
Тэрбээр “Эцсийн дүнд миний мөр л асуудал болоод байна. Улирлын төгсгөлд би хагалгаа хийлгэхээр болсон” хэмээн ярьжээ.
Росси энэ улирлыг ялалтаар эхлүүлж, улирлын эхний гран-при болох Катарын гараанд түрүүлсэн боловч дөрөв дэх гараа буюу Италийн Мугеллод мөрөндөө гэмтэл авсан юм. Мэргэжлийн спортоор хичээллэх болсноос хойш нэг ч уралдаан өнжиж байгаагүй тэрбээр хөлөө мөн гэмтээснээр дөрвөн гарааг өнжсөн. Гэхдээ удалгүй уралдааны талбартаа эргэн ирж, хоёр удаа шагналын тавцанд гарч, нэг удаа дөрөвт, нэг удаа тавдугаар байрт шалгараад байна.
Тэрбээр өдгөө дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнд ерөнхий дүнгээр 130 оноотой дөрөвдүгээрт бичигдээд байгаа бол Fiat Yamaha багт түүнтэй хамт хүчин зүтгэж буй Хорхе Лоренцо түүнээс 141 онооны давуугаар тэргүүлж байгаа юм.
Дашрамд сануулахад, Росси долоон жилийн турш хамтран ажилласан Fiat Yamaha багийг ирэх улиралд орхиж, Италийн Ducati багт нэгдэх болсон тухайгаа наймдугаар сард олон нийтэд зарласан билээ.
С.Цэлмэг