
Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улсын албадыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллахыг Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд үүрэг болгов. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Баруун-Урт, Халзан, Онгон, Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат, Дорнод аймгийн Чойбалсан, Чулуунхороот, Баянтүмэн, Матад зэрэг сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт гараад байна. Эдгээр сумдад нийт 334 өрхийн 7000 орчим мал өвчилснөөс 3000 гаруйг нь устгасан. Өвчилж байгаа малын тоо хоногт 500-700 толгойгоор нэмэгдэж байгаа нь эдгээр аймагт өндөржүүлсэн бэлэн байдал тогтоохоос аргагүйд хүргэсэн байна. Улсын онцгой комиссын дарга малын халдварт өвчин дэгдээд буй энэ хоёр аймгийн Засаг дарга нар болон, Улсын Онцгой комиссын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд Мал, эмнэлгийн үржлийн газраас ариутгалын бодис тус бүр гурван тонн, нэг удаагийн хамгааллын хувцас тус бүр 300 ширхгийг эдгээр хоёр аймагт хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Дээрх хоёр аймгийн бүх малыг үзлэгт хамруулах, вакцинжуулах ажилд Хөдөө аж ахуйн их сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дайчлахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.
Д.Долгор