Валентино Росси мөрөндөө хагалгаа хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Валентино Росси мөрөндөө хагалгаа хийлгэнэ

MotoGP ангиллын дэлхийн долоон удаагийн аварга Валентино Росси энэ улирлын уралдаан, тэмцээн дуусгаад мөрөндөө хагалгаа хийлгэхээр болжээ. Ирэх улиралд буурь сэлгэж, Yamaha-гийн оронд Ducati-д уралдах болсон тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард осолд орж, мөрөө гэмтээсэн юм. Хэдийгээр түүний гэмтэл уралдааны талбарт гарахад саад болоогүй ч амжилтад нь сөргөөр нөлөөлсөн тал бий. Удалгүй Росси зургадугаар сард бэлтгэлийн үеэр дахин осолдож, хөлөө хугалсан юм. Улмаар тэрбээр зургаан долоо хоногийн турш гэмтлээ илааршихыг хүлээсэн бөгөөд энэ хугацаанд дөрвөн гран-приг өнжсөнөөр 2010 оны аварга болох хүсэл мөрөөдөл нь талаар өнгөрсөн билээ.
Тэрбээр “Эцсийн дүнд миний мөр л асуудал болоод байна. Улирлын төгсгөлд би хагалгаа хийлгэхээр болсон” хэмээн ярьжээ.
Росси энэ улирлыг ялалтаар эхлүүлж, улирлын эхний гран-при болох Катарын гараанд түрүүлсэн боловч дөрөв дэх гараа буюу Италийн Мугеллод мөрөндөө гэмтэл авсан юм. Мэргэжлийн спортоор хичээллэх болсноос хойш нэг ч уралдаан өнжиж байгаагүй тэрбээр хөлөө мөн гэмтээснээр дөрвөн гарааг өнжсөн. Гэхдээ удалгүй уралдааны талбартаа эргэн ирж, хоёр удаа шагналын тавцанд гарч, нэг удаа дөрөвт, нэг удаа тавдугаар байрт шалгараад байна.
Тэрбээр өдгөө дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд ерөнхий дүнгээр 130 оноотой дөрөвдүгээрт бичигдээд байгаа бол Fiat Yamaha багт түүнтэй хамт хүчин зүтгэж буй Хорхе Лоренцо түүнээс 141 онооны давуугаар тэргүүлж байгаа юм.
Дашрамд сануулахад, Росси долоон жилийн турш хамтран ажилласан Fiat Yamaha багийг ирэх улиралд орхиж, Италийн Ducati багт нэгдэх болсон тухайгаа наймдугаар сард олон нийтэд зарласан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж