Би ер нь ажлаасаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Би ер нь ажлаасаа гарлаа

Саяхан би Үл хөдлөх хөрөнгийн газар гэгчээр дүүгийнхээ бичиг баримтыг хөөцөлдөхөөр орж үзлээ. Тэгээд л гэнэт ажлаасаа гармаар санагдсан юм. Үүдээр нь алхангуут л нэг хүүхэн тосч ирээд “за ямар бичиг баримт хэрэгтэй вэ, манайх түргэн шуурхай нэг өдрийн дотор найдвартай хямдхан үйлчилнэ” гэдэг юм байна. “Пөөх манай улсын байгууллагууд чинь яасан мундаг болоо вэ угтаж үйлчилдэг” энэ тэр гэсэн юм бодов. Тэгээд …нэг авсан өгсөн тухай хоосон хашааны… гээд хэлтэл “өө амархан маргааш гэхэд л таны гэрчилгээ бэлэн болчихно” гэжийнаа. Тэгээд “гайгүй ш дээ хямдхан 45.000” гэдэг юм байна. Би бодохдоо үнэгүй л… ганц нэг хураамж аваад л… гээд ээрч муурч байтал “ хүсэхгүй бол яах вэ тэр шилэн цонхны наана очоод оочерлож болий ш дээ, наад зах нь 14 хоногийн дотор гарах л байх” гэдийм даа харин. Шилэн цонхны наагуур нь ойртвол пиг хүн харин цаана жинхэнэ байцаагч нар нь дүрэмт хувцастайгаа шил гэдгэр сууж байдийн байна. Мань мэтийг тоож харах ч янзгүй цатгалан царайтай сайхан улсууд юмаа тэд чинь. Одоо тэгээд үл хөдлөхөөр орохгүй юм гэж үгүй. Авсан, өгсөн, зээлсэн, барьцаалсан, бэлэглэсэн энэ тэр гээд л нөгөө үл хөдөлдөг эдүүдийг чинь дуртай ч, дургүй ч энд л ирж янзлуулахын чааваас. Харин нөгөө тосч үйлчилдэг хүүхэн үл хөдлөхийн умгар заалны голд байх сандал дээр оффислодог юм байна. Ганц тэр ч биш бас хоёр ч авгай түүний нэжгээд нөхөр нь энэ сандал дээр конторлодог юм байна. Аргагүйдсэн би дахин уулзаад эгчтэй, эвтэйхэн байж байгаад халлаа даа хөөрхий. Тэгсэн хоосон хашаа авсан өгсөн тухайд бол хамгийн хямд нь буюу 45 мянга гэнэ. За тэгээд байшин энэ тэртэй болоод ирэх юм бол 80 мянга гэнэ, харин байр сууц болоод ирэхээрээ 120 мянгаас л дээшээ өгсдөг юм байнаа. Угтах үйлчилгээний зэрэгцээ бас учир начрыг нь олохгүй байгаа хүмүүст дор нь хэдэн хүснэгтийг нь бөглөөд л өгчихнө.

Сарын турш өөд уруугүй шогшиж байж таван төгрөг олдог мань мэтийн хувьд эгчийн ажлын байр эрхгүй сонирхол татаад байнаа. Тэгээд асуулаа даа тэгсэн мань эгч энд жинхэнэ байцаагч байгаад хусагдсан юм байна хөөрхий. Тэгээл “амьдрахын эрхээр” нөхөртэйгөө энд ажилладаг юм байх. Арай жаахан үнэтэй л байна буулгах барих арга байна уу гэтэл “ёстой тийм юм байхгүй, миний ажил чинь хэцүү ш дээ, зовж хэдэн төгрөг олоод энийг чинь энэ байцаагч нартай хуваана ш дээ тэгээд эгчид нь унаж байгаа нь 10-15 мянга л байдийн ш дээ” гэнэ. Өдөрт дор хаяж 10 хүний юм авчихна. Хамгийн хямдхан нь 45.000 тэгээд 3-4 шилний цаадах гэдгэрүүдтэй хуваана. Бодоод үзсэн чинь бүр дор хаяж өдөрт 100 мянга, мөн сайхан ажил байгаа биз. Ашигтай ажлын цагаар л ажиллана. Би ер нь ажлаасаа гарч энэ аниагийн туслахыг ч болтугай хийе байз. гэхдээ бас дошин дээрээ дошийх бололтой байна лээ.

Хөөрхий шилний наана оочерлох тэд яана даа. Байцаагч нар мөнгө нь орж ирсэн хүмүүсийн юмыг 2 хоногт нь шийдээд шилний наана оочерлох хүмүүст  гардаггүй байх даа. Магадгүй чөлөөт цагаараа ч юм уу, цайны цагаараа тэдгээр хүмүүсийн материалыг шагайж нэг магадгүй юм даа.  Үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай гүйцэнээ гэж аргаа барсан л хүний үг байх даа. Хуучинтайгаа нийлж хүмүүсийн мөнгийг хууль бусаар хуссан шил гэдгэр, цатгалан царайт Үл хөдлөх хөрөнгийн ажилтнуудаа гэж…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж