Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Платформын тулаан

МАХН дотор тулгуур үзэл-платформын тулаан эхэллээ. Олон жил дагаж мөрдөж ирсэн ардчилсан социалист үзэл баримтлалаа үндэсний ардчилсан платформоор солихоор толгой хэсэгтээ үндсэндээ шуудраад байна. Ирэх арваннэгдүгээр сарын эхээр хийхээр төлөвлөсөн ээлжит их хурлаараа намынхаа нэрээс “хувьсгалт” гэсэн тодотголыг авч хаяхаас гадна үзэл баримтлалын сэлгээ хийхээр удирдлагынхаа хүрээнд тохирч “Тэрэлжийн тунхаг бичиг” гэдгийг гаргасан. Харин энэ удаад эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсохоор тэднийг Төрийн ордонд урьжээ.

“Монголын улс төрийн ууган байгууллага МАХН ба улс төрийн үзэл баримтлал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар ач холбогдол өгөн оролцлоо. Тэгэхээр үзэл баритлалын асуудал МАХН-д  нэг номерийн сэдэв болжээ. Судлаачдын хэлснээр МАХН-ын 1920-иод онд баримталж байсан анхны онол нь үндэсний ардчилсан үзэл бөгөөд хожим хэт зүүний социалист, зүүн чиглэлийн социал-демократ, ардчилсан социалист үзлүүдэд дарагдсан ч намын дотоодод инерциэрээ хадгалагдсаар өнөөдрийг хүрсэн юм байна.  Тиймээс бараг 90 жил “хэвлийдээ тээж” ирсэн уугуул үзэл баримтлалаа өнөөдөр ил гаргаж  ирэх цаг нь болсон гэж үзжээ. Гаднаас харвал энэ нь МАХН-ын зүүний үзэл онолтой харшилдмаар санагдавч судлаачид тэгэхгүй хэмээн нотолж байлаа. Судлаачдын тавьсан илтгэлээс үзэхэд улс төрийн намууд доторх үзэл баримтлалын сэлгээ, платформын тулаан зөвхөн МАХН дотор биш дэлхий нийтийн хандлага болох чигтэй байгаа гэнэ. Ерөнхийдөө баруун, зүүний гэж туйлшрахаасаа илүүтэй бодит хөрсөнд тохирсон прагматик шинж төлөвийг улс төрийн намууд эрхэмлэх болжээ.
Бүр өнгөрсөн зууны 70-аад оны эцсээс өрнөдөд иргэдийн  улс төрийн идэвх өнөөдрийн манай иргэдийнх шиг суларсан нь улс төрийн намуудад онол үзлээ тодорхой болгохын эхлэлийг тавьсан байна. Өдгөө манайд баруун, зүүний намууд үзэл бодлоо “эрлийзжүүлж” холилдуулсантай төстэй байдал тэр үеийн барууны улстөрд илэрчээ. Яг л одоогийн Монголынх шиг улс төрийн намын тогтвортой дэмжигчид цөөрч аль талд нь саналаа өгөхөө санал хураалтын кабинд орж үзэг бал барьсан хойноо шийддэг “савлагч” буюу “хөвөгч хэсэг” нэмэгдсэнээс тэдэнд чиглэсэн үзэл,  хандлага  хэрэгтэй  болж, үзэл баримтлалын тулаан эхэлсэн тухай хэд хэдэн судлаач өчигдрийн хурал дээр хэллээ. Хэдийгээр 1990 оноос хойш Монголд давхардсан тоогооор 40 орчим нам бий болж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн ч үзэл баримтлалын хувьд дэлхийн жишгээр гуравхан бүлэгт багтдагаас ялгаа зааг нь тун бүдэг байдаг гэнэ.

Хэдэн намаар төлөөлүүлж үзэхэд  МАХН 1920-иод оноос  үндсэндээ үндэсний ардчилсан үзлээр эхэлсэн ч яваандаа  зүүний чиглэлийн байр суурь баримталж ирсэн. Ардчилсан нам барууны либерал үзэл баримтлалтай,  ҮШН  консерватив чиглэлийн үзэл баримтлалыг тунхагласан бол  МУНН жам ёсны философи, төр ёсны үзэл, сургаалийн үнэт зүйлс түүнд суурилсан орчин үеийн ардчиллын үзэл, үнэлэмж  бүхий консерватив үзэл баримталдаг нь үндсэндээ Монголын улс төрийн намуудын баримталдаг үндсэн үзлүүд аж. Тэгэхээр намын нэр нь л өөр болохоос хоорондоо ялгарах платформоор үндсэндээ бага гэсэн үг.

Ер нь ч дэлхий нийтээр баруун, зүүн гэж тийш хэт туйлшрахгүйгээр  гурав дахь буюу шинэ замыг сонирхох хандлага давамгайлж эхэлжээ. Улс төрийн үзлүүд
 “төв” рүүгээ тэмүүлэх хандлага аль хэдийнэ эхэлсэн энэ үед МАХН зүүн төвийн нам гэсэн байр сууриа хадгалах нь зөв гэж үзэж буй ажээ. Харин үндэсний ардчилсан хэмээх барууны чигийн үзэл баримтлал зүүн төвийн намд зохих уу гэсэн асуулт МАХН дотор платформын тулаан үүсгэх шалтгаан болоод байна. Хэдийгээр МАХН-ын толгой хэсэг энэ үзлийг сонгож буй ч анхан, дунд шатны төлөөллүүд дотор нам нэр, үзэл баримтлалаараа оролдох нь төдийлөн оновчтой биш гэсэн хандлага бас харагдах болжээ. Ийнхүү МАХН-ын их хурал хүртэл энэ тулаан үргэлжлэх бололтой. Ингээд эрдэм шинжилгээний хурлын үеэр зарим хүний байр суурийг сонссон юм.

МАХН-ын Сургалт, судалгааны хэлтсийн дарга, “Прогноз” академийн захирал С.Одхүү:

-Цэвэр эрдэмтэн судлаачдын хүрээнд энэ сэдвийг ярьж байна. Үзэл баримтлалаа яаран солих гэсэн асуудал байхгүй. Өнөөдрийн практикт баруун, зүүний үзэл баримтлал хоорондоо ойртож ялгаа, зааг нь арилаад, нийгмийн харилцаа либералчлагдаж, улам бүр прагматик болж байна. Ийм үед үүнийг тодотгох үүднээс эрдэмтдийн үгийг сонсч байгаа юм. Барууны байр суурьтай Ардчилсан нам цэвэр зүүний асуудал ярьдаг болчихсон байна. МАХН зүүний нам байж барууны бодлого зөндөө ярьдаг боллоо. Үүнийг л тодотгох гэсэн хэрэг. Түүнээс биш МАХН ардчилсан социалист үзэл баримтлалаа юу юугүй солино гэсэн үг хараахан биш юм. Өнөөдрийн чиг баримжааг харсан ч, түүхэн уламжлалаа бодсон ч МАХН уугуул талдаа үндэсний ардчилсан үзэл санааг баримталж ирсэн. Ихэнх хүн өнөөдөр үндэсний ардчилсан үзэл санаа гэсэн тийм улс төрийн үзэл баримтлал байхгүй гэж хэлдэг юм. Гэтэл нийгмийн ардчилал гэсэн зүйл маань ерөнхийдөө цаад агуулга, зорилгоороо үндэсний ардчилсан үзэл санаа гэдэгтэй нэлээд ойролцоо. Нэр, үзэл баримтлал солих гэдэг бол эмзэг нарийн асуудал. Шат шатандаа нийгмийн санал бодлыг сонсоно. Гишүүд дэмжигчдийн дунд хэлэлцүүлэг явуулж сонсоно. Гэхдээ цаг нь болсон нийгмийн захиалгатай зарим алхмыг зоригтой хийх нь зүйтэй.

Судлаач Г.Чулуунбаатар:

-Намын нэр солих, үзэл баримтлалын асуудлаар МАХН-д өргөн хэлэлцүүлэг эхэлж байна. Нэрээсээ илүү ажил хэрэг, ажиллагааны үр дүн нь чухал. Миний хувьд нэр, үзэл баримтлалыг юу юугүй өөрчлөөд байх нь нэг их чухал биш. Харин баяжуулж тодотгож болно. Үндэсний ардчилсан үзэл бол угаасаа МАХН-тай салшгүй уяатай явж ирсэн. МАХН 1992 онд ХХI их хурлаараа “Үндэсний ардчилсан үзэл бол МАХН-ын онол, суртахууны үндэс мөн. Онол арга зүйн үндэс нь төв ёсны үзэл” гээд зарлачихсан. Намын шинэ удирдлага 1996 онд гарч ирээд ардчилсан социалист үзэл санаа бол үндэсний ардчилсан үзэлтэй харшлах зүйл гайгүй юм. Зүүний ардчилсан үзэл буюу социал демократ үзэл санааг илүү чухалчлах шаардлага байгаа учраас баяжуулъя гэсэн. Тэгэхээр хоорондоо айхавтар тэрсэлдэх нь гайгүй. Баруун, зүүн бус гурав дахь зам гэдгийн ерөнхий суурь нь Монголын онцлог дээр аваад үзвэл үндэсний ардчилсан үзэлтэй төстэй юм. Тэгэхээр социал-демократ үнэт зүйлийн дийлэнх, либерал ардчилсан үнэт зүйлийн тодорхой зүйл нь үндэсний ардчилсан үзэл дээр байгаа юм. Нэгийг нь бүр хаяад нөгөөг нь авч байгаа хэрэг биш.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал:

-Үзэл баримтлал, үнэт зүйлсээ улам хөгжүүлж боловсронгуй болгох нь хамгийн чухал. Нийгэм бол намууд хэтэрхий хуваагдахыг таашаахгүй байна. Улс орныхоо төлөө хуваагдалгүй яваач ээ гэдэг болсон байна. Үндэсний ардчилсан үзэл санаа бол даяаршил дотор өөрсдийгөө олж харах тийм хандлага шүү гэдгийг илэрхийлдэг болсон байна. Ингээд МАХН энэ асуудлыг өргөн хэлэлцүүлэгт орууллаа. Онолын төвшинд ч, практик дээр ч хэлэлцэж байгаа. Үндэсний ардчилсан үзэл санаа авлаа гээд эрс барууны үзэл баримтлалтай болж байна гэсэн үг биш. МАХН дотор энэ үзэл санааны элемент явсаар ирсэн. Түүнийгээ л гаргаж тавихаар хэлэлцэж байна. МАХН зүүний үзлээс баруун болж байгаа хэрэг биш юм.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж