Тогтолцоо бүрхэг байх нь улстөрчдөд ашигтай

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Тогтолцоо бүрхэг байх нь улстөрчдөд ашигтай

Аливаа өмчийг захиран зар­цуулах эрх нь хувь хүн, бай­гууллагын санхүүгийн ча­дав­хид төдийгүй тухайн ул­сын эдийн засагт чухал түлхэц бол­дог. Дэлхийн шилдэг эдийн засагчдын нэг Эрнанда де Сото өнгөрсөн өвөл ма­най улсад хүрэлцэн ирж, энэ сэдвээр илтгэл тавьсан. Тэр­бээр “Өмчийн эрхийн то­дорхойгүй байдал нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад асар их саад тотгор болдог. Тиймээс хөгжлийн хур­­дыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгийн эрхийг ба­тал­­гаажуулах нь юу юу­наас чухал” гэдгийг маш то­дорхой сануулаад буцсан би­лээ. Хэдийгээр манай улс эд хөрөнгийн бүртгэлийн тог­толцоог боловсронгуй болгох чиглэлээр зарим ажлыг хийж эхлээд байгаа ч улс төрийн хүчин зүйл, суурь тогтолцоо зэрэг олон шалтгааны улмаар дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Хөгжлийн үндэс болсон энэ ойлголтыг бэх­жүүлж, бэрхшээлээс гарах арга замыг тодорхойлоход олон улсын донор байгуул­лагууд ч багагүй ажил хийж буй.

Тодруулбал, Мянга­ны сорилын сангаас “Эд хөрөнгийн эрхийн ул­сын бүртгэлийн үйл ажил­лагаа, мэдээллийн тех­но­логийг сайжруулах зөв­лөх үйлчилгээ” төслийг хэ­рэг­­­жүүүлж байгаа юм. Уг төслийн багийн ахлагч ха­таг­­тай Марианна Посфай болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх, доктор Демир Енер нар өчигдөр “Өмчийн эрх ба эдийн засгийн өсөлт” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг Хэвлэлийн хүрээлэнгийн дэр­гэдэх “Эдийн засагч-Сэт­гүүлч” клубтай хамтран зохион байгууллаа. Мөн уулзалтад эдийн за­сагч Д.Жар­галсайхан, Га­зар өмчлөлийн эрхийн бүртгэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах төс­лийн ажилтан В.Энхтамир нар оролцож, санал бодлоо солилцсон юм.

Ноён Демир Енер дэл­хийн даяар өмчийн бүрт­гэл, баталгаажуулалтад хам­раг­даагүй 10 их наяд ам.дол­лараар үнэлэгдэх үх­мэл хөрөнгө байдгийг дурь­даад улс орны иргэд ядуу, эдийн засгийн эрх нь хязгаарлагдмал байх үндэс суурь нь ердөө өмчийн эр­хийн бүтгэлээс шууд хамаа­ралтай гэдгийг онцлов. Мөн байгалийн аливаа гамш­гаас үүдэн эд хөрөнгө сүй­рэхэд төрөөс нөхөн төлбөр олгодог. Гэхдээ энэ ажлын бодит үр дүн сүйдсэн хө­рөнгийн бүртгэлтэй үгүй­гээс шалтгаалдаг гэсэн со­нир­холтой жишээ хэлж бай­лаа. Харин эдийн засагч Д.Жар­галсайхан өмчийн эрхийн баталгаажуулалтыг хэрхэн хий­хийг “Ганцхан цаас л хэ­рэгтэй” гэсэн маш товч агуул­гаар тайлбарласан юм. Иргэн хүний харьяалал, тө­рийн үйлчилгээ авах эрх нь зөвхөн бичиг баримтаар баталгааждаг шиг эд хөрөнгөд ч ялгаагүй ганц гэрчилгээ пас­порт байхад л хангалттай гэнэ. Харамсалтай нь манай ул­сын хэмжээнд одоогийн байд­лаар саяар тоологдох эд хөрөнгө байгаа ч үүнээс ердөө 370 мянга орчим нь л албан ёсоор бүртгэгдсэн байдаг аж. Энэхүү хангалтгүй үзүүлэлтэд төрийн институцийн уял­даа холбоогүй байдал, эмх цэгцгүй бүртгэлийн тогтол­цоо ихээхэн саад тотгор бол­дог байна. Олон улсын жиш­гээр бол үл хөдлөх үнд­сэн хөрөнгө болох газарт IP дугаар буюу дахин дав­таг­дашгүй нэг л дугаар ол­годог аж. Харин манай ул­сад газар болон тухайн газар дээр байгаа байшин нь тус тусдаа бүртгэлтэй бай­даг учраас бөөн буди­лаан үүсдэг. Түүнчлэн бүрт­гэлийн тогтолцоо бүрхэг бай­гааг далимдуулан нэг хэсэг нь ашиг хонжоо олж байгааг ч тэд хэллээ. Жи­шээ нь, үймээний үеэр галд шатсан МАХН-ын төв байр­ны бүртгэл, эзэмшлийн мэ­дээ­лэл бүрхэг учраас нөхөн төлбөрийг шууд л төрөөс буюу иргэдийн төлсөн тат­вараас гаргахаар болсон. Хэрэв тодорхой байсан бол даатгалын компани юм уу, хэдий хэмжээний татвар төлс­нөөс хамаарч нөхөн төл­бөрийг олгох ёстой байсан гэж Д.Жаргалсайхан хэлэв. Мөн дархан цаазат Богдхан уул, Зайсангийн аманд том том хаус барьсан хүмүүс ч уг хөрөнгөө бүртгүүлдэггүй, даат­галд хамруулдаггүй, тат­вар төлдөггүй. Тийм ч учраас хэнийх гэдэг нь мэдэгддэггүй. Энэ бол бүртгэлийн тогтол­цооны гажгийг эрх мэдэлтэй хэсэг нь ашиглаж буй хэлбэр хэмээн шүүмжилж байлаа.

Уг нь өмчийн эрхийг бүрт­гэлийг хийсэн хийж чад­вал нийслэлийн хөгжлийг хойш чангааж байгаа гэр хо­рооллын 170 мянган өрхийг орон сууцжуулах тийм ч хэцүү ажил биш гэнэ. Хөгжилтэй ор­нуудын гол туршлага бол хөрөнгөөр хөрөнгө бос­гох. Гэхдээ хамгийн гол нь тухайн хөрөнгө эрхийн ба­тал­гаатай л байвал бүх юм окэй гэдгийг гадаад, дотоодын мэргэжилтнүүд санууллаа. Харин төр үүнийг яагаад хийхгүй байна вэ гэсэн асуултад “Тэдэнд бүр­хэг байх тусмаа ашигтай. Сайж­руулаад эхэлбэл өөрсдийнх нь эрх ашигт харшлах тул хө­дөлж өгөхгүй байна” хэмээн хариулж байна.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж