Хятадад Ахмадын лиг бий болов

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Хятадад Ахмадын лиг бий болов

Дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг NBA-ыг дагаад хөгжлийн лигтэй байдаг. Энэ лигт дээд төвшинд тоглох чадамжгүй, гологдсон болоод залуу тоглогчид хүчээ сорьдог. Нэг ёсондоо тэд NBA-д орохын тулд энэ лигээр дамжиж байна гэсэн үг.

Харин ахмад тоглогчид хаачих вэ?

Хэвийх насандаа орсон, нэг бол залуу насандаа дэлхийн хүчирхэг сагсан бөмбөгийн лигт орон зайгүй болсон тоглогчид хаана очих вэ?

Хариулт нь, тэд Хятадын сагсан бөмбөгийн лигийг сонгож байна.

Хамгийн эхлээд NBA-ээс Хятадын лигийг зорьсон тоглогчдын жагсаалтыг дунджаас дээгүүр амжилттай байсан тоглогчдоос Бонзи Уэлс тэргүүлсэн. Рашийд Уоллес, Скотти Пиппен, Дэмон Стадмайр зэрэг шилдгүүдтэй ид үед нь мөр зэрэгцэн бүсийн аваргын төлөө “Лейкерс”-тэй хүртэл хүч үзэж байсан шилдэг зургаа дахь тоглогчдын нэг Уэлс Хятадад очингуутаа л өөрийн сагсан бөмбөгийн замналд байгаагүй өндөр оноонуудыг авч эхэлсэн.

Түүнтэй Харрисон, Снайдэр зэрэг тоглогчид мөр зэрэгцэн тоглосон ч дурдах нь илүүц биз.

Харин дараачаар нь Стефон Марбори “Бостон Селтикс”-ийн сэлгээнээс аварга авах гэж бүтэлгүйтээд улмаар шууд л манай урд хөршийг зорьж өнгөрсөн жил бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарлаа. Үүндээ ч сэтгэл хангалуун байгаа бололтой, гэрээгээ дахин сунгасан юм.

Одоо тэдний  цувааг үнэ цэнэтэй тоглогчийн шагналт Аллен Айверсон үргэлжлүүлж, залгаад Стив Францис явах цуурхал мэдээнүүд гарч эхэлжээ.

Айверсоны төлөөлөгч Гари Мур бэлтгэл эхлэх гэж байхад түүнтэй ямар ч баг холбоо тогтоохыг оролдсонгүй. Тийм учраас тэр Хятадын багуудтай гэрээ хийх ажилд орсон гэсэн боловч тодорхой зүйлүүдийг хэлээгүй байна. NBA-д хэрэггүй болсон Айверсоны сагсан бөмбөгөө үргэлжлүүлэн тоглох ганц зам нь энэ болсон бололтой. Стив Францисын хувьд ч ялгаагүй биз. Мөн л одоо түүнийг ямарваа нэгэн NBA-ын баг авах нь бараг худлаа. Тэгэхээр талбайдаа эргэн ирэх цорын ганц гарц нь Хятадын том зах зээл болж болох юм. “Хьюстон Рокетс”-т тоглож байсан учраас муу ч үгүй олон хөгжөөн дэмжигчидтэй л байж таарна. Магадгүй Стифон Марборигоос илүүтэй хүлээж авах биз ээ. Ямартай Хятадын сагсан бөмбөгийн супер лиг Америкийн ахмад тоглогчдын лиг болон хувирах нь. Гэвч муу зүйл үүнд ер байхгүй. Ахмад тоглогчид хүссэн хугацаагаа талбай дээр өнгөрүүлж, тэр чинээгээр багуудын орлого нэмэгдэж, дагаад Хятадын сагсан бөмбөг нэг байтугай хоёр, гурван шат даван үсрэлт хийнэ.

Гарцаагүй үнэн.

Score Studio
                                

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж