
“Транс” банкны гүйцэтгэх захирал асан С.В.Новожиловыг Монголын хууль сахиулагчид алдчихжээ. Яг л Жорж Чайлмерсийг алдсан шиг. Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр 12.00 цагт С.В.Новожиловыг шүүх тов гарсан байлаа. Тэрбээр “Транс” банкинд монголчуудын хадгалуулсан 400 гаруй сая төгрөгийг ОХУ-ын иргэдэд барьцаагүй зээлдүүлсэн нь шүүгдэх үндэслэл болсон билээ. С.В.Новожиловт холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар ял төлөвлөн прокурорт шилжүүлсэн. Түүнд холбогдох хэргийг Г.Мижиддорж прокурор хянаж яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, ОХУ-ын иргэн С.В.Новожиловыг банкны тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын хөрөнгийг завшиж үрэгдүүлснээс бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд эд хөрөнгийг нь хурааж, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял төлөвлөн шүүхэд шилжүүлсэн билээ. Түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүгч Б.Цогт шүүх тов гаргасан байлаа. Гэтэл анхан шатны шүүх хурал болсонгүй. Шүүх хурал болохгүй гэдгийг товлосон цагаас өмнө шүүхийн жижүүр дуулгасан юм. Эх сурвалжийн мэдээлснээр шүүгдэгч оргон зайлсан аж. Өмгөөлөгч Д.Пүрэвбаатараас үйлчлүүлэгчийг нь сураглавал “Шүүх хурлын товыг ч мэдээгүй” гэв. Тэрбээр “Надад шүүх хурлын тов ирээгүй. Би хавтаст хэрэгтэй танилцаж байгаа. Үйлчлүүлэгчтэйгээ ойрд уулзаагүй. Хавтаст хэрэг шүүхэд очоогүй байх учиртай” гэсэн учир битүүлэг хариулт өгөв. Жорж Чайлмерсийг оргосны дараа ч хуулийнхан ингэж мэдэн будилж байсан билээ. Уг нь гадуур байцаагдаж байгаа сэжигтэн, яллагдагчид батлан даагч байх учиртай. Гэтэл гадаадын иргэд гэмт хэрэгт холбогдсон бол шүүхийн ширээнд суухын өмнөхөн хил даваад дүрвэчихдэг жишиг тогтлоо. Монголбанкийг залилж 200 сая ам.долларын аккредитив нээх хууль бус гэрээ байгуулсан Жорж Чайлмерсийг ч гадуур байцааж байгаад хил давсных нь дараа Интерполоор эрэн сурвалжилж бөөн дуулиан дэгдээсэн билээ. Өнөөг хүртэл батлан даагч болон өмгөөлөгчдөд нь хариуцлага тооцоогүй. Энд нэг зүйлийг онцлоход банк залилагчдад Монголын нэр хүндтэй өмгөөлөгчид үйлчилсэн байдаг. Жорж Чайлмерсийг Ц.Монгол өмгөөлж байгаа бол С.В.Новожиловын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар бас л шаггүй заргач, үйлчлүүлэгчийнхээ итгэлийг алддаггүй “үнэтэй” нэгэн билээ. Ц.Монгол өмгөөлөгчид Жорж Чайлмерс Тайландаас и-мэйл бичсэн гэх мэдээ байгаа. Харин Д.Пүрэвбаатар өмгөөлөгч үйлчлүүлэгчээ хаана явааг мэдэхгүй гэж байгаа. “Алтан дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушок, охидын биеийг үнэлүүлсэн гэх Италийн иргэн Б.Франческо гэх мэт хилээр гарахыг хориглосон сэжигтнүүд Монголын хуулийг тас өшиглөчихөөд хил гараад алхчихдаг жишиг бий. Тэдний өмнө Монгол Улсын хууль жижигдэж байна уу, хууль сахиулагчид хүчгүйдэж байна уу. Эсвэл бултуулагчдад мөнгө үйлчилж байна уу гэдгийг АТГ шалгахад илүүдэхгүй болов уу. Урагшгүй хуулийнхан монголчуудын 400 сая төгрөгийг залилаад дүрвэж одсон С.В.Новожиловыг бас Интерполоор хайлгахаар хүсэлт гаргах л үлдэх шив.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин