Буудал дэлбэлэх гэсэн чеченийг барьжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Буудал дэлбэлэх гэсэн чеченийг барьжээ

Уг хэрэг есдүгээр сарын 11-нд болсон ба сэжигтэнг барьсан талаар дөнгөж лхагва гаригт хэвлэлээр бичсэн байв. "Йоргенсен" буудлын бие засах газар тэсрэх төхөөрөмж ажиллаж, түүнд нь террорист өөрөө шархадсан байв. Цагдаагийнхан буудлын ойролцоо шархадсан хүнийг барьсан байжээ.
Террорист нь нэг хөлтэй, 24 настай чечень залуу байсан ба түүнээс Данийн Орхус хотын газрын зураг олдсон гэнэ. Зураг дээр 2005 онд их зөнч Мухаммедын 12 шог зургийг нийтэлсэн Jyllands-Posten сонины редакцийн байрлалыг тэмдэглэсэн байжээ.
Өнгөрсөн бямба гаригт гарсан хэргийн талаар дөрөв хоногийн дараа дэлгэрэнгүй мэдээлж байгаа ба уг террорын хэргийг Jyllands-Posten  сонины эсрэг хийгдсэн хэрэг гэж үзсэн байна. Данийн цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж, сонины редакцийн байр жинхэнэ цайз шиг хамгаалалттай болсон гэж хэвлэлүүд бичжээ.
Баригдсан хүн цагдаагийнхантай хамтран ажиллахаас татгалзсан учир түүний зургийн Интерполоор дамжуулсан байлаа. Тэр зурагт байсан хүнийг Льеж хотын боксын дасгалжуулагч таньсан гэнэ. "Boxing Club Cocktail" клубын дасгалжуулагч Сибен Альберт зурагт байсан залуу нь тэдний клубт таван жил хичээллээд сүүлийн найман сар харагдаагүй L.D гэсэн нэртэй 24 настай чечень хүн гэж мэдэгдсэн байв. Дасгалжуулагчийн хэлснээр тэр залуу Бельгид зургаан жил амьдарч байгаа ажээ. Чечень залуугийн баруун хөл нь хиймэл бөгөөд тэрээр буудалд есдүгээр сарын 7-нд ирсэн байв. Түүний өрөөнөөс гурван янзын нэртэй биеийн байцаалт, гар буу, тэсрэх бодис олджээ. Тэрээр хиймэл хөлнийхөө дугаарыг арилгаж, гурван хүний нэртэй баримт бэлтгэн террор хийхээр шургуу бэлтгэж байсан гэж шинжээчид дүгнэжээ. Цагдаа ба аюулгүйн албаныхан энэ бүтэлгүй аллага нь ойрын үеэр Данид хийгдэх террорын эхлэл гэж үзэж байна. Jyllands-Posten сонины редакци байрыг тойруулан 2,5 метрын өндөртэй өргөст торон хашаагаар хамгаалалт хийсэн байна. Редакцийн байрыг террортай тэмцэх албаныхан 24 цагийн турш хамгаалж байна. Шог зургийн зураачийг Аюулгүйн албаныхан хамгаалалтдаа авсан ажээ.
Данийн ерөнхий сайд Ларс Лекке Русмуссен даничуудад хандан айдаст бүү орж, хэвийн амьдралаа өөрчлөхгүй байхыг уриалав. Мусульманчуудын дургүйцлийг гаргасан шог зургийг дахин нийтлэх гэнэ. Данийн аюулгүйн албаныхан сүүлийн жилүүдэд шог зурагтай холбоотой хэт хэдэн халдлагыг таслан зогсоож чадлаа. Түүний нэгд нь зураач Вестергаард хэлмэгдэхээ шахсан юм. Сүхээр зэвсэглэсэн сомали эр тэднийд дайран орж ирэхэд зураач байранд нь хийгдсэн тусгай хуягласан өрөөндөө яаран нуугдахдаа бяцхан ач охиноо “мартсан” байв. Террорист жижиг хүүхдэд гар хүрээгүй ба удалгүй цагдаагийнхан түүнийг баривчилсан билээ.
Харин өнгөрсөн өдрүүдэд шог зурагтай холбоотой сэдвийг Германы  канцлер Ангела Меркель гэнэтхэн өдөөж, Вестергаардын 75 насны ойгоор нь “уран бүтээлийн чөлөөт байдлыг хамгаалсны төлөө” гэсэн шагналыг зураачид хувиараа гардуулсан байна. Үүний зэрэгцээ шог зургуудыг дахин нийтлэхээр бэлтгэж байна. Дуулиантай зурагтай “Харандаатай хүн” гэсэн зураачийн намтрын ном удалгүй хэвлэлтээс гарах ажээ. Мөн Jyllands-Posten редакцийн соёлын албаны редактор Флемминг Росе шинэ номоо хэвлүүлж байгаа бөгөөд тэнд мусульманчуудын дургүйцлийг хүргэсэн 12 шог зургийг хэвлэжээ.
Холбооны мөрдөх товчооны шинжээчид зохиогч нарт хандан ийм үйлдлийн үр дагаврыг сайтар тунгаан шүүхийг уриалж байна. Исламын орнуудад байгаа Данийн элчин сайдууд дээрх санаачилгыг исламын бүлэглэлүүдийн үзэл сурталч нарт сайхан өгөөш гэж нэрлэсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж