Шүлхий өвчний дэгдэлт хумигдах болоогүй

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Шүлхий өвчний дэгдэлт хумигдах болоогүй

Манай улсад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт урьд хожид байгаагүйгээр гарч, зүүн бүсийн малчдын санааг зовоох боллоо. Мал амьтны гаралтай өвчин нэг аймагт бүртгэгдсэн тохиолдолд тухайн аймгийн удирдлага, мэргэжлийн хүмүүс анхаарал хяналт тавьж өвчний дэгдэлтийг зогсоох арга хэмжээ авдаг. Харин хоёр болон түүнээс дээш аймагт бүртгэгдэж, өвчний дэгдэлт хурдацтай байгаа нөхцөлд Улсын онцгой комисс анхааралдаа авдаг байна. Энэ сарын эхээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Гүн жалга хэмээх газарт нутаглаж буй малчин С-ын 30 гаруй хонь, ямаанд мал, амьтны гоц халдварт өвчин гарсан нь тогтоогдсон. Мөн Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн малчин З-гийн гурван үхэр шүлхий туссан билээ. Тархалт хурдацтай байгаагийн улмаас дээрх хоёр аймгийн өөр суманд ч шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар шүлхий өвчний дэгдэлттэй дөрвөн голомтод нийт 23 өрхийн 15251 мал байгаагаас 968 нь өвчний халдвар авсныг тогтоогоод байна. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад, Булган сумуудын зааг нутагт шүлхийгээр өвчилсөн зээр, зээрийн сэг зэм олширсон аж. Зээрийн хувьд нутаг дамжин бэлчээрлэдэг тул халдвар хурдацтай тархаах аюул дагуулдаг байна. Зүүн аймгийг зорьсон ажлын хэсгийнхэн 12 зээрт шинжилгээ хийхэд 10 нь өвчтэй гарсан  аж. Тиймээс үүнд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг албаныхан хэлж байлаа. Аймгийн онцгой комисс ХХААХҮЯ-ны сайдын  тушаалаар батлагдсан “Мал амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ыг баримтлан ажиллаж байгаа аж. Шүлхий хурдан хөлтэй амьтнаар дамжвал дээрх хоёр аймаг бус орон даяар анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа аж. Мөн хэдхэн хоногийн өмнөөс тэмээ өвчилсөн гэх мэдээлэл цацагдаж эхлэв. Тодруулбал, өчигдрийн байдлаар дөрвөн тэмээ халдвар авсан нь тогтоогдсон байна. Урьд нь энэ өвчнөөр тэмээ өвчилсөн тохиолдол бүртгэгдэж байгаагүй бөгөөд мал эмнэлэгийн мэргэжилтнүүд үүнд илүү анхаарал хандуулах шаардлагатай болжээ. Мөн хүн хүчний асуудал дээрх хоёр сумд тулгарснаас үүдэн Хөдөө аж ахуйн их сургуулиас төгсөх ангийн оюутнуудыг дайчлах ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.

Өвчний нөхцөл байдлын та­лаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дээд дэс­лэгч М.Энх-Амараас тодруулсан юм.

-Дорнод, Сүхбаатар аймагт гар­сан халдварт өвчнийг голомтоос гаргахгүй байх талаар ямар арга хэмжээ авч байна?

-Өвчнийг голомтоос нь гаргахгүй байх талаас Улсын онцгой комис­сын 21 хүний бүрэлдэхүүнтэй аж­лын хэсэг дэд сайдаар ахлуулан ажил­лаж байгаа. Энэ бүрэлдэхүүнд холбогдох салбарын мэргэжилтнүүд багтсан. Дээр нь хоёр аймгийн онц­гой байдлын хэлтэс хөл хо­рио тогтоон, хяналт шалгалтаа чан­гатган ажиллаж байгаа. Мал эмнэлгийн мэргэжилтнүүд ч ариут­гал халдваргүйжилтийн ажлыг ха­риуцан ажиллаж байна. Мөн эдгээр аймгуудтай хил залгаа Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Төв аймгуудад өдөр тутмын бэлэн байдлыг ханган ажиллаж эхэлсэн.

-Хичнээн төгрөгийн зардал гарах бол. Малчдад нөхөн олго­вор олгох боломжтой юу?

-Дорнод, Сүхбаатар аймагт одоо­гийн байдлаар тус бүр 50 сая төгрөгийг шүлхий өвчинтэй тэмцэх, урьд­чилан сэргийлэхэд зарцуулж байгаа. Төсөв мөнгөний талаар одоо ярих боломжгүй байна. Өвчин­тэй холбогдуулан Засгийн газар тогтоол гаргах гээд энэ талын бо­лолцоог судалж амжаагүй байна.

Зарим малчин Засгийн газар, Улсын онцгой комисс, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийд­вэрийг зөрчиж, тусгаарласан өвч­тэй мал, эрүүл малыг зориудаар ний­лүүлэх зэрэг үйлдэл гаргасан хэрэг дээрх аймгуудад гарч бай­гааг онцгой комиссын ажлын хэс­гээс бидэнд мэдээлсэн юм. Мал эмнэлгийн ажилчид өвчтэйг нь тогтоочихоод байхад өөрсдийн таамгаар эрүүл өвчтэйг нь ялгах гэж оролддог байдал хяналт шал­галтынхны ажилд хүндрэл уч­руулж байгаа аж. Тиймээс дээрх үйлдлийг таслан зогсоох, хуулийн хүрээнд хариуцлага тооцохоор  айм­гийн удирдлагууд ажиллаж бай­гаа юм байна. Мөн өвчлөлийг тар­хаахгүйн тулд мал сүргийг байн­гын хариулгатай байлгах ажлыг гүйцэтгүүлэхэд анхаарч буй аж. Түүнчлэн ДЭМБ-ын зөвлөснөөр дээж бэлтгэж ОХУ-ын Владимир хот дахь Мал хамгаалах хурээлэнгийн шүлхий өвчний бүсийн лавлагааны лабораторид яаралтай хүргүүлж онош баталгаажуулах, вирусын удам зүйн мэдээллийг нарийвчлан суд­луулах ажлыг гүйцэтгэж байгаа гэв. Харин Нийслэлийн хувьд дээрх аймгуудаас малын гаралтай бү­тээгдэхүүн авч хэрэглэдэг байсан тул урьдчилан сэргийлэх ажил ямар түвшинд байгаа нь анхаарал та­таж байна. Мөн нийслэл 400 гаруй мянган малтай тэдгээрт сүү­лийн таван жилд нэг ч удаа шүлхийн вакцин хийж байгаагүй аж. Тэгэхээр нийслэлд байгаа хэдхэн малаа вак­цинжуулж чадаагүй болохоор хөдөө орон нутгийн талаар яриад ч хэрэггүй болж байна. Ямартай ч хотын удирдлагууд вакциныг март­сан ч хяналт шалгалтад ан­хаарлаа хандуулж, мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьд­чилан сэргийлэх арга хэмжээг эр­чимжүүлэх тал дээр санаачилга гаргаж эхэлжээ. Энэ ажлын хү­рээнд Баянзүрх, Налайх дүүрэг бо­лон Яармаг, Нисэх, Хорин хоё­рын товчоод, Хэрлэнгийн гүүр зэ­рэг газарт хяналт шалгалтыг өн­дөржүүлсэн байна. Дээрх тов­чоодоор өдөрт дунджаар 140 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бөгөөд одоогоор илэрсэн зөрчил байхгүйг НОБГ-аас мэдээлэв.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж