Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Этгээд уламжлалууд

Сеппуку

Сеппуку буюу Хара Кири нь Японы самурай нарын хатуу уламжлалуудын нэг юм. Эрт цагт дайчин самурай нар дайсандаа олзлогдож, шившигт унахгүйн тулд өөрийгөө хороодог байсан аж. Самурайн ёсонд нэр төрөө хамгаалж үлдэх эцсийн бөгөөд цорын ганц арга нь гэдсээ хүүлж өөрийгөө егүүтгэх харгис үйлдэл болж байв.  Түүнээс гадна самурай нар эзнийхээ тушаалаар хара кири хийх тохиолдол ч байсан аж.  Дайчдын  дунд бичигдээгүй хууль болсон ёс зүйг зөрчсөн  самурай цаазаар авахуулах ялаас өөрийгөө егүүтгэхийг илүүд  үздэг байжээ.  Хара Кири зөвхөн дайчин эрс нэр төрөө хамгаалах эсвэл эргүүлэн олж авах зорилготой байсан бөгөөд самурай нараас бусад хүмүүс хийх эрхгүй байсан юм.  Харин самурай бүсгүйчүүд зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хара кири хийдэг байжээ.
Хара Кири хийхийн өмнө самурай усанд орж, цагаан өмсгөл өмсч, дуртай хоолоо иднэ.  Энэ бүх ёслол маш нарийн дэг журамтай явагдах бөгөөд хооллож дууссаны дараа  самурайн урд  өөрийгөө егүүтгэх  хутгыг тавган дээр тавьсан байна.  Заримдаа дайчид тусгай өмсгөл өмсч, үхлийн тухай шүлэг бичдэг байжээ.
Кайшакунин буюу самурайн итгэлт хүн энэ ёслолын үеэр хажууд нь байх бөгөөд өмсгөлөө тайлж, бэлхүүсээ бүсээр  орооход нь тусална.  Самурай  гэдсээ зүүнээс баруун тийш хүүлж энэ ёслол дуусдаг.  Эцэст  нь  кайшакунин дайчин эрийн толгойг авч даки-куби үйлддэг байв.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж