Ч.Сангарагчааг хуулийг зөрчсөн гэж дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчааг хуулийг зөрчсөн гэж дүгнэжээ

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын дүгнэлттэй холбоотой асуудлыг Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдсэнээр хэлэлцэхээр болжээ. Энэ тухай Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Хуульд заасны дагуу УИХ 14 хоногийн дотор асуудлыг авч хэлэлцээд шийдвэр гаргаад,  авлигатай тэмцэх газрын үүрэгт ажлыг тусгай хяналтын дэд хороо хянана гэж заасны дагуу тус хорооноос дүгнэлт гаргуулахаар болсон. Энэ байгууллага нь манай байнгын хорооны харьяа байгууллага биш, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хүрээнд байдаг. Манай Хууль зүйн байнгын хороо уг асуудлаар гурван ч удаа нухацтай хуралдсан. Гэсэн хэдий ч тодруулах шаардлагатай зүйлс байсан. Прокурорын дүгнэлтэд үндсэнд нь хоёр зүйлээр асуудал оруулж ирсэн юм. Эхнийх нь Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн гэх, мөн төсвийн зарцуулалт зөрчсөн гэсэн шалтгаан багтсан. Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн эсэхийг УИХ-ын хяналтын бүтцийнхээ дагуу Тусгай хяналтын дэд хороо шалгаад дүгнэлт гаргах ёстой. Хууль зүйн байнгын хороо хуралдаад асуудлыг Тусгай хяналтын дэд хороонд шилжүүлсэн. Тусгай хяналтын дэд хороо  хуралдаад дүгнэлтээ надад саяхан танилцуулсан. Энэ дүгнэлттэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо ирцээ бүрдэнгүүт хуралдана. УИХ-ын намрын чуулган удахгүй эхлэх гэж байна. Үүний дараагаар асуудлыг хуулийнх нь дагуу хэлэлцээд УИХ-д оруулж хэлэлцүүлэх болно. Дэд хорооноос ирүүлсэн дүгнэлтэд Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн гэж байна. Энэ талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Байнгын хорооны ажлын албаныхан гишүүдийнхээ бүртгэл дүн мэдээг танилцуулснаас үзвэл одоогийн байдлаар зургаан гишүүн байна. Бусад гишүүд орон нутагт, гадаадад томилолттой байна” гэв.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж