Сургалт зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Сургалт зохион байгуулж байна

Олон улсын чанарын удирдлагын ISO 9000, 9001 стандартуудыг Европын холбооны улсууд болон хөгжингүй орнуудын төрийн захиргаанд өргөн нэвтрүүлсэн байдаг. Энэхүү стандарт нь төрийн удирдлагын хэлбэр, тоо хэмжээнд бус чанарт нь анхаардгаараа онцлог. Ингэснээр төрийн захиргаанаас үйлчилгээ хүлээн авч буй нийт иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг бодитой сайжруулах ач холбогдолтой.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 265-р тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцоо ISO 9000, 9001 стандартыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо өөрийн байгууллагын Чанарын удирдлагын хороог байгуулж, ISO 9000, 9001 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр ISO 9000, 9001стандартын анхны сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар тус хорооны нийт ажилтнууд ISO 9000, 9001-ийн тухай үндсэн мэдлэгтэй болохын сацуу, байгууллагынхаа эрхэм зорилго, хэрэглэгчдийн хүрээ, хэрэглэгчдийн шаардлага, чанарын зорилтоо энэхүү стандартын дагуу боловсруулах чадварыг эзэмших юм.

ISO 9000, 9001 стандарт нь дээд шатны удирдлагаас хэрэглэж болох чанарын удирдлагын найман үндсэн зарчмыг тодорхойлсон байдаг аж.
Үүнд: Байгууллагын үйл ажиллагааг хэрэглэгчдэд төвлөрүүлэх, манлайлал, нийт ажиллагсдыг татан оролцуулах, үйл явцын хандлага, удирдлагад тогтолцоотойгоор хандах, байнгын сайжруулалт, шийдвэр гаргахдаа бодитойгоор хандах, нийлүүлэгчтэй харилцан ашигтай харилцаа тогтоох гэсэн.  
    Дээрх найман зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлагадаа бүрэн нэвтрүүлсэн байгууллага урт хугацаанд амжилт олдог ажээ.

    ISO 9000, 9001 стандартыг эдүгээ Монгол Улсад нутгийн захиргааны байгууллагуудаас Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллагуудаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо анх удаа нэвтрүүлэхээр зорьж байгаа ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж