Шилдэг бичигчийн уралдаан зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Шилдэг бичигчийн уралдаан зарлаж байна

Монголын хамгийн шуурхай, хамгийн хүртээмжтэй мэдээллийн суваг www.news.mn сайтаас орон нутгийн аж байдал, ард иргэдийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа манай хэрэглэгчид удаа дараа илэрхийлдэг юм. Нөгөө талаас нутгийн олны өмнө тулгамдсан асуудал бэрхшээл, ажил хэргийн талаарх мэдээллийг иргэд олон нийт, төр засаг, шийдвэр гаргагчдад хүргэх  зорилгоор манай сайт  “Орон нутаг” буюу www.local.news.mn гэсэн шинэ дэд сайт үүсгэн ажиллуулж байгаа билээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлчид идэвхтэн бичигчид бидэнтэй хамтран ажиллаж байгаад талархаж байна. Иймээс тэднийгээ урамшуулах үүднээс News агентлаг орон нутгийн сэтгүүлч, идэвхтэн бичигч нарын дунд шилдэг мэдээ мэдээлэл,  шилдэг фото цомгийн уралдаан зарлаж байна. Энэ уралдаан нь 2010 он дуустал явагдах бөгөөд сар бүр дүнгээ гаргаж шагналаа олгоно.

Сар тутамд нэг удаа аймаг орон нутагт болсон үйл явдлын бусдаас шуурхай, сонирхолтой мэдээ мэдээлэл, сенсаацийг бусдаас түрүүлж ирүүлсэн орон нутгийн нэг сэтгүүлч, идэвхтэн бичигч, аймаг орон нутгийн түүх дурсгалт газар, байгалын өвөрмөц тогтоц, зон олны амьдралын хэв маягийг харуулсан фото цомгийг  шалгаруулж, тус бүрт 150 мянган төгрөгийн урамшил олгоно. Мөн гурван сарын дараа шилдгийн шилдэг идэвхтэн бичигчээ тодруулж, агентлагийнхаа шинэ жилийн наадамд урин, өргөмжлөл мөнгөн шагнал гардуулна.

Таны ирүүлсэн мэдээлэл шаардлага хангасан байвал манай агентлагийн эрхлэн гаргадаг өдөр тутмын “Ардын эрх” сонинд нийтлэгдэнэ.

Унаган нутгийн чинь хөгжил дэвшилд, нутгийн зон олны тань ирээдүй хойчид таны оруулах хувь нэмэр их билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж