Сургуулийн чанар төлбөртэйгөө дүйцдэг үү?

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Сургуулийн чанар төлбөртэйгөө дүйцдэг үү?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сүүлийн үед Улаанбаатар хотод хувийн
    сургуулиуд олноороо байгуулагдах болсон. Гэхдээ энэ хувийн сургуулиудад
    жирийн ардын хүүхэд сурна гэдэг амаргүй. Яагаад гэвэл төлбөр нь өндөр
    учраас. Төлбөр өндөртэй хувийн сургуулиудыг “International school of
    Ulaanbaatar” гэх сургууль 4500 долларын төлбөртэйгээр маг­найлж явна.
    Энэ сургуульд манай урлаг соёлын “одод”, улс төрийн зүтгэлтэн,
    биз­несменүүдийн хүүхдүүд су­ралцдаг. Энэ мэтчилэнгийн урт цуваа
    цаашаагаа “Hobby”, “Сант”, “Орчлон” гээд явж өгнө. Эдгээр сургуулиудын
    сур­галтын төлбөр нь 1000-1800 ам.долларын хооронд хэл­бэлздэг. Гэхдээ
    мөнгө төлж сур­сан, мөнгө төлөөгүй сурсан хоёрын хооронд ямар ялгаа
    бай­даг вэ? Тэдний хажууд элдэв, шал­дав мөнгө төгрөг нэхдэггүй ерөнхий
    боловсролын сур­гуулиудын сургалтын чанар бараадах болов уу?

    Элсэлтийн ерөнхий шал­галтын үеэр аль сургууль, хэд­­дүгээр байрт
    жагссан бэ гэд­­гийг харвал уг нь зарим нэг зүйл тодорхой болох юм. Энэ
    судалгааг хийх ёстой бай­гууллага нь Боловсролын үнэлгээний төв. Гэвч
    тэд өнөөдрийг хүртэл энэ судалгааг хийж байсангүй. Энэ жилээс хийх гэж
    оролдож байгаа аж. Элсэлтийн шалгалтад тэнцсэн хүүхдүүдийн нэр,
    регистрийн дугаарыг компьютерт хий­чих­сэн мөртлөө төгссөн
    сур­гуулиудынх нь нэрийг гаргахад цаг их алдаж байгаа гэнэ. Гэхдээ ирэх
    аравдугаар сарын дундуур гэхэд энэ судалгааны дүнг харах боломжтой болох
    нь.

    Энэ жилийн ерөнхий боловс­ролын сургууль төг­сөгчдийн элсэлтийн ерөнхий
    шалгалтын дүнг харахад мэргэжлийн бүх хичээлээр Улаанбаатар хотод
    шал­галт өгсөн сурагчдын эхний 50 байрт үнэтэй сургуулиудын жагсаалтыг
    магнайлдаг “International school of Ulaanbaatar” гэх мэт өндөр төлбөртэй
    сур­гуулийн бараа ч алга. Хувийн сургуулиудаас “Hobby”, “Орчлон”, улсын
    сургуулиудаас лицей нэгдүгээр сургууль, бид­ний хэлж заншсанаар Орос
    гуравдугаар сургууль, тав­дугаар сургуулиуд багтсан байна.

    Мэдээж бүх ерөнхий бо­ловс­ролын сургуулиуд адил­хан хэмжээнд байна гэж
    үгүй. Ихэвчлэн хотын төвийн сургуулиудын сургалтын чанар нь гайгүй
    байна.

    Эндээс харахад их мөнгө төлж сурах, мөнгө төлөхгүй сурах хоёрын хооронд
    ямар ч ялгаа алга. Тиймээс Боловс­рол, соёл, шинжлэх ухаа­ны яам хувийн
    их, дээд сургуулиудыг магадлан ит­гэм­жилдэг шигээ хувийн дунд
    сургуулиудыг магадлан ит­гэмжлэхгүй бол болохгүй нь. Гэхдээ тэр
    итгэмжлэл нь байр­ны тохижилтыг харах биш сур­галтын чанарыг нь харж
    ит­гэмжилдэг баймаар. Учир нь хүмүүс хүүхдээ чанартай бо­ловс­рол
    эзэмшүүлэх гэж арван хэдэн сая төгрөг зарлагадаад бай­хад хүүхэд нь сайн
    их, дээд сур­гуульд орж чадахгүй бол дэн­дүү харамсалтай.

    Ерөнхий боловсролын сур­гуулиудад бас асуудал байна аа. Гүнзгий анги
    хэмээн нэр­­­­лэсэн сарын 95 мянган төгрөгийн төлбөртэй анги байх. Гэтэл
    хуулиндаа “ерөнхий боловс­ролыг үнэ төлбөргүй олгоно” гээд заачихсан
    байдаг. Тэгсэн мөрт­лөө гүнзгий ангийн үздэг хи­чээл, жирийн ангийн
    үздэг хи­чээл хоёр нь хоорондоо ба­раг ялгаагүй байгаа юм. Эл­сэлтийн
    ерөнхий шалгалтан дээр жирийн ангийн хүүхэд нь, гүнз­гий ангийнхаа
    хүүхдийн дээр гарч л байдаг. Энэ бүгдээс хар­вал хувийн болон улсын
    сур­гууль, гүнзгий болон жирийн ангид сурах нь ямар ч ялгаагүй, зөвхөн
    тухайн хүүхдээс хамааралтай ч юм шиг.

    Гадны  орнууд тухайлбал Сингапур оронд дунд сургуулиудыг гурван
    зэрэглэлд оруулсан байдаг. Зэрэглэлд орсон сургуулиудын төгсөгчдийн
    чанараас хамаарч аль зэрэглэлээс хасч, аль зэрэглэлд оруулахыг шийддэг
    байна. Тэнд хувийн сургууль нээнэ гэдэг амаргүй. Сингапурт очсон гадны
    иргэн сургууль байгуулна гэвэл бүр ч хатуу. Харин манайд бол гадны хүн
    хүрч ирээд сургууль байгуулаад, төлбөрөө дуртайгаараа хэлээд явж байгаа
    нь хариуцсан яамны бодлоготой л холбоотой.

    Мөнгө төлж сурах уу, төлөхгүй сурах уу?

    Б. Болорсүх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж