Шударга ёсыг дээдлэх байгууллага хоёроор нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Шударга ёсыг дээдлэх байгууллага хоёроор нэмэгдлээ

Шударга ёсны төлөө үйл ажиллагааг нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлын чухал хэсэг байдаг.

Шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний нэг хэсэг нь шударга ёсны төлөө олон нийтийг уриалах явдал юм. Тиймээс ч Авлигатай тэмцэх газар төрийн болон төрийн бус байгууллагуудаас гаргаж  буй авлигагүй, хүнд сурталгүй, шударга ёсыг дээдэлж ажиллах санал санаачилгыг дэмжин, үйл ажиллагаагаа явуулахад нь арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг.   

Шударга ёсыг үйл ажиллагаандаа дээдэлж ажиллахаа илэрхийлж аймгуудаас Хэнтий аймгийн төрийн захиргааны байгууллагуудын удирдлагууд нэгдэн анх удаа уриалга гаргасан. Түүнчлэн, МХЕГ-ын удирдлага, хамт  олон ч авлигатай тэмцэж, шударга ёсыг дээдэлж ажиллахаа илэрхийлсэн билээ.     Тэгвэл есдүгээр сарын 15-нд хуулийн байгууллагуудаас анх удаа ЦЕГ-ын харъяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хамт олон, төрийн өмчит үйлдвэрийн газруудаас анх удаа Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын хамт олон шударга ёсыг бэхжүүлж ажиллахаа мэдэгдлээ.

Төмөр замын соёлын ордонд цугласан Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн, УБТЗ-ын төв, орон нутгийн удирдах албан тушаалтан, төмөр замчид, хэвлэл   мэдээллийнхний өмнө Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Энхсайхан “Төр ард  түмний өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийг дээдлэн, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, шударга ёсыг бэхжүүлж ажиллахад хууль хяналтын байгууллагуудыг уриалж байна” хэмээн уншиж сонсгосон.

Энэхүү уриалгад нэгдэж буйгаа УБТЗ-ын хамт олныг төлөөлж Төмөр замын удирдах газрын орлогч дарга Ц.Мижиддорж, УБТЗ-ын  дэд дарга н.Пүрэвбаатар нар мөн илэрхийлэв гэж АТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж