Нурангинд дарагдсан иргэдийг гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Нурангинд дарагдсан иргэдийг гаргалаа

Нийслэлийн
Налайх дүүрэг дэх  нүүрсний уурхайд долоон хүн нурангинд дарагдсан
талаар өмнө  мэдээлсэн. Тэд тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг
дэвсгэрт байрлалтай иргэн Б-гийн эзэмшлийн /уурхайн/ гар аргаар нүүрс
олборлох цооногт ажиллаж байжээ.  Тэднийг  нурангинаас гаргасан бөгөөд
бүгд эсэн мэнд, гэмтэж бэртээгүй байна. Аврах ажиллагааг шөнөжин явуулан
эхний хүнийг 10.10 цагт гаргасан. Нурангид дарагдсан долоон хүнийг
10.50 цагт бүрэн гаргасан байна. Уурхайчид агааргүй орчинд боогдсоноос
шок-нд орсон, заримынх нь бие хүндэвтэр байсан байна. Тэдэнд газар дээр
нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, Налайх дүүргийн эмнэлэгт
хэвтүүлэхээр авч явлаа.

Тус нүүрсний цооног нь 45 градусаас дээш
налуутай, 200-220 орчим метрийн урт нүх, амсраасаа 80-100 орчимд метрт
нуралт үүссэн аж. Цооногт 49 настай, эрэгтэй Б, 21 настай, эрэгтэй Ө, 18
настай, эрэгтэй М болон нас тодорхойгүй, эрэгтэй  А, Т, Б, Д нарын нийт
долоон хүн, нурангинд дарагдсан байгаа аж. Аврагчид эрэн хайх аврах
ажлыг тасралтгүй үргэлжлүүлэн, цооногт 3-4 аврагч орж ээлжлэн, тэвш
/ковш/, ган татлага ашиглан гар аргаар  шавар шороог гаргаж байгаа юм
байна.

Эрэн хайх аврах ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын
харъяа Аврах тусгай ангийн Штабын дарга тэргүүн ахмад Н.Уламбаяраар
ахлуулсан 13 албан хаагч, нэг автомашин, нийслэлийн Онцгой байдлын
газрын орлогч ГТ,УСХ хэлтсийн дарга Ч.Намсрайжаваар ахлуулсан есөн албан
хаагч, гурван автомашин,  дүүргийн Тамгын хэлтсээс хоёр албан хаагч,
нэг автомашинтай ажиллаж байна. Мөн Онцгой байдлын хэлтсээс 12 албан
хаагч, хоёр автомашин, Мэргэжлийн хяналтын хэлтсээс гурван хүн, нэг
автомашин, Эрүүл мэндийн нэгдлээс нэг хүн, Цагдаагийн хэлтсээс 20 албан
хаагч, гурван автомашинтай, Уул уурхайн аврах албанаас 38 албан хаагч,
таван автомашинтай нийт 98 хүн, 16 автомашинтай шуурхай ажилласан байна.
Тухайн нурангийг зайлуулахад техникийн хүчийг ашиглах боломжгүй тул
хугацаа их зарцууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

П.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж