Нэрэмжит гудамж нэг төрлийн авлига биш биз

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Нэрэмжит гудамж нэг төрлийн авлига биш биз

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Аливаа улс орны хөгжлийн түүхийг нийслэл хотынх нь гудамж талбайн нэршлийн түүхээс харахад амархан ойлгогдоно. Ялангуяа ядуу буурай орнуудынх бүүр ч амархан байх бололтой.

    Монгол Улсад гудамж талбайг хэзээнээс эхэлж  тогтсон хаягаар нэрлэх болсныг нарийн тодорхой хэлэхэд бэрх. Тэртээ ХХ зууны эхэн үед Нийслэл хүрээнд Гандангийн дэнж, Зүүн хүрээ, Консулын дэнж, Маахуур толгой гээд тодорхой хэдэн газрыг байрлалаар нь нэрлэсэн болохоос яг нэрлэсэн гудамж ховор байжээ. Харин Баруун Сэлбэ, Зүүн сэлбэ,   Хятад Шиянз,  Усны гудамж цөөн хэдэн нэртэй гудамж байсан нь төр засгийн зүгээс зүйлчлэн олгосон нэр биш билээ. Зөвхөн хүмүүсийн аман ярианд тулгуурласан энэ гудамж хот хүрээнийхнийг зүг чигээ баримжаалахад л дэм болохоос цаашгүй байжээ.

    Ардын хувьсгал ялан мандсанаас хойш аливаа бүхнийг хувьсгалын жолоодогч нартай холбон үзэх нь их болсон билээ. 1940-өөд оноос л Улаанбаатар хот маань хотын дүр төрхийг олж эхэлж, орчин цагийн барилга байшин нэмэгдэж, зам талбайгаа засах болж, тэр үед төв талбайгаа Сүхбаатарын талбай хэмээн нэрлэж, баруун талынх нь зам дагуу гудамжийг Сүхбаатарын гудамж, зүүн талынх нь гудамжийг Их сургуулийн гудамж хэмээн нэрлэх болжээ. Үүнээс хойш Сталин, Чойбалсан, Маркс, Энгельсийн гээд бүүр цаашилбал Шмераль, Брежневийн нэрэмжит гудамжууд нэмэгдэх болсон. Заримдаа манай нийслэлийн гудамжийн нэр хаягийг харахад Монголд биш харин Орост ч юм уу, эсвэл Европт байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан гэхэд хэтрүүлэг болохгүй.

    Ерээд оны эхэн үед үндэсний ардчилсан үзэл дахин сэргэхийн хэрээр монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэрээр гудамж талбайг нэрлэх нь нэмэгдсэн. Тэглээ гээд Богд хааны нэрэмжит гудамж бий болсонгүй. Гэтэл өнөөх Энгельсийн гудамж одоо хэр нь хуучин нэрээрээ л дуудагдаж шинэ баригдаж байгаа гүүрэн замыг эрх баригчид энэ л нэрээр сурталчилсаар байна.

    Одоо манай нийслэлд харийн хотын нэрээр гудамж талбайгаа нэрлэх шинэ моод дэлгэрээд удлаа. Анх Сталины гудамжийн нэрийг өөрчлөхдөө БНСУ-ын нийслэл Сөүл хотын нэрийг өгч, үүнийхээ төлбөрт энэ гудамжийг чамгүй сайн тохижуулж авсан. Дараа нь Их тойруугийн нэг хэсэг болох XIII хорооллын зүүн талын гудамжийг бүүр Сөүл хотын Намьянжу дүүргийн нэрэмжит болгож мөн л зам талбайг нь зассан гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ Намьянжу дүүрэг энэ замыг засаагүй бөгөөд тухайн үед М.Энхсайханы Засгийн газар ердөө 0,8 км замыг урьд өмнө хаана ч дуулдаж сонсогдоогүй их үнээр/ тэр үед 1 км замыг 40 сая төгрөгөөр шинээр тавьдаг байсан. Харин энэ замыг 280 сая төгрөгөөр/ зассан гэдэг. Харин Намьянжу дүүрэг амласнаа огт биелүүлээгүйгээр барахгүй өөрийн соёл мэдээллийн төв хэмээх олон давхар барилга барьж, монголчуудын мөнгийг хүүлэх элдэв янзын үйл ажиллагаа л явуулж байгаа билээ. Ийм маягаар бас нэгэн нэр зээлж авсан гудамж бол Их тойруугийн Сэлбийн гүүрний зүүн талаас Сансрын тойрог хүртэлх гудамж юм. Энэ гудамжийг мөн л Сөүл хотын нэгэн дүүргийн нэрээр нэрлэж, төлбөрт нь мөн л 0,8 км зам засуулж авсан. Солонгосчууд тавьсан зам болгоныхоо эхэнд өөрсдийнхөө хот, дүүргийн хаягийг солонгос ханзаар сийлж үлдээдэг уламжлалтай юм байна. Ингэж тэгсээр байтал манай Улаанбаатарт монгол нэртэй гудамж бараг үлдэхгүй нь бололтой. Токиогийн л гэнэ, Деньверийн л гэнэ хотуудын нэртэй гудамж нэмэгдсээр л… Удахгүй Москвагийн, Бээжингийн нэрэмжит гудамж бий болох юм гэнэ лээ. Тэр бүхнийхээ төлбөрт гудамж талбайг нь засуулж авна гэдэг боловч бүрэн гүйцэд тоймтой зүйл хийж үлдээж байгаа нь тоотой цөөхөн.

    Жил бүр л зам талбайг засна гээд нийслэлийн төсвөөс 3-8 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Арай энэ их мөнгө нөгөө нэрэмжит гудамжны санхүүжилттай холилдоод хэн нэгний халаас руу сул урсаад байгаа юм биш биз ээ. Нэрэмжит гудамж нэг их өнгө ордоггүйн учрийг үүнээс хайвал яасан юм бэ, дарга нар аа…!!!
     

    Г.ЭНХБААТАР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж