
Уг нь 2009 оны сүүлээр тээврийн хэрэгсэлд УБ сери дугаарыг олгож байсан ч нөөц нь дууссан тул улсын нийслэл буюу УН серийг батлуулан олгосон аж. Энэхүү шинэ стандарчлалтыг 625 мянган тээврийн хэрэгсэлд олгогдох нөөцтэйгээр баталсан байна.
Ингэснээр одоо 500 гаруй мянган тээврийн хэрэгсэлд олгогдох улсын дугаарын нөөц үлджээ. Жишээлбэл, орон нутгийн дугаар буюу 21 аймгаас 10 хүрэхгүй нь зөвхөн 25 үсэгнээс хоёр үсгийг нь л хэрэглэж байгаа гэнэ. Харин ОРА гэсэн Орхоны улсын дугаар дуусч одоо ОРХ сери рүүгээ оржээ. Өөрөөр хэлбэл, цаана нь 23 үсэгний 500 гаруй мянган дугаарын нөөц үлдсэн гэж ойлгож болох аж. Ийм байтал улсын дугаарыг солих ямар хэрэгцээ, шаардлага гарсан нь тодорхойгүй байгаа юм.
Нөгөөтэйгүүр, энэхүү дөрвөн оронтой тоо, гурван үсэг бүхий тээврийн хэрэгслийн улсын дугаар нь нэгд хүмүүсийн нүдэнд дассан байдаг тул цагдаагийн байгууллагад гэмт хэрэг илрүүлэхэд нь дөхөмтэй байдаг гэнэ.
Мөн Монгол Улсад 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл байдаг. Энэ бүхний улсын дугаарыг солиход наад зах нь гурван тэрбум төгрөг шаардлагатай болох аж.
Улсын дугаар нь энгийн, сүлдтэй, цацруулагчтай зэргээсээ хамаарч үнэ нь 10000-16500 төгргийн үнэтэй байдаг байна. Дээрх 300 гаруй мянган тээврийн хэрэгслийн улсын дугаарыг дагаад гэрчилгээ нь бас солигдож таарах гэнэ. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ 6000 төгрөгийн үнэтэй. Гурван тэрбум төгрөг дээр 300 мянган автомашины гэрчилгээний үнэ нэмэгдэж, үргүй зардал гарах болж буй аж.
Г.Дарь