар өмсөгчдийн оролцсон “Монголын үндэсний хувцасны загварын шоу”-г экспогийн тайзнаа зохион байгуулсан.   “Сайхан хот сайхан  амьдрал” гэсэн уриан дор болж буй энэ удаагийн экспод дэлхийн 189 орон, олон улсын 30- аад байгууллага оролцож байна.  Эдгээр улс орнууд нь бүгд л үндэснийхээ өдрийг зохион байгуулж байгаа.  Улс орнуудын хувьд үндэсний өдрийн арга хэмжээ маш чухалд тооцогддог.  Учир нь  энэ өдрийг ашиглан  тухайн улс орнуудын төрийн томчууд, урлаг соёлынхон, бизнесийн хүрээнийхэн болон хэвлэл мэдээллийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж улс орноо өргөн хүрээгээр сурталчилдаг.  Түүний нэгэн адилаар Монгол Улс энэ сарын 13-нд үндэсний өдрөө маш өргөн хэмжээнд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй  амжилттай зохион байгууллаа.  Манай үндэсний өдөрт Гадаад харилцааны  сайд  Г.Занданшатар, Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар,Зам тээвэр,  барилга хот байгуулалтын  дэд сайд А.Гансүх,  Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайд А.Куланда тэргүүтэй 100-аад хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирж оролцлоо.   Үндэсний өдөр маань Монгол Улсын төрийн далбаагаа мандуулж, төрийн дуулалаа эгшиглүүлснээр эхэлсэн.   Энэ үеэр бид  50-иад хүний бүрэлдэхүүнтэй урлагийн тоглолтыг экспогийн хамгийн том театр болох 2800 хүний  суудалтай концертын танхимд толилуулсан нь ихээхэн үр дүнтэй болсон юм.    Түүнчлэн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам,Гадаадын хөрөнгө оруулалтын газартай хамтран  зохион байгууллаа.

    -Манай үзэсгэлэнгийн “Говь ба хот”. Яагаад энэ сэдвийг сонгосон юм бэ?

    -“Шанхай экспо-2010” дэлхийн үзэсгэлэн өөрөө “Сайхан хот-сайхан амьдрал” гэсэн  сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа гэдгийг би өмнө нь хэлсэн. Үүний нэгэн адил манай Монголын үзэсгэлэнгийн танхим “Говь ба хот” гэсэн сэдвийг сонгон авч үүнийхээ дагуу зохиомжоо гарган павильоноо байгуулсан. Манай улсын их говьд ашигт малтмалын асар их нөөцтэй  том том орд газрууд нээгдэж байна.  Үүнийгээ дагаад олон хот суурин газар сүндэрлэх нь ойлгомжтой. Энэхүү хот суурин газрыг байгуулахдаа сайхан хот гэхээсээ илүү ухаалаг шийдэлтэй , байгаль орчинд хор нөлөөгүй хот байгуулах нь чухал гэдгийг  павильоноороо дамжуулан үзэгч олон түмэнд ойлгуулахыг зорьсон юм. Тиймээс бид үзэсгэлэнгийн танхимын гол хэсэгт хуванцар материалаар хийсэн динозаврын том өндгийг байруулж, өндгөн дотроо дэлхийд ганцхан олдсон  ноцолдож байгаад бие биеэ багалзуурдаж үхсэн хоёр  динозаврын яс болон чулуужсан өндөгнүүдийг байрлуулсан.  60-80 сая жилийн өмнөх үзмэр. Хэрвээ хүн төрөлхтөн  их дэлхийдээ хайр гамгүй хандах, хотжилтыг буруу зохион байгуулбал энэхүү устаж алга болсон динозавр шиг болно  гэдгийг  анхааруулсан. Мөн хотыг барьж байгуулахдаа эхнээсээ зөв төлөвлөлттэй байхгүй бол динозаврын өндөг шиг хэврэг, эмзэг болно шүү гэсэн агуулгыг гаргасан юм.
    -Монголын павильоныг үзэж байхад гадныхан өндгөн дотор л бөөгнөрөөд байсан?
    -Тийм ээ. Манай павильоныг үзэж сонирхож байгаа улсууд танай павильон бусдыг бодвол  бодит оргиналь үзмэрүүд тавьснаараа онцлог юм гэдгийг хэлж байсан.   Хятадын төв телевизээс зөвхөн манай динозаврын яс болон өндөгнүүдийн талаар сурвалжлага авсан.

    -Монголын павильоныг өдөрт хичнээн хүн үзэж сонирхож байна?

    -Шанхайн экспог өнөөдрийн байдлаар 50-иад сая хүн сонирхсон байгаа. Аравдугаар сарын 31-нийг дуустал 67 сая хүн үзнэ гэсэн судалгаа гарсан. Манай павильоныг одоогоор хоёр сая орчим хүн үзээд байна.

    -Ер нь аль улсын иргэд түлхүү сонирхож байна вэ?

    -Бүхий л улс орныхон сонирхдог. Тэр дундаа  хятадууд голчлон сонирхож байна. Харин манай Монголоос 1000 –аад хүн үзсэн.

    -Япон, Саудын Арабын павильоныг үзэж сонирхохоор маш их хүн  дугаарлан зогссон байсан?

    -Тийм ээ. Саудын Араб болон Япон, Солонгос зэрэг улс орны павильоныг хүмүүс үзэхийн тулд 6-7 цаг дугаарладаг гэсэн. Эдгээр павильонууд нь тус тусын онцлогтой юм билээ. Тухайлбал, Японы павилтон  гаднаасаа харахад  хүр хорхойн хэлбэртэй, агаарын байдлаас шалтгаалж  хэлбэр дүрс нь өөрчлөгддөг.  Харин Саудын арба  нь 130 орчим сая ам доллараар павильоноо байгуулсан гэж сонссон.Тиймээс хүмүүсийн”ийм их мөнгө зарсан юм чинь дотор нь юу байдаг юм бол гэсэн” сонирхлыг их татдаг юм шиг байна лээ.  Өмнөд Сонгонгосын павилон орчин үеийн дэвшилтэд шинэ технологийг ашигласан юм билээ.

    -Дээрх189 орны павильоныг барих ажил хэдийнээс эхэлсэн бэ. Нээлтэд 189 орон бүгд оролцож амжаагүй гэсэн. Яагаад тэр вэ?

    -Экспогийн барилга байгууламжийг одоогоос  гурван жилийн өмнөөс барьж эхэлсэн.  Одоо экспогийн байгаа талбай дээр өмнө нь үйлдвэр, хуучны хорооллууд байсныг бүгдийг нь нурааж экспог барьж байгуулсан. Экспогийн нээлт эхлэх үед 189 орноос 10 орчим хувийнх нь павильоны засварын ажил нь  дуусаагүй байсан.

    -Эскпо дууссаны дараа дээрх павильонуудыг ямар зориулалтаар ашиглах вэ, их хэмжээний хөрөнгө зарцуулсан байх?

     -Экспо дууссаны дараа ихэнх павильонуудыг буулгана гэж сонссон. Гэхдээ Хятадын павильон, Экспо центер, Соёл урлагийн төв, экспогийн уриаг тайлбарласан павильон гэх мэт байгууламжийг үлдээж  ирээдүйд олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулдөг төв болгох юм билээ.  

    -Энэхүү экспогийн гол онцлог нь юу байв. Тус арга хэмжээнд манай улс оролцсонооор ямар үр дүн гарах вэ?

    -Хятад улс  их далайцтай том гүрэн шүү дээ.  Аливаа нэг томоохон арга хэмжээг чанарын өндөр төвшинд зохион байгуулж байна. Тухайлбал, 2008 оны олимп, энэ удаагийн экспо зэрэг.  Өмнөх экспонуудаас ялгарах  гол онцлог нь  маш олон хүн үзэж байна. Жишээ нь, 2005 оны Японд болсон экспог 22 сая хүн үзэхэд экспогийн түүхэнд хамгийн олон хүн үзлээ гэж байсан. Харин энэ удаад үүнээс гурав дахин их хүн үзэхээр байна шүү дээ. 60-аад сая хүн үзсэн экспод оролцоно гэдэг төдий хэмжээнд улс орноо дэлхий дахин сурталчилж байгаа том боломж гэж ойлгож байна. 

    -Экспог зохион байгуулахад их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэх юм. Гэхдээ зарцуулсан мөнгөнөөсөө хэд дахин  илүү ашиг олж байгаа байх?

    -Шанхай хот нь экспод маш их хөрөнгө оруулсан нь нүдэнд ил харагдаж байна. Жишээлбэл, бүх улсын павильоны  ажилчдыг амьдруулах зорилгоор бүхэл бүтэн хороолол барьсан байгаа. Энэхүү хороололууд нь “Шар мөрөн”-ий эрэг дээр учраас экспо дуусахаас өмнө 1М2 нь 40-60 мянган юаниар зарагдаж дууссан гэсэн.  Мөн энэ олон хүн үзэж байхад тасалбараас,экспо доторх үйлчилгээ, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа зэргээс их орлого орж байгаа нь мэдээж.

    -Дараагийн экспо хаана болох вэ.  Дэлхийн экспог зохион байгуулах гэж олон улс орон өрсөлддөг гэсэн. Манай улс оролцох уу?

    -“Хүнсний эрүүл ахуй” сэдвээр 2015 онд Италийн Миланд болно. Манай улс оролцох нь ойлгомжтой байх. Одоогийн байдлаар манай улс дөрөв дэх удаагаа дэлхийн экспод оролцоод байна.  Ер нь улс орнууд дэлхийн томоохон арга хэмжээнүүдийг эх орондоо зохион байгуулах гэж өрсөлддөг.  Үүгээрээ дамжуулаад улс орныхоо чадал чансааг бусдад харуулах, орлого олох зэрэг олон талын давуу талтай.

    -Үндэсний өдрийн арга хэмжээний хүрээд “тал дээрх хот” бизнес форум зохион байгуулсан?

    -Энэхүү бизнес форумыг ЗТБХБЯ, Гадаадын хөрөнгө оруулалтын газар,болон манай павильоноос  энэ сарын 14-нд зохион байгууллаа. Дээрх арга хэмжээгээр  Барилга хот байгуулалт, зам тээврийн яамнаас шинэ төмөр зам барих,авто зам барих, Сайншанд үйлдвэрлэлийн хот барих , 100 мянган айлын орон сууц барих зэрэг томоохон төслүүдийг Монгол, Хятад болон бусад улс орнуудын бизнесмэнүүдэд танилцууллаа. Мөн Ашигт малтмалын газраас уул уурхайд хөрөнгө оруулах нөхцөлийн талаар,   Гадаадын хөрөнгө оруулалтын газраас Монгол Улсад хөрөнгө оруулахад таатай орчин бүрдсэн талаар илтгэлүүдийг тавилаа.    

    Б.Анхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж