М.Энхболд Н.Энхбаяртай дэр нэгтгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

М.Энхболд Н.Энхбаяртай дэр нэгтгэжээ

“Мөнхийн  найз, мөнхийн дайсан” гэж байдаггүй. Тий­мээс М.Энхболд, Н.Энхбаяр нар энэ өдрүүдэд дахин дэр нэгтгээд байна. Үүний илрэл нь МАХН-ын эмэгтэйчүүдийн холбооны даргын төлөөх марафон. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлэх нь сонгуульд нэр дэвшихэд л хэрэгтэй юү гэхээс тийм ч том эрх ашиг биш, уг нь. Гэтэл АН-ын дэргэдэх АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигчдийн ард эрэгтэй улстөрчид байсан шиг МАХН-ын лидер эрчүүд морь уяж байгаа аятай хүүхнүүдээ сойчихоод жуумалзаж суу­на. Тухайлбал, намын дар­га, Ерөнхий сайд С.Бат­болд  УИХ-ын гишүүн Д.Оюун­хоролыг, экс дарга С.Баяр нь Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонг, намын генсек нь Б.Батцэцэгийг, харин тус холбооны тэргүүн Д.Алтай орлогч С.Идэрмааг, хотын фракцийн толгойлогч, Шадар сайд М.Энхболд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Цогзолмааг тус тус “уяжээ”.  Улс төрийн хүрээнийх гэж өөрийгөө тоодог энэ бүсгүйчүүдийн  хэнийх нь ч нэр, мөр цэвэр байгаагүй.

Тэр тусмаа М.Энхболдын улайм цайм зүтгүүлдэг уламжлалт кан­дидат Г.Цогзолмаагийн хувьд ар­даа байгаа улстөрчийн дайтай том шүүмжлэлийг тээж,  эгээ л эзэн шигээ улайрч яваа нэгэн. Түү­нийг Сүхбаатар дүүргийн Засаг дар­га болсон цагаас эхлэн олон шүүмжлэл дагадаг ч ажирдаггүй ан­хаарахыг ч хүсдэггүй тэрбээр ор­чин цагийн Индра Гандигаар өөрий­гөө төсөөлдөг бололтой. Зөв өнц­гөөс харвал тэр үнэхээр ажил хийж чадаад байгаа юм биш л дээ. Том намын татах хүч үйлчилж байгаа цагт хэний охин хэнбугай ч ийм албыг энэ дайтай хашаад байж чадна. Энэ хурал ч яах вэ, өнөө маргаашдаа анхаарал татаж байгаад нөгөөдрөөс мартагдана. Хэрэлдэж уралдаж байгаад нэг нь ТББ-ын тамга атгаад л хоцорно биз.Харин үүний цаана хэн нь хэнтэй шадарлаж, эсрэгцэж буйг тольдож болохоор байна.

Шадарлахын тухайд Н.Энхбаяр, М.Энхболд нар харилцан ашиг­тай хамтран ажил­лаж, хүчээ нэгт­гэхээр болсон нь тодорхой бол­лоо. Нэгэн цагт Н.Энхбаярын хө­төлж ирсэн хүү­хэн дарга суудал дээрээ 12 жил хадагдсан. Хэн ч түүнд халдаж зүрх­лээгүй. Гэтэл намын дарга, Ерөн­хий сайд С.Бат­болдын үед аюум­шиггүйгээр  түүнийг шүүмжилж байна. Энэ юу гэсэн үг вэ. МАХН-ын шинэ удирдлагууд ноёрхлоо тогтоож эхэлсний жижигхэн жишээ биш гэж үү. Яагаад хотын фракцийн том хүчийг үл тоон өөрсдийнхөөрөө зүтгэнэ вэ. Намын нэрийг солих асуудал дээр ч гэсэн. Намын дарга, генсек хоёр буюу С.Батболд, У.Хүрэлсүх нар онцгой нягтралтай байж асуудлыг шийдэв. Н.Энхбаяр, М.Энхболд хоёр руу асуусан харцаар харах байтугай ширвэсэн ч үгүй. Энэ байдал юу үүсгэх вэ гэхээр хэн ч биш болсон хоёрын нэгдлийг үүсгэнэ. “Цаг цагаараа байдаггүй”  болохоор намын гишүүдийн олонхи нь шинэ удирдлагууд руу анхаа­ралтай ширтэж байна. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэ­дэг худлаа ажээ.

Цаашид юу болох вэ. Н.Энхбаяр түүнийг өөд татсан цагаас эхлэн М.Энхболд түүнд өртэй болж эхэл­сэн. Тэр тусмаа Н.Энхбаяр жирийн иргэн, М.Энхболд Шадар сайд, УИХ-ын гишүүн байгаа үед өрөө төлөх ёстой юм биш үү. М.Энхболдын хувьд байдал хүнд байгаа. Юун Н.Энх­баярын өр манатай. Ерөнхий сайд С.Батболд М.Энхболдын тан­хи­мын гишүүн, дуулгавартай дүү байхаа больж, энэ цаг үеийн эзэгнэн ноёрхлоо тогтоож, нөлөөгөө тэлж байна. Байдал эсрэгээрээ эргэж, М.Энхболдоос намынхан нь ч айхгүй, АН-ынхан ч тоохгүй зарцын үүрэг гүйцэтгэж, улс төрд “сарьсан багваахай” болчихлоо. Энэ мөчид хайраа ч, халаа ч үзүүлсэн Н.Энх­баяраас зугатаад хаачих билээ. Харин ч хүчээ, хороо нэгтгэж байж ирэх сонгуулийн талаар бодох хэ­рэгтэй болж байна.

Түүнд гэрлийн хурдаар хамгийн том албан тушаалд очиж байсан Н.Энхбаярын үеийн замналын амт­тайхан дурсамж л үлджээ. Гэхдээ Н.Энхбаярыг бодвол тэр хоосонгүй байна. Тиймээс шунах хэрэгтэй. Улам улам шунаж байж амжилтад хүрдэг. Замдаа таарсан болгоныг нинжин сэтгэлгүйгээр түлхэн унагаж байж хүслээ гүйцэлдүүлдэг аргыг тэр Н.Энхбаяраас сурсан. Хэн нэг­нийг албан тушаалд томилохдоо хотын фракцийн соёрхлыг авдаг байсан тэр үе алсарч байна. Үүнийг М.Энхболд хэрхэн тэвчих билээ. Тиймээс л хувь тавилан түүнийг Н.Энхбаяртай дахин учрууллаа. Хэн хэнийг нь ядарч явахад учирсан энэ тохиол, улс төрийн өс хонзон тэд­нийг нэгэн цул болгон нэгтгэж хү­чирхэгжүүлэв. Гар гараасаа чан­га атгалцан өөрөөсөө өөр хэнд ч итгэхгүй байснаар тэд босч чадна. Үгүй бол С.Батболд, У.Хүрэлсүх нарын зүү орох завсаргүй нэгдэл тэднийг дахин босч ирэхээргүй бут ниргэнэ.

Түр хүлээ. Уг нь М.Энхболдыг Ерөнхий сайдын суудалд Н.энхбаяр хүргэсэн шиг ээ бас авч хаясан. Харин өдгөө М.Энхболд, Н.Энх­баяр нар ичиж зоволгүй нэгдээд тун удахгүй гарч ирнэ. Үүнд гайхах зүйлгүй.  Одоо ч тэд сэм уулзсаар байгаа. Тэднийг хэн байг гэх юм. Эрх ашиг тэднийг нэгтгэж, Н.Энхбаярын жигшин зэвүүцээд байсан Монголын улс төрийн монополийг яагаад тэд тогтоож болохгүй гэж. Өнөөдөр МАСЗХ хуралдаж, шинэ удирдлагаа сонгоно. Тэнд томчуудын гар хөл бас л оролцож, хүчээ зузаатгах тэм­цэл үргэлжлэх нь тодорхой. МАХН-ын залуусын энэ байгууллага ирээ­дүйд ахиж дэвших шат болдог учир олны анхаарлын төвд байдаг. За­луусын байгууллагын  нэрийг өөрч­лөх санаа дүү нарт аль эрт байсаар ирсэн ч хэлж зүрхэлдэггүй байв. Азаар ах нар намынхаа нэрээр тог­ломогц  уухайн тас социалист нэрээс ангижрахаар залуус хурлын өмнөх өдрүүдэд  догдлол дүүрэн байна. Хурлын өмнөх мэдээллээр МАСЗХ-ны ерөнхийлөгчийн суудалд “Улаанбаатар зочид буудал ХК”-ийн захирал Б.Мөнхтүшиг, хо­тын фракциас Нийс­лэлийн Засаг даргын ор­логч Б.Мөнх­баатар нар, дэд ерөнхийлөгчид С.Батболдын зөв­лөх Г.Өнөрбаяр, Чингэлтэй дүүр­гийн Засаг дар­гын орлогч Баяр­магнай, Ш.От­гонбилэг агсны хүү О.Сод­билэг нарын нэр дуулдаж буй. Эн­дээс харахад мөн л С.Батболд, М.Энхболд нар тус тусын хүмүүсийг сойж байгаа нь харагдлаа. Ингэж нэр дэвшигчдээс илүү тэднийг зүт­гүүлэгчдийн хоорондын тэмцэл ан­хаарал татах болов. Үнэн хэрэг­тээ МАСЗХ, МАСЭХ-ны шинэ удирд­лага хэн болох, нэрээ яаж өөрч­лөх зэрэг өнгөн талын асуу­далд тол­гой эргэх хэрэггүй. Энэ бол цаг зуурын үзэгдэл. Цаана чинь МАХН-ын хууччуул, монополийн төлөөх аян дайнд бэлтгэн “шүдээ хүртэл зэв­сэглэж” байна. Тэднийг бүү март.


У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж