
Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын Увс аймаг дахь салбараас зохион байгуулсан “Увс түншлэл-2010” үзэсгэлэн худалдаа Улаангом хотод боллоо. Уг үзэсгэлэн худалдаанд 60 гаруй компани, хоршоо, бизнес эрхлэгчид 35 сая шахам төгрөгийн бүтээгдэхүүн дэлгэн үзүүлжээ. Энэ үеэр үзэсгэлэн оролцсон аж ахуйн нэгжүүд 18 сая шахам төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Тус үзэсгэлэн худалдааны тэргүүн байрын Гран при шагналыг Улаангомын Б.Хөхөө эзэнтэй “Хэт цах” хоршоо өөрийн олон төрлийн ногоо, тэдгээрээр ургуулан хийсэн бүтээгдэхүүнээр хүртлээ. 15 үзүүлэлтээр шалгаруулсан энэ үзэсгэлэн худалдаанд оролцогчдын дундаас энэхүү үзүүлэлтийг хангасан хүнсний бараа, эд бараа, сав баглаа боодол зэрэг 15 бүтээгдэхүүн алт, мөн ижил тооны бүтээгдэхүүн мөнгө, хүрэл медаль хүртлээ.