Я.Содбаатар: Нэгдүгээр амаржих газрын бохирын хоолой гэмтсэн гэсэн дүгнэлтийг өмнө нь хариуцсан газар, яаманд өгч байсан баримт бий

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Я.Содбаатар: Нэгдүгээр амаржих газрын бохирын хоолой гэмтсэн гэсэн дүгнэлтийг өмнө нь хариуцсан газар, яаманд өгч байсан баримт бий

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд өнгөрсөн баасан гаригт сэт­гүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн юм. Хяналт шалгалтын шинэчлэл, байцаагч нарын ёс зүйн асуудлын талаар тус газрын удирд­лагууд хэвлэлийнхэнтэй яриа өрнүүлсэн юм.

-Танай газар сүүлийн үед эрсдэлд суурил­сан хяналт шалгалтын талаар ярих болжээ. Хяналт шалгалтын шинэ арга хэрэгжүүлэх гэж байгаа гэж ойлгож болох уу?

МХЕГ-ын дарга Я.Содбаатар

-Манай хамт олон мэргэжлийн хяналтын байгуул­лагын шинэчлэлийг эхлүүлээд ажиллаж байна.  Энэ ажлын хүрээнд дөрвөн бүлэг шинэч­лэлийг хийж байгаа юм. Эрх зүйн, хяналт шалгал­тын үйл ажиллагааны, шалгалтын ажилд иргэний нийгэм, иргэдийн оролцооны болон байгууллагын хөгжил төлөвшлийн гэсэн дөрвөн бүлэг шинэчлэл хийгдэж байна. Манай байгууллага ажиллахгүй биш ажиллаад л байдаг. Гэтэл байгаа онохгүй буудаад байдаг байлдагч шиг удаан ажиллах боломжгүй болсон. Иймд бид эрсдэлд суурилсан шинэчлэл гэж хийх гэж байгаа юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ганзагаар орж ирж байгаа цагны зай, оймс гуталд хяналт тависаар байх уу. Одоогийн хүчин чадлаараа энэ мэт ажиллаад байвал ямар ч үр дүнгүй ирээдүй харагдаж байна. Иймд бид эрсдэл багатай салбарыг ТББ болон мэргэжлийн холбоодод хяналтыг нь шилжүүлэх хэрэгтэй гэж үзсэн.

-Танай газар хяналт шалгалтаа сайн хийдэг байсан бол амаржих газруудад асуудал үүсч, олон хүүхэд амь насаа алдах байсан гэж үү?
-Манай газар жилийн, улирлын, сарын, долоо хоногийн гээд хуваарийн дагуу шалгалтаа хийдэг. Тухайлбал, I амаржих газар хийсэн шалгалтын дүнгээр бохирын хоолой нь гэмтсэн, үйл ажиллагаагаа цаашид явуулах  боломжгүй байна гэсэн дүгнэлтээ хариуцсан газар, яаманд өгч байсан баримт бий. Мөн III сургуульд хийсэн шалгалтын дүнгээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт манай байцаагч хийсэн байдаг. Гэтэл арга хэмжээ авахгүй байсаар олон хүүхэд хордсон. Байцаагч хариуцлага тооцох эрхгүй байдаг учир тухайн нөхцөл байдлыг мэдэгддэг юм.

-Эрсдэлт хэсэг гэдгийг хэн тогтоох юм бэ?
-Төрийн хяналт шалгалтын шинэ хуулийг бид Засгийн газарт өргөн бариад дэмжигдсэн. Одоо хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн дагуу бид эрсдэлд хэсэг гэдгээ тогтоон ажлаа хийх юм. Тухайлбал, үсчин, тогооч, барилга гэх мэт салбарыг мэргэжлийн холбоод хяналт тавиад байх бүрэн боломжтой. Тэгээд ч  нэг мэргэжлийн хүмүүс хэн нь ямар ажил хийдэг, ур чадварыг нь өөр газар сууж байгаа хүмүүсээс илүү мэднэ. Уул уурхай гэх мэт эрсдэл ихтэй салбартаа хяналтаа түлхүү тавих хэрэгтэй.

-Барилгын салбарыг эрсдэлт хэсэгт оруулах ёс­той биш үү. Өнөөдөр манай барилгын ком­па­ниуд чанартай, хүний хэрэгцээг хангахуйц барилга барьж байгаа нь цөөн шүү дээ. Түүнээс гадна дархан цаазтай болон усны ундарга  газар барилга барьсаар байгааг хэрхэн шийдэх ёстой вэ?
МХЕГ-ын Дэд бүтцийн улсын хяналтын улсын албаны дарга Д.Ганбат
-Барилгын компанид өөрийн дотоод хяналт гэж байх ёстой. Тэр хүмүүс чанар, стандартын шаардлага хангаагүй барилга барьсаных төлөө бид хариуцлага хүлээх нь шударга бус. Үйл ажиллагаа явуулах эрх авахдаа олон шаардлагыг хангана гэж амалсан байдаг хэрнээ ажил дээрээ тэнгэр газар мэт ялгаатай зүйл хийж болохгүй. Ямар ч салбарынхан хийсэн ажилдаа хяналт тавьж, хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй.

МХЕГ-ын дарга Я.Содбаатар

-Зайсангийн аманд баригдсан “Богд-Уул” хорооллын асуудлыг сэтгүүлчид асуудаг. Дархан цаазтай газар барилга барих зөвшөөрлийг нь олгохгүй байх ёстой. Одоо нэгэнт баригдсан барилгыг нураана гэхээр ямар их ажил болох вэ гэдгийг төсөөлж байгаа байх. Баригдаад  иргэд амьдарч байгаа барилгыг барьсан компанийн хууль бус орлогыг хурааж, байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах нь илүү оновчтой.

-Мэргэжлийн хяналтын байцаагч нар иргэд, аж ахуйн нэгжийг айлгаж, торгох зэргээр дарамталдаг. Зүй нь төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэж байгаа хүмүүс биз дээ?

-Бид энэ асуудлыг ярьж үндсэндээ шийдвэр­лэсэн. Манай байцаагч нарын тухай таагүй мэдээлэл их ирдэг. Гомдлын дагуу шалгахад байцаагч хуулиа зөрчөөгүй харин ёс зүйн алдаа гаргасан байдаг. Тиймээс бид ёс зүйн хороо болон олон нийтийн зөвлөлтэй болж МҮЭ, Монголын ажил олгогч эздийн холбоотой хамтарч ажиллаж байгаа. Түүнээс гадна хяналтын хуудастай болох гэж байна. Шалгагч, шалгуулагч хоёр байгуулага тэр хуудсанд дурдагдсан зүйлээ шалгуулж, шалгах болно.

Бараа бүтээгдэхүүнээс дээж авч, шинжил­гээ хийх нэрээр  байцаагч машинаа дүүргээд явлаа гэсэн яриа их гардаг л даа. Энэ асуудлыг шийдэх үүднээс дээж авсан бүтээгдэхүүний үнийг  буцааж төлдөг болно. Тэгсэн тохиол­долд энэ асуудал дахин гарахгүй.

-Цагдаа, татвар гээд төрийн олон байгууллага тодорхой хугацааны дараа хуулиа төгс хэрэг­жүүлэх үүднээс байцаагч нараа өөр дүүрэгт сольж ажил­луул­даг. Танайх энэ зарчмаар ажиллавал болохгүй гэж үү?

-Болохгүй гэх зүйл байхгүй.

Х.СҮрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж