ОУВС-тай хамтарснаар үр дүнд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

ОУВС-тай хамтарснаар үр дүнд хүрчээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валюын сан /ОУВС/-тай хамтран хэрэгжүүлсэн тогтворжуулах хөтөлбөрийн талаар ОУВС-гийн Захирлууудын зөвлөлөөс гарсан үнэлгээний тухай Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Дэлхийн эдийн засгийн хямралааас үүдэлтэй санхүүгийн хямралаас төсвийн тэнцвэртэй байдал алдагдах нөхцөл байдал үүссэнийг харгалзан Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай удаа дараалан хэлэлцээр хийсний үр дүнд 2009 оны гуравдугаар сарын эхээр эдийн засгийг тогтворжуулах Стэнд-бай хөтөлбөрийг тохиролцон, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр 2009 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр батлагдсан аж. Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран ажиллсан өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төсөв, санхүүгийн байдлыг тогтворжуулаад зогсохгүй төсвийн алдагдлыг бууруулж, төлбөрийн тэнцлийг тогтворжуулсан байна. Ер нь тус сангаас өгч буй зөвлөмжүүд нь улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн ирээдүйг нэлээн бодитой харсан, болзошгүй  эрсдлийг нарийвчлан тогтоосон байдаг тул Монгол Улсын эдийн засгийг цогц байдлаар тодорхойлсон байдаг ажээ. “Стэндбай” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд гадаад валютын нөөцийн хэмжээ ихэссэн, инфляцын төвшний өсөлт саармагжин эдийн засгийн байдал тогтворжсон зэрэг тодорхой үр дүнгүүд гарсан байна. Мөн Засгийн газар хугацаа хэтэрсэн гадаад өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэснээр хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн, хоёр талт маргаантай байгаа өр, төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чаджээ. Ийнхүү хамтарсан Засгийн газрын үед анх удаа ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн төсөл амжилттай хэрэгжиж дууссаныг Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэлээ.

Газрын тосны татварт өөрчлөлт оруулав

Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
ОХУ-ын Роснефьт компаниас Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ энэ сард тонн тутамд АИ-92 автобензин 42 ам.доллар буюу 56 мянган төгрөгөөр, дизелийн түлш 36 ам.доллар буюу 48 мянган төгрөгөөр өссөн. Харин А-80 автобензин 10 ам.доллараар буурсан байна.
УИХ-аас олгосон эрхийн хүрээнд Засгийн газраас Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоос орж ирж байгаа АИ-92 автобензинд 220 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 170 000 төгрөг болгож, харин А-80 автобензин болон дизелийн түлшинд олгож байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр үлдээж, 2010 оны есдүгээр  сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ. Ингэснээр АИ-92 автобензинд ногдуулах онцгой албан татварыг 50 мянган төгрөгөөр бууруулан Засгийн газраас шатахууны үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч байна.

Цалин, тэтгэврийг нэмэгдүүллээ

УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын төсөвт тодотгол хийж, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, эхчүүдэд олгох тэтгэмж, тусламжийн хэмжээг энэ оны аравдугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, шаардагдах хөрөнгийг төсөвт суулгасан билээ.  Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдсон   төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэлээ.  

 Төрийн албан хаагчдын цалинг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэх тухай шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.  Цалин нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, хэмжээг жигд 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон учир албан тушаалын цалингаас тооцдог бүх төрлийн нэмэгдэл мөн тийм хэмжээгээр нэмэгдэх болно.Төрийн албан хаагчдын дундаж цалин өнөөдрийн байдлаар 323,0 мянган төгрөг, үүний дотор төрийн захиргааны албан хаагчдынх 336,7 мянган төгрөг,  төрийн үйлчилгээний албан хаагчдынх 321,3  мянган төгрөг, төрийн тусгай албан хаагчдын 310,0 мянган төгрөг байгаа бөгөөд цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар төрийн захиргааных 437,7 мянган төгрөг, төрийн үйлчилгээнийх 417,7 мянган төгрөг, төрийн тусгай албаных 403,9 мянган төгрөгт хүрч  тус тус нэмэгдэх юм. Төрийн үйлчилгээний албан хаагчид нь ажил мэргэжлийн хувьд хэд хэдэн бүлэгт хуваагдах бөгөөд шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагын салбарын мэргэжлийн албан хаагчдын цалин төрийн захиргааны албан хаагчдын цалинтай ойролцоо түвшинд байгаа юм. Харин төрийн үйлчилгээний албанд ажилладаг бага тушаалын үйлчлэх албан хаагчдын цалин хөлсний дундаж бусад бүлгийнхээс 15,0 орчим хувиар доогуур байна.  Үүнд цаашдаа анхаарч тодорхой арга хэмжээ авах ёстой гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Төрийн албан хаагчдын хамгийн бага цалин 145134 төгрөг байснаа 188674 болж нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх арга хэмжээнд 154,0 мянган төрийн албан хаагч хамрагдах  ажээ.  

Тэтгэврийн хэмжээ нэмэгдлээ

Нийгмийн даатгалын  сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдэж байна. Үүний дотор бүрэн тэтгэврийн доод хэмжээ 81000 төгрөгөөс 105300 төгрөг болж, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 54000 төгрөгөөс 70200 төгрөг, дундаж тэтгэвэр 96600 төгрөгөөс 125500 төгрөг болж өсч байна. Нийт тэтгэвэр авагчдын 60,0 гаруй хувь нь бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэртэй байна. Энэ арга хэмжээнд нийт 308,0 мянган хүн хамрагдах байгаа юм.

Нөхцөлт мөнгөн тэтгэмж нэмэгдлээ

Энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бүтэн өнчин хүүхэд зэрэг асрамж халамж шаардлагатай хэсэгт олгодог нийгмийн халамжийн тэтгэвэр 30 хувиар нэмэгдэж байна.  Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэр 41400 төгрөг байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-нээс 53820 төгрөг болж нэмэгдэх ажээ.  Энэ тэтгэврийг 52,0 мянган хүн авах юм байна.

Хэвтрийн өвчтэй, байнгын асаргаатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бүтэн өнчин хүүхдийг асрамжиндаа авч асарч байгаа иргэнд тодорхой болзолтойгоор сар бүр мөнгөн тэтгэмж олгодог. Энэ нь том асрамжийн газруудыг байгуулж санхүүжүүлэхээс хямд өртөгтэй бөгөөд нийгэм хамт олон, ах дүү хамаатан садан дотор нь асрамжлах зорилготой үйлчилгээ юм. Өнөөдрийн байдлаар нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээ 24000 төгрөг байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-нээс 31200 төгрөг болж нэмэгдэж байна.

Нөхөн олговрын доод хэмжээ 105300 болж нэмэгдэнэ

1997 онд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт орж, тэтгэврийн насанд хүрээгүй иргэдийн тэтгэвэр зогсоогдсон юм. Гэхдээ эдгээр иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор тодорхой хэмжээний мөнгө олгож байхаар Улсын Их Хурлаас тогтоосны дагуу сар бүр мөнгөн олговор олгож ирсэн билээ.  Анх нөхөн олговрыг 44000 хүн авч байсан бол одоо ихэнхи нь тэтгэврийн насанд хүрч тэтгэврээ авах болсноор одоо 84 хүн авч байна. Нөхөн олговрын доод хэмжээг нэмэгдүүлэхээр УИХ- ын тогтоолын төслийг өргөн барихаар тогтлоо. Энэ тогтоол батлагдсан нөхцөлд нөхөн олговрын доод хэмжээ 81000 төгрөгөөс 105300 болж нэмэгдэх ажээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж