УДЭТ-ын шинэ уран бүтээлийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

УДЭТ-ын шинэ уран бүтээлийн нээлт болно

Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэ сарын сүүлээр шинэ уран бүтээлийн нээлтээ хийх гэж байна. Тус театрын уран бүтээлчид Оросын зохиолч Г.Красногоровын ганц бүлэгт долоон жүжгийг зургаан найруулагч зэрэг найруулан тавих гэж байна. Г.Красногоровын “Хунгийн дуу” жүжгийг ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж найруулан, дүрүүдэд ардын жүжигчин Н.Сувд, ардын жүжигчин П.Цэрэндагва, ардын жүжигчин Г.Мягмарнаран нар тоглоно. Мөн “Диваажингийн үүдэнд”, “Дон Жуаны нэрсийн жагсаалт” гэсэн хоёр жүжгийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан /МУСТА/, ерөнхий найруулагч Ч.Найдандорж найруулах бол “Аюултай туршилт” жүжгийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар найруулж байгаа юм. Бас “Би жаргамаар байна” жүжгийг МУСТА, найруулагч Н.Наранбаатар найруулж, “Солиотой жүжиг”  жүжгийг МУСТА, найруулагч Ч.Түвшин, “Секс хийцгээе” жүжгийг найруулагч Э.Батхүү нар тус, тус найруулан тайзнаа амилуулан үзэгч олондоо толилуулахаар бэлтгэж байна. Тус долоон жүжгийн нээлт энэ сарын 31-нд Улсын драмын эрдмийн театрт болох юм. Харин энэ сарын 22-ноос 26-ныг хүртэл “Гэгээн муза-2009” наадамд нэр дэвшиж буй жүжгүүдийг тайзнаа дахин тоглож байгаа аж.
М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж