Манайхан ч юм дуулгана даа

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Манайхан ч юм дуулгана даа

“Rise pictures” студийн найруулагч Н.Цогтбаяртай уулзлаа.

-Монголд анх удаа “48 цаг” олон улсын кино наадмыг зохион байгууллаа. Анх энэ наадмыг монголдоо хийх санаа хаанаас төрсөн бэ?
-Би урьд нь 48 цаг кино наадамд Сан Франциско хотоос орж байсан. Анх орохдоо хотын чанартай гэж бодож байсанаас олон улсын чанартай гэж мэдээгүй. Наадам дуусахад манай кино эхний шатнаасаа шалгаран цаашаа явахад олон улсын чанартай кино наадам юм байна гэж мэдээд тэгээд ер Монголд богино хэмжээний киног хөгжүүлэх зарчмаар хийвэл яасан юм бэ гээд зохих хүмүүстэй нь уулзсан. Тэгээд 2009 онд эрхийг нь худалдаж аваад  бэлтгэлээ хийн энэ жил зохион байгууллаа.

-Хүндрэл хэр гарсан бэ?
-Гараагүй ээ. Нийт 22 багын бүтээлүүд оролцсоноос таван баг цагаасаа хоцорж киногоо авчирсан болохоор 17 баг хооронд нь өрсөлдүүлсэн. Цаанаасаа баримталж байсан журмын дагуу энэ наадам шударга болж өнгөрсөн.

-Анх удаа оролцсон багууд юун дээр илүү алдаж байна вэ?

-Цагаа барьж чадахгүйгээс л их алдаж байна даа. Зохион байгуулалт муутай багууд хоцорсон. Мөн амжиж ирэх байсан ч замын түгжрэлээс болж хоцорсон багууд байгаа.

-Та анх олон улсын “48 цаг” кино наадамд оролцож байсан. Өнөөдөр манай багын онцлог нь юу байв аа?
-Монголчууд зөвхөн монголоороо биш их глобалчилсан сэтгэлгээтэй байна гэдгийг өнөөдөр харж чадлаа. Манайхан их юм дуулгана гэж бодож байна даа.

-Анхны жил гэхэд олон сайн бүтээлүүд ирэн өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо. Энэхүү наадамд хураамжтай байсан уу?
-Тийм. Би анхны жил юм чинь 12 бүтээл аван бүтэн кино болгоод театрт гаргавал боломжтой юм байна гэж бодож байсан. Хэрвээ бүх хүсэлт тавиад оролцоё гэсэн зав чөлөө нь болсон хүмүүс хамрагдсан бол 40-өөд баг болох байсан. Цаанаасаа ирсэн заавар дээр танайх анх удаа зохион байгуулж байгаа юм чинь арван баг байхад хангалттай гэсэн. Тэд нар Монгол улсын нилээн сайн судалсан байсан. Энэ наадамд оролцохын тулд үндсэн хураалгах ёстой хураамж нь дэлхий даяар 150 доллор байдаг юм. Монголын нөхцөлд энэ нь 200 гаруй мянган төгрөг учраас хэцүү байна аа гээд учирлаад 20 мяанган төгрөгний буцааж авахгүй хураамж, 30 мянган төгрөгний эргүүлж олгох барьцааны мөнгөн гэрээ хийн наадамд бүртгэж авсан. Бид нар цаад байгууллагатаа “Өргөө” кино театрыг манай наадмыг спонсорлон киног маант гаргахаар боллоо гээд нэрийг нь явуулахад тэд нар веб сайт дээрээ “Өргөө” кино театрын линкийг байрлуул тэр боломжийг бид нарт олгосон. Тэгэхлээр Монголыг бас нилээн судалсан юм байна гэж ойлгосон.

-Өрсөлдөгч  багуудаа дэмжихээр танхимын суудлаас давсан үзэгчид цуглалаа шүү дээ.

-182 хүний суудалтай энэ танхимд өнөөдөр 250 хүн орж ирж үзлээ. Би энэ наадмыг зохион байгуулсандаа алдаагүй юм байна. Яг цаг үеээ олон хийлээ гэж бодож байгаа. Залуучууд бол хүмүүсийн юу хийж чадаж байгааг харах хүсэл зөндөө байгаа юм байна гэдгийг мэдэрлээ. “Өргөө” кино театрынханд ийм боломж олгосонд баярлалаа гэж хэлье. Мөн “Жүр-Үр” төвийнхөн биднийг наадмын хугацаанд байраар хангаж, “Мөнхий үсэг” манай лого, урилга, тасалбарыг хэвлэж өгсөн. Бид нартай хамтран ажилласан бүх байгууллагагууддаа баярлалаа гэж хэлье ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж