Монголбанк торгуулсан банкийг зарлана

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Монголбанк торгуулсан банкийг зарлана

Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн заалтыг бүрэн биелүүлээгүй банкуудын дүрмийн сангийн бүтцийг энэ сарын 2-нд шуурхай хурал зарлаж Монголбанкнаас мэдээлсэн. Энэхүү мэдээгээр Капитал банк л хуулийн дагуу бүх мэдээллээ нийтэд ил тод болгосон байсныг дуулгасан. Харин үлдсэн 13 банкны хамгийн их дутагдалтай нь гурав, доод тал нь нэг байсан юм.  Тиймээс Банкны тухай хуулийн хэрэгжилт 88 хувьтай байна хэмээн тухайн үед Монголбанкныхан хэлж байсан. Мөн Монголбанкны Хяналт шалгалтын газрын Зайнаас хяналт тавих хэлтсийн захирал Х.Дэлгэр “Хууль биелүүлээгүй банкуудад эхний ээлжинд дүрмийн сангийнх нь бүтцийг олонд мэдээлэх замаар сануулга өглөө. Гэхдээ зарим заалтыг дутуу хэрэгжүүлсэн банкуудад Банкны тухай хуулийн 68.1.8 дахь заалтын дагуу захиргааны арга хэмжээ авсан” хэмээсэн. Банкны тухай хуулийн 68.1.8 гэсэн заалтад  “Тайлан тэнцлийн мэдээ баримтыг Монголбанкинд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй буюу хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу нийтэд мэдээлэх учиртай санхүүгийн тайланг хүндэтгэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол банк, банкны нэгдлийн оролцогчдыг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-150дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажилтан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно” гэж заасан байдаг. Энэ нь 60-120 сая төгрөгийн торгууль юм. Харин өнөөдрийг хүртэл чухам ямар банкууд захиргааны арга хэмжээ авахуулсан нь тодорхойгүй байгаа. Монголбанкныхны хэлж байгаагаар “зарим” гэсэн тодотголтой банк л торгуулсан гэснээс өөр мэдээлэлгүй байгаа.  Харин чухам ямар банкуудыг хэдэн төгрөгөөр торгосон бэ гэсэн асуултад энэ сарын 24-нд болох ээлжит хурлынхаа үеэр хариулт өгөх аж. Монголбанкнаас сар бүрийн сүүлчийн баасан гарагт хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэл өгөх болсоор удаж байгаа юм.

ТОРГУУЛСАН БАНК БАЙХГҮЙ ЮМ БИШ ҮҮ

Хурлын үеэр чаль банкийг хэдий хэмжээний мөнгөөр торгосоноо “Тухайн банкны нууц” гэсэн утгатай хариултаар аргацаагаад өнгөрсөн. Хууль ёсоор бол Капитрон банкнаас бусад 13 банк торгуулах ёстой байсан. Гэтэл арилжааны банкууд “Монголбанкныхан дүрмийнх нь сангийн бүтцийг нь олон нийтэд ил болгосноос өөр арга хэмжээ аваагүй. Харин Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан мэдээллүүдийг ил болгохыг сануулж, хугацаатай үүрэг өгсөн” гэж дуулгасан. Тэгэхээр торгуулсан банк байхгүй болж таарлаа. Монголбанкны Хяналт шалгалтын газраас торгуулсан банкуудын мэдээллийг энэ сарын 24-нд ил болгоно гэснээс үзэхэд тэр болтол алдаагаа засах боломж арилжааны банкуудад олгосон бололтой. Торгуулах үндэслэл ихтэй банкуудыг Хадгаламж банк энэ сарын 2-ны байдлаар тэргүүлж байсан.  Учир нь тус банк Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн гурван заалтыг биелүүлээгүй байсан нь бусад банкаасаа илүү дутагдалтай байсныг гэрчилж байв. Харин ХААН, Кредит, Хас, Капитрон, Эрэл, Чингис хаан, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Тээвэр хөгжлийн банк тус бүр хоёр заалт биелүүлээгүйгээр удаалж байсан. Харин Монголбанкнаас анхааруулга өгч, хуулийн биелэлтийг хангах хугацаа өгсөнийг банкууд алдалгүй ашиглаж байгаа аж. Тухайлбал, зарим банкууд вэб сайтдаа мэдээллүүдээ ил болгосон байна. Энэхүү мэдээлэлд нь банкны холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгийн тайлан, санхүү бүртгэлийн тогтолцоо, дотоод хяналтыг ил болгох байсан юм. Энэ байдлаар банкууд алдаагаа онц дүнтэй засч чадвал зарим банкийг торгосон гэж хэлж байсан Монголбанкны Хяналт шалгалтын газрынхан хэлэх үггүй болох вий. 

Р.САРАНГООО

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж