Өмнөговь цахилгаан станцтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Өмнөговь цахилгаан станцтай боллоо

Өмнөговьд эрчим хүч түгээх шинэ цахилгаан станц анхны тулгуураа босголоо

Өмнөговь
аймгийн Цогтцэций суман дахь Ухаа худагийн хөндийд өрнөж байгаа их
бүтээн байгуулалтын нэгэн чухал хэсэг бол цахилгаан станц. Ухаа худагийн
уурхайн дэд бүтцийн төслүүд, шинээр баригдаж буй нүүрс баяжуулах
үйлдвэрийг эрчим хүчээр найдвартай хангаад зогсохгүй Цогтцэций сумыг
тог, цахилгаанаар хангах энэхүү цахилгаан станц салбартаа нэртэй, монгол
инженерүүдийн ур ухаанаар босч байгаагаараа онцлог юм.

Социализмын
их бүтээн байгуулалтын үед хойд хөршийн чадварлаг инженерүүдийн
тусламжтайгаар Монгол улсад томоохон цахилгаан станцууд хэд хэд боссон
боловч цэвэр дотоодын нөөц бололцоогоор цахилгаан станц байгуулж байсан
туршлага хараахан байхгүй. Тэгвэл Ухаа худагийн уурхайд баригдаж байгаа
шинэ цахилгаан станц Монголд хувийн хэвшил хөгжсөн сүүлийн 20-иод жилийн
хугацаанд чамгүй туршлага хуримтлуулсан, салбартаа шилдэг гэгдэх
компаниудын хамтын хүчний илэрхийлэл болж байгаа юм. Тодруулбал, уг
төслийн менежментийг MCS International компани гардаж, туслан
гүйцэтгэгчээр МЭЗ, Мегават, Хасу Эрчим компаниуд ажиллаж байна. Өмнөговь
аймгийн цахилгааны нийт хэрэгцээ 3 мегаватт байдаг бол энэхүү цахилгаан
станцын хүчин чадал 18 мегаватт төдийгүй цаашид нэмэгдүүлэх бүрэн
боломжтой гэнэ.

Мөн говь нутгийн онцлогийг харгалзан ус маш бага
хэрэглэх, хуурай хөргөлтийн систем нэвтрүүлсэн, зуухнуудад нь ямар ч
төрлийн нүүрс хэрэглэж болдог гээд цахилгаан станцын технологийн давуу
талуудаас дурдвал олон байна. Тус цахилгаан станцын анхны тулгуурыг
босгох ёслолд УИХ-ын гишүүд, аймаг, орон нутгийн төлөөллүүдээс гадна
төсөл хэрэгжүүлэгч Энержи Ресурс компанийн ТУЗ-ийн гишүүд оролцож,
тулгуурын эрэг шургаас чангалалцсан. Цахилгаан станцын шугамын ажлыг
хариуцаж байгаа Эрчим сүлжээ компанийн захирал Амаржаргал ёслолын үеэр
сэтгүүлчдэд хэлэхдээ “20 м-ийн өндөртэй тулгууруудыг босгож, дэд
станцуудыг байгуулж ашиглалтанд оруулах ажил графикийн дагуу амжилттай
явагдаж байна. Оны эцэс гэхэд цахилгаан станц бүхэлдээ ашиглалтанд орж,
анхны эрчим хүчээ үйлдвэрлэж эхэлнэ” гэсэн юм. Мөн Энержи Ресурс
компанийн Дэд захирал Ч.Даваахүүгийн ярьснаар шинэ цахилгаан станцын
үйлдвэрлэх нийт эрчим хүчний 17 хувь нь дотоодын хэрэглээнд, үлдсэн хувь
нь шинээр баригдаж буй нүүрс баяжуулах үйлдвэрийн 1, 2-р модуль,
уурхайчдын кэмпийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаад зогсохгүй
Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг байнгын, найдвартай тог цахилгаанаар
хангах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж