МАХН “дээлээ хөөргөөд” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

МАХН “дээлээ хөөргөөд” эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Манайхан ч хөөрүү юм чинь уяулж сурсан морь гэгчээр дэрвээд л дагаад намирчихна

    Есдүгээр сар гарснаас хойш МАХН хөл хөдөлгөөнд орлоо. МАН гэдэг нэрээ сэргээнэ гээд бүр өмнөх зууны 20 оны “нам нийлж, сэм хуйвалдаж” асан цагийнхаа түүхийг сөхөж эхлэв. Тэр цагийн Ардын намынхан Богд уулын нэг аманд цугларч Түмэнд тунхаглан зарлах бичгээ  гаргаж байсан гэдэг. Харин өнөө үед  “хувьсгалт дээл”-ээ тайлахыг хүсэгч МАН-ын хойчис Төрийн ордон, намын байрнаасаа гадаалж Тэрэлжид уулзан Тэрэлжийн гэсэн угтвартай Тунхаг бичиг үйлджээ. Тэртээ үеийнхэн гамин, барон, лам, феодалуудаас нуугдан хөдөөлж байсан бол орчин цагийнхан жирийн гишүүдээсээ холхон уулзах гэж Тэрэлж явсан юм болов уу даа. Мэлхий хадны хавьд үйлдсэн Тунхаг бичигтээ хуучин МАН гэдэг нэрээ сэргээж, бэлгэ тэмдгээ өөрчилж, ардчилсан социалист үзлээ үндэсний ардчилсан онолоор сольё хэмээн тунхагласан байна. Нэр, үзэл баримтлал ч яахав, яахаараа Социнтернд элсэхдээ авсан зүүний намуудын гол бэлгэдэл улаан сарнайгаа голоод унав гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Гэтэл улаан таван хошуугаа улаан сарнайгаар халахдаа таван хошуу хэлбэрээ алдахгүй гэж таван сарнайн бөөрийг нийлүүлсэн  нь сүүлд харахад жаахан эвгүй хэлбэртэй үзэгдэх болсных гэнэ. Гишүүдийнх нь ёжлон нэрлэснээр “Савны рак” хэмээх болсон бэлгэдлээсээ ичихдээ сарнайнхаа дүрсийг арваннэгдүгээр сард болох их хурлынхаа өмнө арай соёлтой болгох үүргийг МАХН-ын харьяат зураачдадаа үүрэгджээ.

    Намын шинэ нэр бараг тодорхой, удахгүй гоё хэлбэртэй улаан сарнайтай болно. Харин онол номынхоо хувирлыг гишүүддээ яаж ухааруулах вэ гэдэг дараагийн асуудал гараад ирлээ. Эрдэмтдээ цуглуулж энэ талаар хэлэлцлээ. Ер нь дэлхий нийтээрээ улс төрийн намууд баруун, зүүн биш, аль аль руу нь хөлбөрсөн, илүү прагматик гурав дахь зам руу орсон шүү гэсэн илтгэл давамгайлав. Сонгуулийн дараа аль нэг намтай хамтармаар бол “манайх зүүн тийш, танайх баруун тийш марш” гэхгүй сарьсан багваахай гэгчээр шүд, далавчаа үзүүлээд сууж байхад амар л болох юм байна. Үзэл баримтлалын зөрчилдөөн гарахгүй болох нь ээ, янз нь. Улаан ч биш, цэнхэр ч биш, хөхөлбөр ягаан намууд нэг дээвэр дор ороход бие биеэ ад үзээд байх үндэсгүй болох юм байна.

     МАХН-ын гол онолч, Нагаржунайн үзлийн загалмайлсан эцэг, эрдэмтэн Б.Даш-Ёндон гуай “Үндэсний ардчилсан үзэл бол  мон­гол үндэстэн өөрийн ухамсар, ухаанаараа өөрийгөө авч явж, онцлог нөхцөл байдлаараа хөгжин цэцэглэх нь илүү найдвартай юм гэсэн санаа. Монгол Улс дэлхийн орнуудын хэддүгээрт бүртгэгддэг юм, төддүгээр л үзэл санаа билээ” гэсэн нь “Эд маань дахиад л нагаржунайтах нь уу” гэсэн эргэлзээг төрүүлж орхив. Үзэл баримтлалаа дугаарлана гэхээр Монгол Улс дэлхийн улсуудын хойхнуур ордог болохоор МАН нэлээд буурай онолтой нам болж таарах нь уу гэх эргэлзээг ч төрүүлмээр. “Манай Монгол үндэстэн асар их баялаг бүхий өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай, дэндүү чөлөөтэй “царайлаг хүүхэн” болчихоод байна. Үндэстнийг “хүчиндэх” арга олон. Тэдгээрт өртчихгүй байх нь монгол үндэстэн бидний нэгэн чухал зорилго болой” хэмээн Б.Даш-Ёндон гуай илтгэснээс үзвэл уул уурхайн асар их баялагтай  Монгол Улсаа гаднын хөрөнгө оруулагчдад “хүчиндүүлэхгүй” гэсэндээ МАХН үндэсний ардчилсан үзэл авах гэж буй бололтой юм. Нөгөө “Сүхбаатар” кинон дээр Янжмаа гамингийн даргыг хуурч нүүрэндээ будаг наагаад хүчиндүүлэлгүй өнгөрдөг шиг арга нь үндэсний ардчилсан онол ч юм уу гэмээр.

    Гэхдээ МАХН “хэрхэн хүчин­дүү­лэхгүй байх тухай” иймэрхүү бантан маягийн онол ярьж суух нь УИХ-ын дараагийн сонгууль дөхсөний дохио болж хүний сэтгэл хөөргөөд эхэллээ. Нээрээ л жирийн гишүүд нь манай нам “хүчиндүүлэхгүйн онол”-оо яриад сонгуульд уриалаад эхэллээ шүү хэмээн ухуулга сурталчилгаа хийх өрхүүдээ бүртгэх зуур мөнөөх айлууд нь ч МАХН дуугараад уналаа. Шуудай гурил, атга будаа, зурагтай аяга, логотой цагаа тараах дөхөж дээ” хэмээн санаа авах жишээтэй. Захдуу газрын залуучууд бол сайхан шоу үзэж хөлийн загатнаа гаргах далим хэмээн сонгууль хүлээж, Долгор эмгэн даралтаа үнэгүй үзүүлж, Дорж өвгөн ухуулгад нь явангаа  хэдэн үнээндээ шуудай хивэг олчих юм шүү гэж тооцоолох тийм цагийн сануулга нь  нэр солих, үзэл баримтлал урвуулах нэртэй РR болоод явчихлаа.

    Ерэн жилийн тэртээгээс сурсан зангаараа туг лозун намируулж, онол ном ярьж, сүүлд нэмж олсон дадлаараа атга гурил, будаа тарааж хөдөө нутгаар шоу түгээх ажил эхэлж байгаа нь энэ. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, элдэв концерт, тоглолтыг хаасан болохоор сонгуулийн тов зарлахаас наана “Хүчиндүүлэхгүйн тулд үзэл баримтлалаа сольсон тухай” хэмээх лекцийг орон нутгаар ун­шингаа сонгуулийн кампани дундуур хориглодог болгоныг амжуулж хүний сэтгэл хөөргөх аяндаа МАХН-ынхан мордох бэлтгэлээ базааж байна.

    Бас залуучуудын байгууллагынхаа даргыг шинэчлэх гэж байна. МАХН-ын Удирдах зөвлөл хэмээх “гол” байгууллага нь МАХН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга Л.Оюун-Эрдэнэ гэдэг залуугийн нэрийг дэвшүүлээд батламжлуулахад бараг бэлэн болгочихлоо. Тэгэхээр ирэх сонгуульд залуусын сэтгэлийг байлдан дагуулах ажлыг Л.Оюун-Эрдэнэ манлайлан хийх нь тодорхой боллоо. Удахгүй эмэгтэйчүү­дийн байгууллагын даргыг шинэчилнэ. Залуу­­­чуу­д­аасаа урьтаж эмэгтэйчүү­дийн даргаа солих байсан ч олон даргын олон фракциас санал бол­госон бүсгүйчүүд дотроос хэнийг хүү болгож түлхэхээ шилж сонгож ча­далгүй гацаад байна. Удахгүй эм­ эг­тэй­чүү­дийн дарга тодорч ирэх сонгуульд бүсгүй сонгогчдыг уриалах эзэнтэй болно.

    Ирэх 2011 он гарав уу, үгүй юү, шинэ онолтой, шинэ нэртэй, шинэ сарнайтай МАН-ынхан хөдөө, хотод уриа, лозунгийн их давалгаа түгээхээр мордох гэж байна. МАХН дээлээ хөөргөөд эхэллээ. Манайхан ч хөөрүү юм чинь уяулж сурсан морь гэгчээр дэрвээд л, дагаад намирчихна. Харин нөгөө Эх орны хишиг, улс төрийн амлалт, 1,5 сая төгрөг их тунхаг, их урианы цуурай, бөөн сэтгэлийн хөдөлгөөнд замхраад атга гурилаар арилжигдаад өнгөрөхгүй л байгаасай.

            Д.ОЮУНЦЭЦЭГ     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж