Идэрхэн аваргуудаас ич л дээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Идэрхэн аваргуудаас ич л дээ

МАХН-ын маргаашийн найд­вар болсон залуучуудын байгууллага хуралдах гээд  ёс­той нэг сүрийг үзүүлж бай­на. Хуучнаар МХЗЭ шиг 20-оос дээш настай болгоныг МАСЗХ-ныхон  эг­нээн­дээ эл­сүүлчихсэн гэж ойлгоогүй бай­гаа даа гэмээр. Яг үнэндээ аль нэг намын  хамгийн доод шат бол уулын оройд гарах дөт замын эхлэл гэж манай залуучууд боддог болчихсон учраас “Хуралдаа ирж суугаарай” гэх зар бараг шаардлагагүй болчихсон шүү дээ. Хаа газраас даллахад л бөөн бөөнөөрөө гишүүний үнэмлэхээ сарвайгаад  шавна. Зорилго, үзэл баримтлал, нэр ус ямар байх нь яг үнэндээ падлий ч байхгүй. Гэхдээ бүгд биш, цөөн хэдэн хүнээс бусад нь гэхэд худлаа гэж хэн ч хэлэхгүй  байх аа. Гол нь ойрын жилүүдэд болох сонгуульд уначихгүй байгаа, шинээр хэн удирдлагад нь гарах бол, сайн таньдаг хэн байгаа билээ гэдэг бол за­луучуудын гол амбиц. Бараг бүгд л Н.Энхбаяр, С.Баяр, У.Хүрэлсүх болчих байх гэж өөрийнхөө маргааш, цааш­лаад нөгөөдрийг хараг­сад. Залуучууд бүгд улс төрийн  гүнзгий ойлголттой болчихвол хэн байшин барьж, хивс урлаж, гутал засах нь тийм ч чухал биш гэж тасархай сэтгэнэ. Иймэрхүү байдлаар 18-аас дээш насныхан маань хуралдаж, хэрэлдэж суух­тай зэрэгцээд сүүлийн хэд хоногт л гэхэд хүүхдүүд маань дэлхийг хэдэнтээ бужигнуулж орхив. Сингапур, Москвагийн дэвжээнээс  таван тивийн үеийнх­нээ  17 настай хоёр ч охин  маань цэвэр ялаад авар­гын титмийг нь аваад ирлээ. Бас 17 настай гимнастикч хүү “Монгол хүн бөх, морь хоёроос өөр спортоор амжилт гаргах боломжгүй” гэдэг ойлголтыг үгүй хийж, олимпийн аварга болчихлоо цаана чинь. Энд ч ялгаагүй 17-хон настай Б.Бадамцэцэг гэж охин Монголын мисс болж өөрөөсөө эгч хүүхнүүдийг  ша­раа болгов. Бодоод байхад хэн ч 17 насандаа ингэж эгч нарынхаа авах гэж онилсон шагналыг “булааж” байсангүй. Тэгж байтал өсвөрийн ша­тарчид маань бас багцаар нь  медаль өвөртлөн эх орон­доо инээмсэглэсээр ирлээ. Гэтэл  27, 37, 47  настай ид гялалзуулах учиртай за­луус маань хаана явна вэ. Төрийн ордонд нэг хэсэг нь залуучуудын холбооны их хурлын урилга бариад уртаас урт дараалал үүсгэн жагсч байна. Зарим нь МАХН-ын  нэрээс хувьсгалт гэдэг үгийг аваад хаячихвал яах бол гэдгээс өөр юм бодох завгүй явна. Нөгөө хэсэг нь “Нэрээ солиосой. Тэгвэл та нарыг 2012 онд навс ялна даа” гэж  муу санаалж сууна. Байдал ийм л байна. Гэхдээ ич л дээ, идэрхэн аваргуудаас.    

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж