Өвчилсөн малыг устгалд оруулж хүчрэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Өвчилсөн малыг устгалд оруулж хүчрэхгүй байна

Сүхбаатар аймгийн Сүхбаа­тар сумын нутагт малын гоц халд­варт шүлхий өвчин гараад хорь гаруй хонож байна. Энэ хугацаанд шүл­хийн голомт хоног хоногоор хүрээгээ тэлж, Эрдэнэцагаан, Ас­гат, Дарьганга, Онгон, Халзан зэрэг зүүн болоод өмнө талын сумыг хамрах болжээ.

Аймгийн онцгой комисс өдөр бүрийн 18 цагаас хуралдаж цагийн байдлыг хэлэлцэн авах арга хэм­жээгээ төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд тус комиссын 18 дахь хурлаар голомтын бүсэд ажилласан шуурхай хэсгийн мэдээллийг сонсов.

Энэ сарын 14-ний өдрийн байд­лаар Сүхбаатар, Эрдэнэцагаан, Ас­гат, Халзан, Онгон, Дарьганга сумын өвчний голомт бүхий нутагт бай­гаа наяад мянган малд үзлэг тандалт хийхэд таван мянга орчим мал шүлхийгээр өвчилсөн нь өмнөх өдрийнхөөс хагас мянган толгойгоор нэмэгдсэн байна. Өвчтэй малын олонх нь бог мал байгаа бол харин Дарьганга сумын нутагт дэвсгэрт гарсан нь өөр хэлбэрийнх болохыг аймгийн Мал эмнэлгийн албаны­хан хэллээ. Үнэндээ малын эмч мэр­гэ­жилтэн дутагдалтай байгаагаас өвчин гарсан сумдын малыг толгой дараалан шинжиж барахгүй, өвчний шинж тэмдэг бүхий малыг тухай бүр нь устгалд оруулж хүчрэхгүй болжээ. Устгалын хэсгийнхэн 2422 толгой малыг устгалд оруулж ариутгал халдваргүйжуулалт хийсэн байна. Төвөөс ирүүлсэн ганц ДУК машин нь хамгийн олон голомттой Сүхбаатар суманд ажиллаж байна. Бусад сумдад ариутгалын машин хэрэгтэй байна.

Малын гоц халдварт шүлхий өв­чинтэй тэмцэхэд аймгийн хэмжээнд 468 хүн, 109 машин мотоцикл, ариут­галын 13, хөдөлгөөнт 50 пост ажиллаж байна. Аймгийн хэмжээгээр гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хорио цээр тогтоосонтой холбогдуулан өвчний голомт бүхий сумдад хүнсний хомсдол бий болох нөхцөл бүрдсэн учраас Баруун-Урт сумын бөөний худалдааны “Өсөх ундрах” компани гурил, будаа, цай, ургамлын тос зэрэг өргөн хэрэг­лээний хүнсний барааг нэгдсэн жур­маар татан авч хорио цээртэй сум­дад ойрын тав хоногт багтаан хямд үнээр нийлүүлэхээр болов. Мөн голомтод ажиллагсдын хөдөлмөр хамгаалалд зориулж бээлий, ажлын гутал, хувцас, ОП цув, амны хаалт зэргийг хүнсний бараатай хамт хямд үнээр нийлүүлэх арга хэмжээг давхар авч байгаа юм. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд авах арга хэмжээний талаар зөвлөмж, гарын авлага боловсруулан малчид, иргэдэд хүргүүлж байна.

Г.Сүхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж