
Өнгөрөгч оны гуравдугаар улирлаас тус сангийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 20 хүнд тусалсан байна. Одоогоор БНХАУ, ОХУ, Их Британи, Бүгд найрамдах Чех улс, БНСУ, Тайландын вант улс, ХБНГУ, АНУ, Щвейцари зэрэг улсуудад амиа алдсан талийгаачийн чандрыг зөөвөрлөх, холбогдон шүүхэд шилжсэн хурлын зардал мөн ялтан солилцоогоор эх орондоо ирэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд 65 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ.
Дашрамд дуулгахад, хилийн чанадад манай улсын 190 мянга гаруй иргэн ажиллаж, сурч амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Хилийн чанадад амьдарч байгаа болон зорчиж буй иргэдийн дунд амь насаа алдах, осолд өртөх, гэмт хэргийн хохирогч болох, өвчлөх, баримт бичиг, эд зүйлээ гээгдүүлэх, дээрэмдүүлэх, хулгайд алдах, эх орондоо буцаж чадахгүй болох, албадан буцаагдах зэргээр хохирох явдал өсч байна. Мөн хэрэг төвөг үйлдэн баривчлагдаж саатуулагдах, шийтгүүлж ял эдлэх тохиолдол гарсаар байна. Энэ бүх тохиолдолд төрийн зүгээс иргэддээ төрөл бүрийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ч тэдэнд хамгийн хэрэгтэй мөнгө, санхүүгийн тусламж үзүүлж чадахгүй байгаа аж. Иймд гадаадад суугаа Монгол Улсын иргэдэд туслах зорилгоор өнгөрсөн оны наймдугаар сарын 28-нд “Иргэдэд туслах сан”-гийн хуулийг баталсан аж.
П.Наран