Эд өлгийг хамгаалах ганц заалт бий

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Эд өлгийг хамгаалах ганц заалт бий

Сүүлийн үед уул уурхайн салбар эрчимжиж, газар доорх баялгаараа Монгол улсаа хөгжүүлнэ гэж дээр дооргүй ярьж байгаа. Гэвч уул уурхайн зарим  хариуцлагагүй компанийн хөлд түүхэн соёлын дурсгалууд маань устаж буйд монгол хүн бүр сэтгэл зовниж байна.     
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цэвээндоржтой сэтгүүлч Г.Идэрхангай энэ сэдвээр ярилцлаа.  

-Соёлын түүхэн өвүүд уул уурхай дагасан амьдрал дунд сүйдэж байна. Үүнийг  зарим хүн Соёлын өвийг хамгаалах хууль хэрэгжихгүй байгаатай холбон тайлбарладаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Би нэг сонин зүйл хэлье. Анх Түүх соёлын дурсгалыг хамгаалах хууль гэж байсан. Түүнийг 1995 онд Соёлын яамны сайд Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн н.Батсуурь нарын санаачлагаар шинэчлэхдээ хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт намайг оруулсан юм. Бид байнга санал зөрөлдөнө. Өмнөх хуульд музейн дурсгалуудыг хамгаалах тухай заалт түлхүү тусгасан байснаас биш яг үнэндээ археологийн шинжилгээ юм уу, байгаль орчныг хамгаалах талын заалтууд маш цөөн байсан л даа. Ямар сайндаа Батсуурь гишүүн “Энхбаяр сайд аа. Та Соёлын сайд болохоос музейн сайд биш шүү” гэж хэлж байх вэ. Намайг хүртэл “Та өөрийгөө шинжлэх ухааны эрдэмтэн гэж бодож байна уу. Үгүй шүү, Та бол Монгол улсын эрдэмтэн” гэж шүүмжилнэ. Хуулийн төсөл дээр бид бүтэн долоон сар ажилласан. Тэгж байж би соёлын өвийг хамгаалах олон улсын жишиг бүхий нэг заалтыг санаачилж орууллаа.

-Тэр нь ямар заалт юм бэ?

-“Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгоход түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, түүнээс зөвшөөрөл авна. Урьдчилан хайгуул хийлгэх, илэрсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалах ажилд шаардагдах зардлыг барилга байгууламжийн захиалагч хариуцна” гэсэн заалт.

УИХ-ын гишүүн асан А.Базархүү “Түүх соёлын дурсгал төрийн мэдэлд байдаг. Тиймээс  компаниуд биш төр хамгаалсан нь дээр биз дээ” гэж хэлээд, төдөлгүй УИХ ч хуулиа баталчихлаа.  Би сандраад УИХ-ын даргаас ч зөвшөөрөл авалгүй микрофон шүүрч аваад “Тэгж ярих юм бол танай Бурханбуудай уулнаас авахуулаад УИХ-ын бүх гишүүний нутагт ямар түүхэн дурсгал устаж байгааг би хэлээд өгье” гээд хэд хэдэн жишээ хэллээ. Харин тэгтэл хуулийн төсөл дээр дахиж санал хураах юм болж өнөө заалтаа ч оруулсан. Уул уурхайн хайгуул, олборлолтын үед түүхэн эд өлгийг хамгаалахад чиглэсэн цорын ганц заалт бол ердөө энэ. Энэ ганц заалтыг уул уурхайнхан сайн мэддэггүй юм билээ. Мэддэггүй биш мэдэн будилдаг ч байж магадгүй. Лав үүнийг мөрдөж байгаа байгууллага тун цөөхөн. Миний бодлоор энэ заалтыг Ашигт малтмалын тухай хуульд заавал шигтгэж өгөх хэрэгтэй. Одоогийн Ашигт малтмалын тухай хууль нь өнгөц харахад эрэл хайгуул, тусгай зөвшөөрөл, нөхөн сэргээх мэдээ, тайлан хэрхэн гаргах мэтээр ердийн эрх зүйн баримт бичиг бүхий зүйлүүдийг тусгасан байдаг.

Уул уурхайн компаниудад сануулж хэлэхэд ашиглалтын лиценз авахдаа эхлээд заавал археологийн мэргэжлийн байгууллагуудаар тухайн газарт түүхэн дурсгал байгаа эсэхийг тогтоолгох хэрэгтэй. Хэрэв үнэхээр хайгуулын явцад түүхэн олдвор олдох юм бол улсын мэдэлд тушаах үүрэгтэй юм шүү дээ. Гэтэл өнөөдөр үүнийг биелүүлдэг байгууллага тун цөөхөн.

-Ашиглалт явуулах гэж буй талбайдаа археологийн судалгаа хийлгэсэн ямар байгууллагууд  байна вэ?

-Уул уурхайн лиценз авчихаад олборлолт явуулж байгаа хэдэн зуун байгууллагаас ердөө 50 гаруйхан нь л манай хүрээлэнгээр археологийн судалгаа хийлгэсэн. Эдгээрээс хамгийн үлгэр жишээч нь “Айвенхоу Майнз”. “Айвенхоу майнз” компанийн ерөнхий геологичоор Д.Гарамжав  ажилладаг нь үүнд нөлөөлдөг гэж би боддог. Д.Гарамжав олон жилийн өмнө Оюутолгой орд дээр очихдоо эртний чулуун зэвсгүүдийг олсон. Энэ олдвор Монголын төмөрлөгийн түүхийг бичихэд маш чухал үнэтэй баримт болж байгаа. Ер нь “Айвенхоу Майнз” компани лиценз авсан талбайдаа манай хэдэн залуу археологчийг аваачиж хайгуул шинжилгээ хийлгэдэг болсон. Оюутолгойгоос мөн хүрэл зэвсгийн үед зэс хайлуулж байсан янз бүрийн зуухнууд олдсон. Эдгээр зуухыг бидэнтэй хамт судалсан Японы эрдэмтэд “Ийм сайхан дурсгалууд байх гэж” хэмээн шагширч байв. Дэлхийн төмөрлөгийн түүхийн тухай ном товхимлуудад Монголын нэр байдаггүй. Японы эрдэмтэд “Бид дэлхийн төмөрлөгийн түүхийг шинээр бичиж байгаа. Үүндээ Монголын нэрийг заавал оруулна“ гэж амлаж байсан. Энэ бол “Айвенхоу Майнз” компанийн түүхэн эд өлгийн дурсгалуудад хариуцлагатай хандаж байдгийн нэг том үр дүн.

Канадын “Каскада” компани Ноён уулын орчимд үйл ажиллагаагаа зохих хууль журмын дагуу  хийж байснаа гэнэтхэн л өөр нэг компанид лицензээ зараад явчихсан. Өнөөх нь Ноён уулын, дэлхийд гайхагдсан Хүннүгийн булшийг огт мэдээгүй царайлаад ашиглалт явуулж байх жишээтэй. Бид энэ талаар зохих арга хэмжээ авах гэж Төв аймгийн холбогдох байгууллагуудтай ярьж үзсэн. Аймаг, сумын захиргааг том компаниуд тоодоггүй юм билээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худаг уурхайд олборлолт явуулж байгаа “Энержи Ресурс” компани их хариуцлагатай. Анх үйл ажиллагаа явуулахдаа бидэнд археологийн судалгаа хийлгэх хүсэлтээ тавьсан. Энэ компани одоо ч бидэнтэй холбоотой ажилладаг. Тавантолгой орд дээр археологийн маш олон дурсгал бий. Тэр бүгдийг аврах уу, алдах уу. “Энержи Ресурс” шиг хариуцлагатай компани л тэдгээр түүхэн дурсгалыг аварч чадна. “Энержи Ресурс”-ийнхан олдсон түүх, соёлын дурсгалаараа үзэсгэлэн хүртэл гаргасанд бид талархалтай хандаж байгаа.  
  
Хөшөөтийн уурхайг эзэмшдэг “Мо Эн Ко” компани Улсын мэргэжлийн хяналтын шахалтаар саяхнаас манай хэдэн археологч залууг аваачиж, хайгуул хийлгэж байна. Тайширын усан цахилгаан станц гэж бас хэцүүхэн. Хоёр гурван жилийн өмнө бид энэ компанид хандаж “Та нар археологийн хайгуул судалгаагаа хийлгэх ёстой” гэж хэлсэн. Гэтэл биднийг ерөөсөө тоохгүй байсаар нэг мэдэхнээ газраа ухаад эхэлчихсэн байсан. Би энэ мэдээллийн дагуу УИХ-ын гишүүн, оюутан цагийн найз Т.Очирхүү дээр явж ороод “Тайширын цахилгаан станц барих гэж байгаа хүмүүс түүхэн үнэт дурсгалуудыг устгах нь” гэж хэллээ. Тэгтэл маргааш нь станц барьж байгаа өнөө хүмүүс чинь над дээр ирээд “Бидэнд археологийн хайгуул хийлгэх мөнгө байдаггүй” гэж баахан юм ярьсан. 

Тэгсний эцэст өвлийн хахир хүйтэнд археологчид маань Говь-Алтайд очиж түүхэн дурсгалуудаа аварсан. Ховд аймгийн Дөргөн сум дахь цахилгаан станцыг барихдаа мөн л археологийн дурсгалуудыг олж тогтоох тал дээр ямар ч хайгуул судалгаа хийгээгүй.

-Археологийн хүрээлэнгээс гадна Улсын мэргэжлийн хяналтын газар археологийн хайгуул судалгаа хийлгэхийг компаниудад нэлээд шахаж шаарддаг. Ингэснээр үр дүн нь хэр гарч байна вэ?    

-Өнгөрсөн жил Улсын мэргэжлийн хяналтын газрыхан “Тавантолгой” компанийг археологийн хайгуул хийлгэ гэж шахаж үзлээ. Тэгээгүй бол өдийд өч төчнөөн түүхэн дурсгал устах байлаа. Дашрамд хэлэхэд Улсын мэргэжлийн хяналтын газрын Соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэндсүрэн соёлын түүхэн эд өлгийг авран хамгаалах тал дээр ихээхэн санаачлагатай, чармайлттай ажилладаг. Ганцаараа хөөцөлдсөөр байгаад аймаг, сум бүрийн байгаль хамгаалах газрын ажилтнуудад түүх, соёлын дурсгалыг хамгаалах давхар эрх олгож, тодорхой хэмжээгээр цалинжуулах ажлыг хийсэн. Гэтэл цалин авч байгаа нөхөд түүхэн өв соёлын дурсгалуудыг устгаж байгаа байгууллагуудтай тэмцэхийн оронд манай хэдэн судлаач залууг торгоно, шалгана гээд байдаг. Нэг зүйлийг хэлэхэд, монголчуудаас ч дутахааргүй гадны эрдэмтэн, судлаачид манай түүхэн дурсгалууд устаж буйг их эмзгээр хүлээж авдаг юм шүү. 

Төв аймгийн Заамар сумын нутаг, өөрөөр хэлбэл Заамарын гүүрнээс Дархан-Уул аймаг хүртэлх олон голын хөндийд сүүлийн 15 жилийн турш гадаад, дотоодын 50 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн ажил явуулахдаа эртний үнэт дурсгалуудыг бүрмөсөн устгасан. Тэр хавиар явсан  дэлхийн том эрдэмтэд бүгд халаглаж байна лээ. Оросын эрдэмтэн А.Ф.Деревянко “Ингэж сүйтгэж байсан газрыг би өмнө нь харж байсангүй” гэж хэлж байсан. Б.Догмид зохиолч хэдэн жилийн өмнө Заамарын алтны уурхайгаас алтаар хийсэн морины дурсгал олсон тухайгаа сонинд бичсэн байв. Даанч энэ мэдээллийн мөрөөр хэн ч ямар ч арга хэмжээ аваагүй.

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн амны уурхайн талбайгаас хэд хэдэн эртний хүний яс гарсан боловч талбайг бульдозероор тэгшилж дурсгалуудыг ямар ч баримтгүй болгосон.   Хэчнээн сайхан дурсгалууд байхгүй болсныг хэн ч яг таг хэлж чадахгүй. Орхон, Тамир голын эх орчимд “Монгол газар” компанийнхан ашиглалт явуулж байгаа. Нутгийн иргэд компанийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж тэмцээд дийлээгүй. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг маш зөв, цагаа олсон хууль гэж би боддог. Үүнийг аль болох хэрэгжүүлэхгүй байх үүднээс зарим хүмүүс хэт улстөржүүлдэг тал бий.
Автозамын ажил гүйцэтгэж байсан компани Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Чин толгойн Хятаны үеийн хэрэмт хотын дэвсгэр газарт тэсэлгээ хийн, эксковатороор ухаж эртний хот суурингийн ул мөрийг устгалаа. Энэ мэт жишээ дурдаад байвал уул уурхайн олон хариуцлагагүй компанийн хөлд манай түүхэн олдворууд устсаар байгаад харамсаж явдаг.

-Археологийн хүрээлэн ашигт малтмалын лицензэт талбайнуудад судалгаа хийхэд  зардал мөнгөнөөс авахуулаад хүндрэл бэрхшээл гардаг уу?

-Манай археологчид тийм том судалгаа хийдэггүй. Ердөө таван метрийн тойрогт булшны малталт хийдэг юм.Тухайн компани хууль ёсны дагуу археологийн судалгаа хийлгэх төлбөрөө л төлчихвөл  болох нь тэр. Манай судлаач залуус тэр газар нь очоод л судалгаа хийчихнэ. Хэрэв дурсгал байхгүй бол “Та нар олборлолтоо хий” гэсэн зөвшөөрөл өгнө. Манай байгууллага төрөөс жилдээ ганц удаа экспедицийн хайгуулын зардал авдаг болохоор компаниудаас тодорхой төлбөр авч байж хайгуул, судалгаагаа хийхгүй бол болдоггүй юм. Хамгийн гол нь гадаадын том компаниудад ажиллаж байгаа монгол инженерүүд өөрсдөө Монгол орныхоо түүхэн дурсгалт газруудыг авран хамгаалахад санаа тавих хэрэгтэй байгаа юм. Их мөнгөтэй гадны компаниудын хувьд археологийн судалгаа хийлгэхэд үнэндээ ядах юмгүй шүү дээ. Уг нь манай байгууллагад хүсэлтээ тавиад хууль журмын дагуу археологийн судалгаа хийлгэчихвэл сонин содон дурсгалууд их олддог. Жишээлэхэд, Баянхонгор аймгаас ХIII зууны үеийн дээл хувцаснууд олдлоо. Үнэхээр гайхамшигтай олдвор шүү.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Олон гүүрийн голд Хятадын нэр бүхий компани 2007 оноос хууль бус олборлолт хийж эхэлсэн. Бид энэ асуудлаар холбогдох бүх газарт хандсан. Сумын дарга нар нь “Бид мэдэхгүй. Дээд удирдлагуудтай ярьсан нь дээр” гэж хэлдэг. Алтай Таванбогдоос эх авдаг голууд өнөөдөр устах аюул нүүрлээд байхад хэн ч үүнийг ярьдаггүй. 2007 онд Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Б.Чадраа бид хэд гол ус мөхөж байгаа газруудаар явж үзсэн. Бидэнд тэнд явуулж байгаа компаниудыг шалгах эрх байх биш, баахан халаглаж байгаад л буцсан. Онгийн голынхон баахан тэмцэл өрнүүлж байж үр дүнд хүрлээ. Онгийн гол сэргээд хэчнээн сайхан байна вэ.

Миний нэг бодол гэвэл өнөөдөр монголчууд бид Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтээ л ашиглая. Бусад уурхайгаа ингэж олноор нь зэрэг ашиглах хэрэг байна уу. Аймаг бүрт нүүрсээр хангах уурхайнууд бий. Тэр хэмжээндээ л ашиглая. Тэгэхгүй бол энэ олон уурхай Монголын хөрсийг эргүүлээд, хамаг сайхан байгалийг маань сүйтгээд, түүхэн дурсгал ч үгүй үлдэж мэдэх нь. 

Чингис хааны анхны нийслэл “Монголын нууц товчоо”-г бичиж дуусгасан алдарт Хөдөө арлыг очоод үзээрэй. Хоёр жилийн өмнө Хятадын газрын тосны “Шэймэн” компани Хэрлэнбаян-Улааны дурсгалт газрыг нүүрсний компанид өгчихсөн. Нутгийн ардууд бидэнд энэ тухай хэлэхээс цаашгүй. Арга ядаад манай хэдэн залуу өвлийн хүйтнээр очоод заргалдаж үзсэн. Гэтэл эндхийн бас нэг газрыг хятадууд өгсөн сураг дуулдсан. Түүнтэй бас “тулалдах” хэрэг гарч байна. Хөдөө аралд газрын тосны компани өрөмдлөг хийгээд эхэлсэн. Уг нь нутгийн иргэд ийм зохисгүй явдлыг зогсоох гэж тэмцэж болох ч аймгийн Засаг дарга, Боловсрол соёл шинжлэх ухааны яам гээд эрх мэдэл бүхий холбогдох газрууд арга хэмжээ авбал хамаагүй үр дүнтэй санагдах юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ газар дээр нь очиж хууль бус ажлыг зогсоосон ч өнөө компанийн ажилчид “Ирэх сонгуульд Б.Бат-Эрдэнийг унасан хойно эргэж ирж өрөмдөнө” гэж хэлсэн гэсэн. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, энэ бүх хууль бус үйлдлийн цаана Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна. Чингис хааны дархлагдсан газарт гадаадын компани газрын тос олборлоно гэдэг юу гэсэн үг вэ. Тамсагбулагт нефть нь оргилж байхад түүнийгээ ашиглалгүй, яагаад Чингисийн нутаг руу дайраад байна вэ. 

Төв Азийн хэмжээнд анхны нүүдэлчдийн төр улсыг Хүннү нар байгуулсан. Тэдний жинхэнэ язгууртнуудын дурсгал бол Ноён уулын булш. Тэгэхээр эдийн засаг талаас нь харж уул уурхайн олборлолт явуулахаас гадна төр улсын язгуур түүхтэй холбоотой, үндэсний эрх ашигтай холбоотой маш том асуудал хөндөгдөж байгааг манайхан сайн ойлгох хэрэгтэй. Ганц археологийн олдворууд ч биш, палеонтологийн олдворууд ч ихээр сүйдэж байна. Палеонтологийн хүрээлэнгийн захирал Р.Барсболд бид нар соёлын болон түүхийн эд өлгийгөө хамгаалах гэж адилхан зовж чармайж яваа улс. 

Манай археологийн хүрээлэн бол улсын хэмжээнд археологийн судалгаа явуулдаг ганц байгууллага. МУИС дээр гурван хүнтэй тэнхим, Улаанбаатар их сургуульд хоёр хүнтэй тэнхим, Үндэсний музейд мөн гурван хүн археологийн судалгаа явуулж байгаа. Монголын археологчид ердөө энэ хэд шүү дээ.   

Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж