Л.Оюун-Эрдэнэ гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ гэж хэн бэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай




















    Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны дөрөв дэх ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Л.Оюун-Эрдэнийг МАХН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нь чухамдаа У.Хүрэлсүхийн санаачлага байжээ. Холбооныхоо тамгыг гардаж аваад нэгхэн хонож буй тэрбээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй нэг нутгийнх аж. Тодруулж хэлбэл, Хэнтий аймгийн угшилтай гэсэн үг л дээ. Намдаа нэр нөлөө бүхий даргатай нэг нутгийнх болж төрсөн нь энэ удаад түшиг болж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг нарыг “жийн” 100 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулав. 

    Төслийн мөнгө ихээр эргэлддэг Дэлхийн зөнгийн бүсийн захирал хийж байсан түүнд У.Хүрэлсүх өмнөх албаа өгөхөөр зүтгэл гаргасныг хот, хөдөөгөөс ирсэн 500 гаруй залуу ийнхүү баталгаажуулж өгөв. Одоо түүний хувьд ахынхаа ачийг хариулах зүтгэл үлдэж, МАХН-ын нэр, үзэл баримтлалыг шинэчлэхэд 60 мянган гишүүнээ манлайлан, оролцох болж байна. 

    Түүний намтрын хуудсыг сөхвөл 1980 оны зургадугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотноо төрсөн, МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн 2005 онд Австрийн Мельбурнийн их сургуульд олон улсын төсөл хөтөлбөрийн менежментийн чиглэлээр суралцаж төгссөн. 

    2008 онд МУБИС-ийг улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Ажлын тухайд, 2001 онд Хэнтий аймгийн Бэрх сумын Захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд Дэлхийн Зөн ОУБ-ын салбарын захирал, Европ тивийн санхүүжилт хариуцсан бүсийн захирал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт зөвлөх,Филиппин, Тайланд улсад төслийн менежер, мэргэжлийн үнэлээчээр, 2008-2009 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар, 2009 оны тавдугаар сараас МАХН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газарт намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж буй юм байна.
    Мөн “Нийгмийн ардчиллын аян” “МАХН-XXI зуунд” намын хөгжлийн хөтөлбөр, “Ард түмнээ сонсъё” аян зэрэг томоохон ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. 

    МАСЗХ-нд 1999 онд, МАХН-д 2000 онд гишүүнээр элссэн. МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн.
    Хувь хүний хөгжил, философи, утга зохиол, угсаатны зүй, түүхийн чиглэлээр таван ном бичсэн. Алсын хараа ном нь 2009 оны шилдэг борлуулалттай номоор шалгарч байсан гээд багагүй түүх намтартай нэгэн.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж