
Тодруулбал, Мянганы сорилын сангаас “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа, мэдээллийн технологийг сайжруулах зөвлөх үйлчилгээ” төслийг хэрэгжүүүлж байгаа юм. Уг төслийн багийн ахлагч хатагтай Марианна Посфай болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх, доктор Демир Енер нар өчигдөр “Өмчийн эрх ба эдийн засгийн өсөлт” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Эдийн засагч-Сэтгүүлч” клубтай хамтран зохион байгууллаа. Мөн уулзалтад эдийн засагч Д.Жаргалсайхан, Газар өмчлөлийн эрхийн бүртгэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах төслийн ажилтан В.Энхтамир нар оролцож, санал бодлоо солилцсон юм.
Ноён Демир Енер дэлхийн даяар өмчийн бүртгэл, баталгаажуулалтад хамрагдаагүй 10 их наяд ам.доллараар үнэлэгдэх үхмэл хөрөнгө байдгийг дурьдаад улс орны иргэд ядуу, эдийн засгийн эрх нь хязгаарлагдмал байх үндэс суурь нь ердөө өмчийн эрхийн бүтгэлээс шууд хамааралтай гэдгийг онцлов. Мөн байгалийн аливаа гамшгаас үүдэн эд хөрөнгө сүйрэхэд төрөөс нөхөн төлбөр олгодог. Гэхдээ энэ ажлын бодит үр дүн сүйдсэн хөрөнгийн бүртгэлтэй үгүйгээс шалтгаалдаг гэсэн сонирхолтой жишээ хэлж байлаа. Харин эдийн засагч Д.Жаргалсайхан өмчийн эрхийн баталгаажуулалтыг хэрхэн хийхийг “Ганцхан цаас л хэрэгтэй” гэсэн маш товч агуулгаар тайлбарласан юм. Иргэн хүний харьяалал, төрийн үйлчилгээ авах эрх нь зөвхөн бичиг баримтаар баталгааждаг шиг эд хөрөнгөд ч ялгаагүй ганц гэрчилгээ паспорт байхад л хангалттай гэнэ. Харамсалтай нь манай улсын хэмжээнд одоогийн байдлаар саяар тоологдох эд хөрөнгө байгаа ч үүнээс ердөө 370 мянга орчим нь л албан ёсоор бүртгэгдсэн байдаг аж. Энэхүү хангалтгүй үзүүлэлтэд төрийн институцийн уялдаа холбоогүй байдал, эмх цэгцгүй бүртгэлийн тогтолцоо ихээхэн саад тотгор болдог байна. Олон улсын жишгээр бол үл хөдлөх үндсэн хөрөнгө болох газарт IP дугаар буюу дахин давтагдашгүй нэг л дугаар олгодог аж. Харин манай улсад газар болон тухайн газар дээр байгаа байшин нь тус тусдаа бүртгэлтэй байдаг учраас бөөн будилаан үүсдэг. Түүнчлэн бүртгэлийн тогтолцоо бүрхэг байгааг далимдуулан нэг хэсэг нь ашиг хонжоо олж байгааг ч тэд хэллээ. Жишээ нь, үймээний үеэр галд шатсан МАХН-ын төв байрны бүртгэл, эзэмшлийн мэдээлэл бүрхэг учраас нөхөн төлбөрийг шууд л төрөөс буюу иргэдийн төлсөн татвараас гаргахаар болсон. Хэрэв тодорхой байсан бол даатгалын компани юм уу, хэдий хэмжээний татвар төлснөөс хамаарч нөхөн төлбөрийг олгох ёстой байсан гэж Д.Жаргалсайхан хэлэв. Мөн дархан цаазат Богдхан уул, Зайсангийн аманд том том хаус барьсан хүмүүс ч уг хөрөнгөө бүртгүүлдэггүй, даатгалд хамруулдаггүй, татвар төлдөггүй. Тийм ч учраас хэнийх гэдэг нь мэдэгддэггүй. Энэ бол бүртгэлийн тогтолцооны гажгийг эрх мэдэлтэй хэсэг нь ашиглаж буй хэлбэр хэмээн шүүмжилж байлаа.
Уг нь өмчийн эрхийг бүртгэлийг хийсэн хийж чадвал нийслэлийн хөгжлийг хойш чангааж байгаа гэр хорооллын 170 мянган өрхийг орон сууцжуулах тийм ч хэцүү ажил биш гэнэ. Хөгжилтэй орнуудын гол туршлага бол хөрөнгөөр хөрөнгө босгох. Гэхдээ хамгийн гол нь тухайн хөрөнгө эрхийн баталгаатай л байвал бүх юм окэй гэдгийг гадаад, дотоодын мэргэжилтнүүд санууллаа. Харин төр үүнийг яагаад хийхгүй байна вэ гэсэн асуултад “Тэдэнд бүрхэг байх тусмаа ашигтай. Сайжруулаад эхэлбэл өөрсдийнх нь эрх ашигт харшлах тул хөдөлж өгөхгүй байна” хэмээн хариулж байна.
Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин