Хөрөнгөжихийг хүсвэл бүртгэлээр баталгаажуул

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Хөрөнгөжихийг хүсвэл бүртгэлээр баталгаажуул

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголчууд багаар бодоход сая орчим үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх боломжтой гэнэ. Гэтэл одоогийн байдлаар 360-370 мянга орчим нь албан ёсоор бүртгэлтэй, үүний 190 мянга гаруй нь нийслэлд бүртгэгджээ.

    Хөрөнгөтэй болохыг хүсдэггүй хүн үгүй. Яаж ийж байгаад өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болохын тулд хуруу хумсаа хугалан хичээгсэд олон. Энэ бол маш сайн эрмэлзэл. Гэвч харамсалтай нь арайхийн хөрөнгөтэй болмогцоо цаашихыг нь үл тоон орхидог гэм бидэнд буй. Үүнээс болж өнөөдөр дэлхий дээр 10 их наяд ам.доллартай дүйцэхүйц хөрөнгө үхмэл байдлаар оршиж байгааг Перугийн эдийн засагч Эрнандо дэ Сото Монголд ирэхдээ онцолж байсан. Монголчуудын хувьд хөрөнгийн эрх, өмчийн эрхийн талаарх ойлголт тун ядмаг байдаг нь нэг сууринд удаан тогтдоггүй нүүдэлчдийн араншингийн илрэл гэлтэй.

    Дээр нь далан жилийн турш хөрөнгөтнүүдийг үзэн ядуулж сургасан социалист  үзэл суртлын  нөлөө ч их. Хөрөнгө мөнгө хураасан нэгнээ “феодал”  хэмээн хочилж, сийрэг ухаан гарган арилжаа наймаа эрхлэгчдийг “панзчин” гэж  адалж байсны балгаар олонх монголчууд “гахай явган, нохой нүцгэн” зах зээлийн нийгэмтэй золгосон. Гэвч яг үнэндээ бол ард олноо ийн мунхруулчихаад хэдэн дарга нар нь хүүхдээ гадаадад сургаж, хамаатан саднаа орон байртай авч гарсныг хот хөдөөгийн хаанаас ч харж болно. Харин нохойд барих мод ч үгүй зах зээлд орсон олонх монголчууд одооноос л хөрөнгө мөнгө хураах, түүнийгээ бүртгүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад өвлүүлэх гэх мэтийг арайхийн ойлгож эхэлж байна. Монголын хэвлэлийн хүрээлэнд өчигдөр зохион байгуулсан “Өмчийн эрх ба эдийн засгийн өсөлт” сэдэвт сургалтын үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх Демир Енер болон Мянганы сорилтын сан /МСС/-гийн хөрөнгийн эрхийн төслийн ажилтан П.Марианна нар ч үүнтэй санал нэг байсан. Монголчуудад хөрөнгийн эрхийн талаар ойлгуулж, хөрөнгөөрөө хөрөнгө босгох арга ухааныг одоо л сургахгүй бол хожимдоно гэдгийг эдийн засагч Д.Жаргалсайхан мөн үеэр онцолсон.

    Хөрөнгийн талаарх олон нийтийн ойлголт ядмаг байх тусмаа эрх баригчдад, нийтийн өмч хөрөнгийг явцуу эрх ашигт нийцүүлэн зувчуулагсдад ашигтай байдаг аж. Тиймдээ ч төр засгийнхан хүн ардаа хөрөнгөжүүлэхэд санаа тавихгүй өнөөг хүрчээ.  Монголчууд багаар бодоход сая орчим үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх боломжтой гэнэ. Гэтэл одоогийн байдлаар 360-370 мянга орчим нь албан ёсоор бүртгэлтэй, үүний 190 мянга гаруй нь нийслэлд бүртгэлтэй. Эдийн засгийн хувьд хүчирхэгжин тогтносон улс орнуудад өмчийн эрхээ хэрэгжүүлэх тогтолцоо бүрэлдсэн байдаг. Иргэн хүний өмчөө захиран зарцуулах эрх ямар байгаагаас тухайн улс орны эдийн засагт асар том ялгаа байгааг харж болох гэнэ. Хэдхэн жилийн өмнө тохиолдсон  Цунамигийн улмаас Индонези, Тайландын 250 мянган хүн амь насаа алдаж, түүнээс хэд дахин олон хүн өмч хөрөнгөө сүйтгүүлсэн ч албан ёсоор бүртгэлжүүлээгүй байсан учир юу ч үгүй хоцорчээ. Харин АНУ-ын Нью Орлеан болон Луизианнад болсон Катарина хар салхины үеэр орон гэр, эд хөрөнгөө алдсан хүмүүс бараг зуун хувь хохирлоо барагдуулсан байна. Энэ бол хөрөнгөө бүртгүүлж, үнэлж чадаж байгаагийн ердөө ганц л жишээ. Одоогоос долоон жилийн өмнө буюу 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс газар өмчлүүлэх ажлыг эхлүүлсэн. Түүнээс өмнө газрыг юман чинээ тоож, эзэмшиж, ашиглахыг  хүсдэг хүн цөөн байсан гэж болно. Эхлээд айл өрх бүрт өмчлүүлж байсан бол өдгөө иргэн бүрт газар өмчлөн авах эрх бий. Өргөн уудам газар нутгаараа дэлхийд гайхуулдаг төдийгүй нэг хүнд 60 гаруй га газар ногддог ч өнөөдөр нийслэл болон хот суурин газарт иргэддээ өмчлүүлэх газар олдохгүйд хүрээд байна. Өнгөц харвал газрын үнэ цэнийг монголчууд тун сайн мэдэрчээ гэсэн дүгнэлт хийж болохоор. Гэвч газраа үл хөдлөх хөрөнгийн дайтай үнэлж, бүртгэлжүүлэн эдийн засгийн  эргэлтэд оруулсан нь хэд хэчнээн байгаа вэ гээд харахаар тун маруухан үр дүн харагдана. Өнөөдөр газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдээгүй. Хэдийгээр хууль эрхзүйн хүрээнд тийм боломж нь байгаа ч хэрэгжүүлэх тал дээрээ тун хүндрэлтэй гэдгийг МСС-гийн хөрөнгийн эрхийн төслийн хуулийн мэргэжилтэн В.Энхтамир хэлж байлаа.

    Газар өмчлөн авахад зээлжих, барьцаалах эрх нь дагалдан гарч ирдэг ч өнөөдөр ганцхан Улаанбаатар банк л газар барьцаалан зээл олгож байгаа ажээ. Одоогийн байдлаар 60 орчим газрыг барьцаа болгон зээл огосны дийлэнх нь хотын төвийн нэг, хоёрдугаар зэрэглэлийн газар аж. Үл хөдлөх хөрөнгөд, тэр дундаа газарт байрлал гэдэг хамгаас чухал. Долоон буудалд амьдардаг Долгор эмээгийн 0,07 га газар хотын төвийн 0,001 га газраас мянга дахин хямд байгаагийн учир ердөө л энэ. Гэлээ ч газар бол цаг хугацааны эрсдлийг даах үнэт баялаг гэдгийг мартаж болохгүй. Энэ жил хямд байгаа ч 2-3 жилийн дараа, магадгүй 10 жилийн хойно Долгор эмээгийн газар түүнээс ч үнэтэй баялаг болон хувирахыг үгүйсгэхгүй.

    Түүнчлэн манайд үл хөдөлөх хөрөнгийг хөдлөх хөрөнгөөс эрхэмд үздэг. Гэтэл хөдлөх хөрөнгийг ч үнэтэй байлгах боломжийг бид олж хардаггүй аж. Таны унаж яваа машин, тэр бүү хэл гар утас хүртэл өмч хөрөнгө мөн. Гар утсыг бол сардаа нэг хаяж гээдэг, түүнийгээ эд хөрөнгөө алдсан чинээ тоодоггүй хүн  бидний дунд маш олон бий. Гэтэл хөрөнгийг бүртгэлжүүлж чадсан улс оронд бол гар утсыг хаяж гээсэн, алдаж, үрэгдүүлсэн тохиолдолд эзнээс нь өөр хүн ашиглах боломжгүйгээр улсынхаа бүртгэлд авч баталгаажуулдаг байна. Ийм техникийн боломж Монголд ч бий. Тэгсэн цагт хэн ч ашиглаж болохгүй гар утасны хулгай зогсч, хэсэг залуус ч бол хулгайн замыг бус ажил хөдөлмөрийг сонгож эхлэх билээ.

    Хөрөнгийг үнэлж сурсан улс орныхон монголчуудыг “алтан дээр сандайлсан гуйлгачид” гэж тодорхойлсон нь зөвхөн эрдэс баялгийн хэмжээнд бус хөдлөх болоод үл хөдлөх хөрөнгийн хувьд ч хамаатай. Эдийн засагч Д.Жаргалсайханы тодорхойлсончлон  “Эзэн нь унтаж байхад хөрөнгө нь мөнгө үржүүлж байдаг” сайн цагийг авчрахын тулд хамгийн түрүүн хөрөнгөө бүртгэлжүүлэх нь эхний алхам гэдгийг төгсгөлд нь дахин сануулъя. Хөрөнгөө бүртгэлээр баталгаажуулсан цагтаа л сэтгэл амар суух боломжтой байх нь.

    Д.Цээпил

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж