Манайх эрчим хүч нийлүүлэгч орон болох боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Манайх эрчим хүч нийлүүлэгч орон болох боломжтой

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундраатай ярилцлаа.

    -Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гэхээр олон хүнд шинэ сонсогдож байгаа. Гадаад харил­цааны яаманд Цөмийн эрчим хүчний салбар хариуцсан Элчин сайд гэж яагаад томилсон нь мэдээж энэ салбар манайд шинэ тутам байгаатай холбоотой байх, тийм үү?

    -Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд гэдэг нь тодорхой асуудал эрхэлж томилогддог. Цөмийн салбар нь манай орны хувьд гадаад бодлогын нэгэн чухал салбар болж байна. Энэ шинэ салбар учир чухал түнш болох хоёр хөрш Орос, Хятад улс, гурав дахь түнш болох Канадаас эхлэн олон оронтой бодлогын харилцаатай байх шаардлагатай.

    -Та өөрөө энэ салбарт ажиллаж байсан уу?

    -Миний хувьд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Олон Улсын Аюулгүй байдал хамтын ажиллагааны төвд зочин профессороор ажиллаж, ураны олборлолт ашиглалт, цөмийн циклийн судалгаа хийж байсан. Мөн Стэнфордын их сургуулийн Олон Улсын бодлого судлалын тэнхимд Цөмийн эрчим хүчний бодлогын орчин үеийн асуудлууд сэдвээр багшилж байсан. Энэ оны долдугаар сараас Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар ажиллаж байна.

    -Тэгвэл цөмийн эрчим хүчний асуудлаар манай төрийн бодлого ямархуу түвшинд яваа вэ?

    -Цөмийн эрчим хүч, цацраг идэвхт бодис ашиглах тухай хууль батлагдаад жил гаруй болж байна. Мөн энэ салбарыг хөгжүүлэх тухай Засгийн газрын хөтөлбөр боловсруулагдсан.

    Түүнчлэн Цөмийн салбар гадаад орнуудтай нягт уялдаатай ажиллах шаардлагатай стратегийн салбар гэдэг утгаараа Гадаад орнуудтай Цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр батлагдсан. Ажлын явцын тухайд хууль эрх зүйн орчны асуудал урагштай яваа.

    -Цөмийн эрчим хүчний салбар нь манай орны хувьд хэр ирээдүйтэй вэ?

    -Цөмийн эрчим хүчний салбарыг зөвхөн Монголын эрчим хүчний хэрэгцээ гэх талаас нь харалгүй хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчны дулаарлыг сааруулах өргөн утгаар нь авч үзвэл ирээдүйтэй. Нүүрс ашигладаг цахилгаан станцыг бодвол цөмийн станц илүү ирээдүйтэй байна. Тэр үүднээс цөмийн эрчим хүчийг үйлдвэрлэх нь стратегийн ач холбогдолтой. Сэргээгдэх эрчим хүч гэдэг талаасаа нар салхины эрчим хүч бас мөн дэмжигдэж байгаа. Гэхдээ өгөгдлийн хувьд нар салхины тогтвортой хангамж нь бэрхшээл үүсгэж байна. Мөн өртгийн хувьд өндөр. Иймд суурь эрчим хүчний хувьд цөмийн эрчим хүч маш чухал үүрэгтэй болж байгаа юм.

    Нэгдүгээрт, манайх дэлхий нийтийн чиг хандлагыг дагах нь зүйтэй. Түүхий эдийн нөөцөө харвал манай улс эрчим хүчний нийлүүлэгч орон болох боломжтой.

    Энэ салбарын анхны суурийг зөв тавьж өгөх, зөв хөгжүүлбэл маш чухал салбар. Өндөр мэргэжилтэй боловсон хүчин шаарддаг учраас технологийн бааз сууриа бэхжүүлэхэд хөшүүрэг болгон ашиглах боломжтой.

    -Монгол Улсад цацраг идэвхт бодис ашиглах тухай, Цөмийн энергийн тухай бодлого батлагдсан. Харин бодлогыг хэрэгжүүлэх бүтэц бүрэлдэхүүн тодорхой болсон уу? 

    -Энэ бол Монголын хувьд харьцангуй шинэ салбар. Бүтцэд нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цөмийн энергийн газар байна. Мөн Төрийн өмчит “Мон Атом” компанийг байгуулсан байгаа.  Ерөнхийдөө хууль эрх зүйн орчин нь бүрдсэн.
    Гэхдээ цацрагийн хяналтын асуудал, лиценз олголтын асуудал, хэрэгжилтэд хяналт тавих, цөмийн эрчим хүчний бизне­сийн орчинг хөгжүүлэх гээд энэ бүх ажлууд нь явцын дунд турш­лагаар хуримтлагдах юм. Тогтсон практикаар бол хяналт тавих асуудал болон энэ салбарын “promotion” нь тусдаа байх ёстой. Одоо­гийн байдлаар энэ хоёр нь Цөмийн энергийн газрынхаа дор хамт байгаа.  Улам боловсронгуй болгоё гэвэл энэ хоёр функцийг салгаж өгөх хэрэгтэй.

    -Их ашиг араасаа их эрсд­лийг дагуулдаг гэдэг. Газар хөдлөл, чичирхийллийн онцгой идэвхтэй бүсэд хэт гүн өрөмдлөг явуулсан тохиолдолд хүчтэй газар хөдлөлт үүсэх зүйл байдаг. 2006 оны сүүлээр Швейцарт халуун-хуурай технологиор хийсэн өрөмдлөгөөс үүдэн Рихтерийн шатлалын 3,5 балл хүрэх хэмжээний газар хөдлөлт болж, эд материалын нилээд хохирол учирч байсан. Үүнээс гадна газрын гүнээс татаж авсан ус байгаль орчинд халтай эрдэс бодис агуулж байх магадлалтай гэдэг шүү дээ?

    -Тийм шүү. Эрсдэл байлгүй яах вэ. Хүн төрөлхтний мартаагүй түүхүүд байна. Чернобилийн ослыг хүмүүс мэдэх байх. Америкийн жишээ байна. Японд ч гэсэн саяхан газар хөдөлж, өндөр хүчин чадалтай цөмийн цахилгаан станц хаагдаад, шалгагдаж байна. Одоогоор шалгалтынхан бүтэц нь интеграл байсан эсэхийг нь тогтоох гэж байна.

    Аюулгүй ажиллагаа бол цө­мийн станцын хамгийн тэр­гүү­ний шаардлага. Газар хөд­лөл­тийн идэвхтэй бүсэд байдаг Япон улс энэ тал дээр харьцангуй туршлага хуримтлуулж байна. Америкийн тохиолдол дээр ч хүний амь нас эрсдээгүй. Орчин үеийн технологиор цахилгаан станцыг ямарваа нэгэн чичиргээнд автоматаар унтраадаг аюулгүй байдлыг технологитой. Байгаль орчны хувьд ч уул уурхайн бусад салбаруудтай адил байгаль орчны нөхөн сэргээлт зөв  хийхгүй, байгаль орчинг бохирдуулбал эрсдэл гарна. Тиймээс өндөр технологийг авч хэрэглэх, стандартад суралцах ажлыг яаралгүйгээр зөв хийх шаардлагатай.  

    -Манайд Цөмийн эрчим хүч­ний салбарыг авч явах ашигт малт­малын нөөц хангалттай юу? 

    -Монголын батлагдсан нөөцийн хэмжээ 65 мянган тонн.  Байж болох нөөцийн хэмжээ 1.4 сая тонн. Батлагдсан нөөцөөр Монгол улс дэлхийд 14 дүгээрт орж байгаа. Харин байж болох нөөцөөр хамгийн баялагтай эхний гурван улсын тоонд багтаж байна. Мэдээж бодит тоог хайгуул хийгдэж батлагдсан нөөцөөрөө тооцдог.  Хайгуул хийж баталгаажилт хийсээр байгаа учраас жил ирэх бүр батлагдсан нөөц нэмэгдэнэ.

    -Арван килограмм ураныг боловсруулснаар хоёр сая хүнтэй хотыг эрчим хүчээр хангах боломжтой гэдэг.  Энэ үнэн бол нэлээд өндөр хэмжээний боловс­руулалт хийж таарна. Ураны бо­ловс­руулалтын явцад хөргөх техно­­логид усыг их хэмжээгээр ашигладаг гэсэн. Энэ дагалдах нөөц хангалттай юу?

    -Энэ нь цахилгаан станцын төрөл, чанар, ямар загвар вэ гэдгээс шалтгаална. Гэхдээ үнэхээр бага хэмжээний материалаар асар их хэмжээний цахилгааныг үүсгэдэг нь цөмийн эрчим хүчний онцлог. Хөргөлтийн хувьд усаар хөргөдөг технологи бий. Гэхдээ давстай усаар хөргөх энэ арга нь далайтай оронд илүү тохиромжтой.

    Манайд голын усаар хөргөхөд бэрхшээлтэй. Усны нөөц багатай учраас. Тиймээс реакторын хувьд хий эсвэл хар тугалгаар хөргөдөг технологийг ашиглах нь манайд тохиромжтой.

    -Цөмийн цахилгаан станц хэр зардалтай вэ?

    -Үйл ажиллагааны зардлын хувьд нүүрс, байгалийн хий ашиглах түлшний зардал бага. Урт хугацаанд ашиглагдах боломжтой. Түүнчлэн нүүрсэн дээр карбонтакс буюу татвар ногдуулахад хаягдлын зардал нь бодит үнэдээ шингэж байвал.

    -Хаягдал хэр их гарах вэ. Бусад улс орнуудад хаягдлын асуудал хурцаар яригдаж байна?

    -Хаягдлын хэмжээний хувьд бага.  Японы хувьд хуурай газар багатай тул хаягдлыг хадгалах тал дээр бэрхшээлтэй байгаа. Мөн улс төрийн үүднээсээ ард түмэн нь эсэргүүцээд. Хэт их айх айдас нь бэрхшээл болоод байна. 

    АНУ бол газар нутаг томтой. Невада мужид хаягдлаа хадгалах шийдвэр гараад 30 жил болж байгаа боловч саяхан ерөнхийлөгч Обама үүнийг зогсоосон. Техник технологийн хувьд тэнд хадгалах боломжтой боловч ард иргэдийн эсэргүүцлийн улмаас, улс төрийн шийдвэрээр  боломжгүй болсон.

    Харин Финлянд зэрэг орнууд эхнээсээ ард түмэндээ зөв ойлгуулаад, хор холбогдлыг таниулаад, эрсдэл, үр ашгийг зөв тооцсон тул бодит хэмжээгээрээ бага хаягдал гаргаж байна.  Нүүрснээс уул овоо шиг их үнс гаргаж байхад цөмийн станц олон жил ажиллаад маш бага хаягдал гаргадаг.

    -Цөмийн эрчим хүч ямар нэг байдлаар эрсдэлтэй, аюултай ураас “Аюултай хог хаягдал” гэж нэрлээд өөр улсуудад булшилдаг юм биш үү?

    -Одоогоор тийм зүйл бараг гарахгүй байгаа. Харин нэг зүйлийг хэлэхэд Францууд цөмийн хөтөлбөрт хайртай. Цөмийн үйлдвэрлэлээ үндэсний бахархал гэж үздэг ард түмэн. Бусад орнуудын түлшийг түр хугацаанд хадгалах, дахин боловсруулж өгөх ажил хийгээд тэр үйлчилгээнээсээ ашиг олж байна.  Жишээ нь Япон улсад хаягдлыг ялгаад хэрэгтэй хэсгийг нь авах боловсруулах үйлчилгээ үзүүлж байгаа.

    -Манайхан энэ салбарын үйл ажиллагааг хэрхэн хүлээж авах бол. Төрийн бодлого шийдвэрийг шүүмжлэх хүн олон байгаа үед айдас зайлшгүй үүсэх л байх даа?

    -Хүн ер нь мэдэхгүй зүйлээсээ айдаг. Финляндын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн бодлогыг харвал энэ асуудлыг олон нийтэд нээлттэй байлгаж энэ асуудалд эртнээс анхаарсан байсан. Орон нутгийн засаг захиргааны байгууллагатай нягт ажиллах, иргэдийн байгууллагатай нягт ажиллах, дээр нь мэдлэгийг дунд сургуулийн боловсролд суулгаж, олон нийтийн саналыг оролцуулсан шийдвэр гаргаж байж энэ үр дүнд хүрсэн. Ингэснээр цөмийн эрчим хүчний асуудлыг дэлхий дээр хамгийн анхны амжилттай шийдэж чадсан улс болсон юм.

    -Энэ салбарт Япон, Франц, Энэтхэг гээд гадаадын олон улс орон, компаниуд орж ирэх сонирхолтой байна. Манайд аль талтай нь хамтрах ашигтай вэ?

    -Францын “Арива” компани, Канадын “Деннисэн Майнд”, ОХУ-ын “Хаан ресурс” гээд олон компани энэ салбарт хамтран ажиллах хүсэл сонирхлоо илэрхийлсэн. Мөн Японы “Мицубиши” корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ер нь Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой улсууд олон бий.

    -“Хаан ресурс” компаний асуудал шүүхэд явж байгаа. Энэ нь бас л манай хууль эрх зүйн орчин дутмаг байгаатай холбоотой юу? 

    -Шүүх л шийдэх асуудал шүү дээ. “Хаан ресурс”-ын лицензийг хүчингүй болгосон нь буруу гэж үзээд тэр шалтгаанаар шүүхэд хандсан. Зохих шугамынхаа дагуу шийдвэр гаргах байх.

    -Саяхан Улаанбаатарт болоод өнгөрсөн Зүүн хойд Азийн эдийн засгийн форум дээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний ач холбогдолтой болох, эрчим хүчний эх үүсвэр болоход анхаарлаа хандуулна гэж онцолж байсан. Цөмийн эрчим хүч экспортлоод эхэлбэл ямар ач холбогдолтой вэ. Хэзээнээс эхлэн Монголын эдийн засагт үр ашгаа үзүүлэх боломжтой талаар хийсэн тооцоо бий юу?

    -Үүнийг яах аргагүй авч үзэх асуудал мөн. Гэхдээ одоогоор нарийвчилсан тооцоо хийгдээгүй. Үнэ өртгийн хувьд хэдий үед нийлүүлэх зэрэг тооцоог хийхэд, харьцангуйгаар тогтооход төвөгтэй. Прогноз нь зөв буруу эсэхээс хамаарч үр дүн янз бүр гарах учраас тэр.

    -Тэгвэл энэ салбарт Монголын хувьд хамгийн тэргүүн ээлжид шийдэх ёстой ямар асуудал байна вэ. Өндөр технологи шаардах учир ажиллах хүчний нөөцөөс эхлээд дутагдалтай биз дээ?

    -Манай улс демографийн хувьд их залуу ард түмэн. Энэ олон залуучуудыг инженерийн сургалтад хамруулах, бодлогоор зохицуулах, техникийн ажилтнуудаа дотоодод бэлтгэх, үйлдвэрлэл дээр ажлуулахыг зохицуулах гэх мэт асуудлууд хамгийн чухал болж байна.

    Сургалтын хувьд бусад салбартай харьцуулахад хуучин байгаа техник технологийн бааз дээрээ суурилаад аваад явах боломжтой. Цөмийн салбарт хамгийн их хэрэгтэй мэргэжил бол механик болон металлургийн инженер. Дээрээс нь цөмийн инженер, химийн инженер гээд мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгтэй болно.

    Б.ЭНХМАНДАХ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж