Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Мань руу нүүж явна

Манайх Иргэн Зоригийнх гэдэг айл. Айл болж, гал голомтоо бадраагаад арваадхан жил болж байгаа залуухан гэр бүл. Аль ч залуусын адил хөрөнгө чинээ, мал хуй цөөтэй ч манайх бусдын хөрөнгөнд шунаж байсангүй, ариун цагаан хөдөлмөрөөрөө өсөж, дэвжиж яваа даруухан айл. Бид ханаа дугуйлж, өрхөө татсанаасаа хойш ийш тийш олон нүүж суусангүй, нутгийнхаа баруун биеэр нутагласаар өдийг хүргэсэн. Баруун талдаа хувь хүний эрх чөлөө, хувийн өмчид ээлтэй, засаг төрийн элдэв дарамт шахалт бага байдаг болохоор манайх эндээ идээшиж дассан. Угаас манайхан эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг улс болохоор салхиныхаа дээд, баруун талаасаа нүүх дургүй байдаг юм.
Манайхыг айл гэр болж тусдаа гарахаас ч өмнө энүүгээр нутагладаг байсан нэг айл бас бий. Сайн ярьвал садангийн юм, саахалтын зайтай ойрхон нутагладаг болоод ч тэр үү бид санаа нэгтэй амьдарч ирсэн. Хэнийхний тухай ярьж буйг та гадарлаа биз дээ. Тал, талаасаа олон хүүхэдтэй хожуухан нийлсэн ч, одоо өнөр өтгөн яваа Ард Чилалынх гэдэг айл шүү дээ. Харин сүүлийн хоёр жил тэднийх зүүн тийш нутаг сэлгэчихээд уугуул нутгаараа бараг үзэгдсэнгүй дээ. Хэдэн дэггүй тархи нь хэрэлдэж, уралцаад, айлд зарагдаж яваа муу эцгийнхээ чихийг халууцуулж яваа л гэж дуулдах юм.

Харин нутгийн маань зүүн талд залуудаа дандаа дарга, даамал хийж явсан Хувьсгалт гуайнх гэж ная гарсан мянгат малчин өвгөнийх нутагладаг. Өвөрлөгч биш шүү хөөрхий, нэр нь тийм болохоос аргагүй л энэ нутгийн унаган айл. Хувьсгалт гуайнх хуучин цагт ядуу зүдүү явсан ч, сүүлийн хориод жилд сайн, муу аргаар сүрхий баяжиж хөлжсөн юмдаг. Тэгээд тэднийх мал хуйгаа маллаж дийлэхээ болиод манай саахалт Ард Чилалынхнаар хурга, ишгээ харуулж байгаа хэрэг. Харин манай эндээс ялгаатай нь зүүн тийшээгээ алба, гувчуур ихтэй, танил зарим нэгнийгээ ажил хөдөлмөр ч хийлгэхгүй халамжилж бөөцийлөөд байдаг сурагтай. Гараа хөдөлгөж, толгойгоо ажиллуулахгүй, хүүхэд хөгшидгүй л ам руугаа бэлэн хоол халбагдуулчихаад “жаргаж” суудаг улс бололтой дог шүү, тэр зүүн талынхан. Мань мэтийн хувьд ч тогтож суух газар биш дээ.

Саяхнаас харин зүүн зүгээс хачин, сонин чимээ сонсогдох боллоо. Хувьсгалт гуай өтөлснөөс ямар үхсэн биш гээд нэрээ өөрчлөх болсон гэнэ. Яадаг юм, зөв. Ер нь өөрийн нэрээ солих нь өрөөлд ёстой падлий ч байхгүй. Малгайгаа сольж байгаагаас ямар, толгойгоо сольж байгаа биш дээ. Тэгээд ч улаан малгай өмсөөд, энгэртээ сарнай хатгачихаад явах нь настай хүнд ёстой эвгүй харагддаг байсан юм. Хачин сонин мэдээ үүгээр дуусна гэж бодоо юу? Харин ч үгүй гээч. Хувьсгалт гуай нэрээ сольчихоод нутаг сэлгэх болсон гэнэ. Энүүхэндээ чамд гэж хэлэхэд, мань хөгшин жаахан тавьтаргүй л дээ, угаасаа. Зүүнээс баруун тийш нүүх ч яах вэ. Залуудаа Ленин гуайг бүр шүтэж үхчихээд Орос руу хүртэл нүүчихэж байсан удаатай. Дараа нь Нагаржунай гуайнх руу Энэтхэг, Күнз гуайг дагаад Хятад руу хүртэл явчих дөхсөн гээч. Харин сүүлийн хэдэн жил овоо тогтож нутгийнхаа зүүн биеэр нутаглах болсон юм даа.

Тэглээ гээд яахав дээ, алддаггүй хэн байсан юм. Оройтож байгаа ч тэд зөв зүгт нүүлээ. Цаадах чинь мань руу нүүж явна. Ойртож дөхөөд зайтайхан бууна уу, хажууд ирээд саахалт бууна уу өөрсдийнх нь хэрэг. За, би хөгшнийхийг тосохоор гарлаа. Домботой цайгаа аваад нүүдэл тосдог нь Монголын ёс шүү дээ.  

ИЗН-ын ХЭГ-ын дарга Г.Ганбат
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж