Засгийн газрын хуралдаанаар юу хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаанаар юу хэлэлцэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оныг “ Бизнесийн орчны  шинэтгэлийн жил” болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд баялаг бүтээж байгаа хүмүүст саад болж байгаа   тушаал шийдвэрийг цэгцлэх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Энэ  асуудал ч өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөндөгдөж, шийдвэр гаргалаа. Зарим сайд, аймгийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарын холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа хэм хэмжээ тогтоосон  шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгох асуудлыг хэлэлцээд Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо. Зарим сайд, засаг дарга нар буруу шийдвэр  болоод захирамж гаргавал хүчингүй болдог гэдгийг энэ шийдвэр  харуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам 2010 оны хоёрдугаар улиралд нийт 25 шийдвэрт дүгнэлт хүргүүлснээс 20 шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчилж, улсын нэгдсэн бүртгэлд дахин бүртгүүлсэн болон хүчингүй болгосон ажээ.

Наймдугаар сарын мэдээллийг сонсов

Засгийн газрын 2010 оны наймдугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа. Засгийн газраас наймдугаар сард хэрэгжүүлсэн ажлыг тоймлон дурдахад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгуудад ажиллаж орон нутгийн байдалтай газар дээр нь танилцан, иргэдтэй уулзалт хийж Засгийн газраас улс, орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг танилцуулан, тэдний санал хүсэлтийг сонслоо.  Засгийн газрын 2010 оны 206 дугаар тогтоолоор “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр худалдан авч нөөцөлсөн бензин, шатахууныг газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад гэрээний үндсэн дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж, орлогыг 2010 оны аравннэгдүгээр сарын 15-ны дотор улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэв.

Хүний хөгжлийн сангийн тухай хууль, УИХ-ын 2009 оны 99,100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны гуравдугаар тогтоолын дагуу хэрэгжүүлж буй Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээх ажлын явц 94.6 хувьтай байна. Энэ оны наймдугаар сарын 2-ноос эхлэн олгож байгаа 10 мянган төгрөгийн олголтын бичилтийг 249052 хүн хийлгэж, 73132 хүн буюу 2.7 хувь нь мөнгөө авчээ. 1945 оны чөлөөлөх дайны түүхт ялалтын 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд батлагдсан нэрсийн дарааллын дагуу 87 ахмад дайчинд нэг өрөө байр олгох ажлыг зохион байгууллаа.

“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 212 дугаар тогтоолоор “ Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 3300 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхээр шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын 2010 оны 209 дүгээр тогтоолоор 2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчийн төлбөрийн 2010 оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагч өөрөө хариуцах, 2011 оны нэгдүгээр сараас эхлэн сургалтын төлбөрийн зохих хэсгийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн 2011 оны төсөвт тусгахаар шийдвэрлэв. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны уур амьсгал өөрчлөгдөж, цөлжилт эрчимтэй явагдаж байгаад Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулж, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашууны хоолойд “ Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал” –аар Засгийн газрын хуралдааныг зохион байгуулав.

Товчхон

  • Сангийн сайд С.Баярцогт  ирэх оны төсвийн төслийн талаар  засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
  • Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг 2010 оны эхний хагас жилийн явцын тухай танилцуулгыг Монгол улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан засгийн газрын гишүүдэд шинээр гаргах бодлогын баримт бичгийн уялдаа холбоог сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, шалгуур үзүүлэлт, үе шатыг тодорхой болгох зорилгоор үндэсний хөтөлбөр, төслийг батлан гаргахаас өмнө Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой санал солилцон шийдвэрлэж байхыг сайд нарт үүрэг болголоо.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар тодорхой саналуудыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов.
  • УИХ-ын гишүүн Д.Зоригт, Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Балдан-Очир нарын санаачлан боловсруулсан Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, мөн тодорхой саналуудыг хуулийн төсөл санаачлагчдад уламжлахаар тогтлоо.
  • Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэд эхний шатны үнэлгээ хийх ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Удирдлагын зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин, Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
  • Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд хуралдаан дээр гарсан саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
  • “Улсын бүртгэлийн ажилтны өдөр”, “Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан” тэмдэг бий болгох тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов.
  • Увс аймгийн Улаангом хотод Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит цогцолборыг бүрэн ашиглалтад оруулахад шаардагдах 300.0 (гурван зуун) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрлөө.
  • БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300.0 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Баруун бүсийн авто замын төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд С.Баярцогтод олгоё гэсэн Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж