Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнгөрсөн дөрөвдүгээр сард
өөрийн харьяалдаг Цагааннуурын худалдааны чөлөөт бүсийн даргыг хууль зөрчсөн
үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж сахилгын арга хэмжээ авсныхаа төлөө шүүхэд
дуудагдаад байсан билээ. Сайдыг буруутгасан гомдлын мөрөөр өчигдөр Нийслэлийн захиргааны
хэргийн шүүх тус хэргийг авч хэлэлцлээ. Шүүх хурлыг шүүгч н.Отгонцэцэг даргалж
шүүгч н.Цогт, н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй хурлыг явуулсан байна. Тэргүүн
шадар сайдыг төлөөлөн түүний ахлах зөвлөх Г.Дэнзэн, өмгөөлөгч Н.Энхтуяа нар,
гомдол гаргагч талаас Цагааннуур сумын худалдааны чөлөөт бүсийн дарга
О.Негамет, мөн чөлөөт бүсийн захирагчийн
ажлын албаны дарга н.Чадраабал нар оролцжээ.
Шүүх хуралдаан хоёр
цаг гаруй үргэлжилсний эцэст О.Негаметийн гаргасан гомдлыг хэлэлцэх шаардлагагүй
гэсэн шийдвэр гарсан байна. О.Негамет нь агентлаг болон газрын дарга, удирдах
ажилтан харьяа албаныхаа сайдаас зөвшөөрөл авсны үндсэн дээр гадаадад
томилолтоор явах эрхтэй гэсэн хуулийн заалтыг зөрчиж Баян-Өлгийн аймгийн Засаг
дарга С.Хавалын зөвшөөрлөөр тус аймгийн ИТХ-ын дарга Х.Баяны хамт БНХАУ-д 14
хоног явсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон аж.
Мөн тэрбээр удаа дараа ажилдаа хариуцлагагагүй хандсан гэдэг үндэслэлээр
Тэргүүн шадар сайд түүнд сануулах арга хэмжээ авсан байжээ.
Шүүх хурлаар
түүнийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэнээс гадна 2008 онд
Цагааннуурын худалдааны чөлөөт бүсийн хашааг барих тендерийг будилуулан өөрийн
ойрын хамаатан болох “Ернар” ХХК-ын захирал О.Саулед хууль бусаар олгосон
хэмээн давхар буруутгасан байна.
Г.Дарь