Хөрөнгийн зах зээлээс олох ашиг нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлээс олох ашиг нэмэгдэнэ

Хөрөнгийн бирж, үнэт цаас, хувьцаа, бонд гэх мэт хөгжсөн оронд хэрэглэгддэг эдийн засгийн ойлголтууд Монголд хэдийнэ танил болжээ. Хуучнаар Элдэв-Очирын театр гэгдэх ягаан байшинд Монголын Хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа эхлүүлээд 20 жилийн нүүрийг үзэв. Энэ жил үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа хийсний 15 жилийн ой мөн болж, есдүгээр сарын 1-ний өглөө Монголын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ анх удаа их наяд төгрөгийг давсан таатай мэдээтэй сонинг уншигчдадаа өргөн барьж байсан билээ. Энгийн үгээр хэлэхэд, энэ нь манай зах зээлийн хөрөнгө оруулалтын багтаамжтай болж томорч байна гэсэн үг.
Ягаан, цэнхэр тасалбарынхаа учрыг олоогүй байтал дараа дараачийн чухал шатууд монголчуудыг угтаж байна. Тун удахгүй Монголын Хөрөнгийн биржийг гадаадын олон улсын туршлагатай баг удирдана, улмаар энэ салбарын хөгжил хурдаа авна. Цөөн тооны барилгын эсвэл жижигхэн уурхайн хувьцаа биш томоохон төслийн хөрөнгө босголт энэ ягаан байшинд болно. Харин иргэн та, бизнесмэн, ажил хэрэгч хүн та үнэт цаасны зах зээлд оролцоход бэлэн үү.
Хэдийгээр Хөрөнгийн биржийн нас ардчилалтай эн тэнцүү боловч манай иргэд энэ талаар хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байдаггүй. Сонирхуулахад, хувьцаанаас иргэд хоёр төрлийн ашиг олох бололцоотой юм. Эхнийх нь хувьцааны үнийн зөрүүнээс ашиг олох ба хоёрдогч зах зээлд оролцоно гэсэн үг. Хоёр дахь ашиг олох арга нь ногдол ашиг авах юм.
Та үнэт цаас худалдан авахын тулд юуны өмнө Төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд данстай байх ёстой. Хэрвээ ямар нэг компанийн хувьцааг эзэмшдэг бол таны данс энэ төв дээр байгаа. Харин анх удаагаа үнэт цаас худалдан авах гэж байгаа бол шинээр данс нээлгээрэй. Данс нээлгэхийн тулд аль нэг Брокер дилерийн компанийг сонгон зуучлуулах бөгөөд таны иргэний үнэмлэх байхад л хангалттай. Дараа нь та дансаа нээлгэсэн брокер дилерийн компанидаа худалдан авахаар сонирхож байгаа хувьцаа, эсвэл бондоо захиалах бөгөөд дансандаа мөнгөө байршуулснаар та хүссэн үнэт цаасаа худалдан авна.
Одоогийн байдлаар Монголд брокер, дилерийн 45 компани үйл ажиллагаа явуулж байна. Та тэдгээрийн тухай www.mse.mn сайтаас үзэх боломжтой. Брокер, дилерийн компаниа сонгосноор мөнгө болон үнэт цаасаа байршуулах данс нээснээр брокер, дилер таны өмнөөс үнэт цаасны зах зээлд оролцоно. Мэдээж та ямар хувьцаа авахыг хүсч, эсвэл ямар зармаар байгаагаа брокер, дилерийн компаниараа дамжуулна.
Хөрөнгийн зах зээл гэдэг цаг хугацаа болон үнийн уралдаан юм. Монголын Хөрөнгийн бирж олон улсын жишгийн дагуу арилжаа явуулдаг ба үнэт цаасны арилжаа автомат системээр ажилладаг. Монголын Хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээлд нэлээд компанийн хувьцаа арилжаалагдаж байна. Өдөрт дунджаар 20 гаруй компанийн хувьцааны арилжаа болдог ба сүүлийн үед Шарын гол, Шивээ овоо болон Багануур гэх мэт нүүрс олборлодог компаниудын хувьцааны ханш өсөх хандлагатай байгаа.
Хөрөнгийн биржийн арилжаа өдөр бүр 11.-12.30 цагийн хооронд 1.5 хан цаг үргэлжлээд дуусч байна. Худалдан авах үнэт цаасны хувьд хамгийн өндөр үнийн санал, худалдах захиалгын хувьд хамгийн бага үнийн санал, үнийн санал тэнцсэн тохиолдолд цаг хугацааны дарааллаар арилжааны программд эхэлж оруулсан үнийн саналын захиалга биелж хэлцэл хийгддэг. Хувьцаа худалдан авах үнийн саналыг аль хямдыг нь сонгохыг үнийн ахлах систем гэнэ. Жишээлбэл, 100 эсвэл 90 төгрөгөөр хувьцаа авах санал гаргасан бол мэдээж аль хямдыг нь автомат систем сонгоно. Хугацааны үнийн систем гэж бас бий. Хувьцаа худалдан авах ижил үнийн санал гарвал хугацааны хувьд эхэлж саналаа өгсөн нь хүссэн хувьцаагаа хүссэн үнээрээ авна гэсэн үг юм.
Одоогийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид анхдагч зах зээлд гаргаж буй хувьцаа байхгүй байгаа юм. Харин ойрын үед “Нако түлш”, “Хай Би Ойл” компаниуд нэмж үнэт цаас гаргах гэж байгаа. Хөрөнгийн бирж эдгээр компанийн материалыг шалгаж байна. Тэгвэл маргааш анхдагч зах зээл дээр Засгийн газрын богино хугацааны үнэт цаасны арилжаа болно. Төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргаж байна. Үнэт цаасны нэрлэсэн үнэ нь 10 сая төгрөг ба нийтдээ 30 тэрбум төгрөг бүхий гурван мянган ширхэг арилжаалах юм. Үнэт цаасыг Монгол Улсын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер диллерийн компаниудаар дамжуулан худалдан авах боломжтой. Хөрөнгийн зах зээлд оролцохыг хүсэгчдэд сонирхуулахад, Засгийн газрын үнэт цаасны хүүгийн орлого нь татвараас чөлөөлөгддөг ажээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж